Монголын төрд үүсээд байгаа шударга бусын хонгилын хана, хэрмийг бат бөх, амь бөхтэй байлгаж байгаа газрын нэг нь Авлигатай тэмцэх газар гэж олоннийг онилсон. Олны хараа хурц л даа. Энэ хонгилыг нураах найдвараар З.Дашдаваа тодроход ганц л алхам үлдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал оруулж буй энэ хүний намтарыг сөхөж харахад насаараа цагдаагийн байгууллагад ажилласан нэгэн юм байна.
Хэнтий аймагт хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, хүчний байгууллагын дүрэм, дэг жаягийн дагуу шат дараалан дэвшиж явсаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд очжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэг улс төрийн хүчин, эрх мэдэлтэн, дарга нарыг дагаж далдганадаг, тэдний татаас, халаасанд орж яваагүй гэдгийг түүний намтрын хуудас гэрчлэх аж. Ийм л хүмүүс төрд хэрэгтэй гэсэн хүлээлт нийгэмд байсан.
Одоо ч байгаа. Нийгмийн энэ хүлээлтийн учгийг Ерөнхийлөгч Х.Баттулга тайлахаар тангараг өргөсөн төрийн хүнийг сонгожээ зүгээр л нэг шидсэн чулуу биш бололтой. Харин З.Дашдаваад монгол төрийн өмнө өндөр хариуцлага, шударга зарчмыг хэрэгжүүлэх хүндтэй боловч хэцүүхэн үүрэг ногдож байна. Төрийн тэргүүний итгэл гэдэг сайхан. Итгэлийг зүтгэлээр хариулж, шударга бусын хонгилыг нураах эрч хүч, туршлага, мэдлэг, сэтгэл эрхэм хурандаад бий гэдэгт огтхон эргэлзэхгүй байна. Ард олон танд “Төрийн тогооноос хумслагсдын үнэн нүүр царайг илчилж, хурандаагийн зангарагтай байна” хэмээн итгэл нэмлээ. Итгэлийн ард сэтгэл бий гэдгийг харуулах цаг хугацаа үлдлээ.