Ж.Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилах асуудалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Тэрээр энэ салбарт шинэ хүн биш. Энэ байгууллагын “гал тогоонд” есөн жил чанагдсан хуучин бууны хугархай. Хэдийд ч хэнд ч Авлигатай тэмцэх газрын нүүр царай, өдөр тутмын ажлыг нь ойлгуулж, удирдан залж чадах чадвар түүнд бий гэж хуучин хамт олон нь түүнийг үнэлдэг юм билээ. Есөн жил гэдэг бага хугацаа биш. Аливаа асуудлын жорыг нь тохируулах туршлага суух хэмжээний хугацаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэгэхээр Ж.Батсайхан хууль хяналтын байгууллага дотроо “эрийн цээнд” хүрсэн нэгэн ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-руу илгээсэн Санал хүргүүлэх тухай бичигт “Төрийн бодлогыг чиглүүлэх зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлсан уулзалтууд хийсэн. Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралынхаа хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллагууд маш муу ажиллаж байгааг шүүмжилсэн. Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг өөрчлөн, үйл ажиллагааг нь эрчимжүүлж үр дүнтэй хуулийн дагуу ажиллуулахыг шаардсан гэжээ.
Ерөнхийлөгч ард түмнийхээ захиалыг биелүүлэх итгэлтэй хүнийг ийнхүү санал болгожээ. Дэд дарга гэдэг тухайн байгууллагын “гал тогоо”-г удирдаж, жорыг нь тааруулдаг чухал алба. Түүний найруулсан жор хэрхэн амттай байхаас тус байгууллагын нүүр царай олонд танигдаж, шударга бусын хонилын хана улам батжих уу, хэврэгшин нурах уу гэдэг асуудал шууд холбогдоно. Энэ л жорыг тааруулж төрийн хүний ноён нуруу /ёс зүйтэй, хүн чанар /-аа харуулахыг ард түмэн чинь хүлээж сууна.