ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Гүйхгүй нохой”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-02

Нийтийн дууны ханхүү гэгдэж, урлагийн тайзнаа “од” болж явсан МУГЖ С.Жавхлан улс төрд дурлаж, саарал ордонд орсноос хойш “ад” болж явна. Аргагүй, тэр сайхан дуулдаг дуучин байснаас биш хууль уншиж явсан хуульч биш. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харж, дүгнэж явсан эдийн засагч ч биш байсан. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болоод юу хийх, юу гэж хэлэхээ мэдэхгүй байх нь түмэн зөв. Ямар сайндаа хууль батлагдсан эсэхийг ч мэдэхгүй байх вэ дээ.  Анх УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшээд явж байхдаа төрд байгаа үл бүтэх этгээдүүдтэй үхэлдэн тэмцэнэ гэсэн утгатай амлалт өгч байлаа. Сонгогдсоныхоо дараа ч ганц дайчин ганцаардахгүй, тэмцэнэ гэж мэдэгдэж байв. Гэвч тэр өчигдөр “Ганцаараа тэмцээд дийлэхгүй юм байна.

Ерөөсөө УИХ-ын Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан ШИНЭ намд элсэнэ” гэж мэдэгдэж, намын гишүүн болчихлоо. Тулгын гурван чулуу шиг ажиллана гэж попрохоо бас мартсангүй ээ. С.Жавхлан дуучин минь ээ, биш ээ, гишүүн ээ, цаад хоёр чинь тулга тулдаг юм байгаа биз. Та гурав дахь “чулуу” нь болж барахгүй л болов уу. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр учраа олчихсон. Ард түмэнд яаж таалагдах аргыг ч бас мэднэ. “Шударга ёсны төлөө тэмцэгчид” гэж зарим нь тэднийг харж байхад нөгөө хэсэг нь “Попын хаад” гэх жишээтэй. Гурав дахь хэсэг нь дипломатч, хуульч гэж хардаг юм билээ. Харин С.Жавхлан дуучнаасаа өөрөөр харагдтал өдий байна.

Улс төрд энэ хоёр хүн бүхий л талаараа, тэмцэгчийн “дүр”-ээрээ, “попын хаан”-аараа гүйж яваа нохой. Харин гавьяат та “гүйхгүй нохой”. Ядаж л тэдний хэмжээнд хүрч “попорч” сурчихаад тулгын чулуу бол. Тэдний намаар шат хийж, гишүүний суудал руу авирна гэж бодож байгаа бол жаахан явцуу л юм. Үнэхээр шударга ёсны төлөө тэмцэх гэж байгаа бол уран бүтээлээрээ тэмц. Та бол жинхэнэ дуучин шүү.