ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тэмцэгч”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-05

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсан даруйдаа дэргэдээ албан ёсны болон албан бус хэд хэдэн зөвлөх ажиллуулахаар томилгоо хийсэн байдаг. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга юм. Тэрбээр, Ерөнхийлөгч Х.Баттулгын Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөхөөр хоёр жил ажиллаж байна. Сэтгүүлч мэргэжилтэй энэ бүсгүй өнгөрөгч парламентад шударга үнэний төлөө дуугарч байсан цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг байсан юм. Хаана хүний эрх зөрчигдөж, иргэд тэмцэж байна тэнд л дуу хоолойгоо гаргаж явсан түүнд олон нийт үргэлж талархалтай ханддаг юм. УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгойн орд газар, Ноён уулыг аврахын төлөө цуцалтгүй тэмцсэн. Гишүүний ажлаа өгсөн ч энэ хоёр асуудлаар тууштай дуугарч, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамт тэмцсэний хүчинд Ноён уулаа аварч чадсан гавьяа бол яах аргагүй Г.Уянгынх.

Харин тэр өдгөө Монгол Улсын иргэн бүрийн төлөө Ерөнхийлөгчтэйгөө нэгдээд тэмцсээр л явна. Тэр ясны тэмцэгч нэгэн аж. Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд хүн нэг бүрийнхээ төлөө сэтгэл тавьдаг, тэдний араас санаа чилээж суудаг удирдагч гэдгээ цаг ямагт харуулж буй. Харин тэр ажлыг нь гардаж гүйцэтгэх үүргийг хүлээж байгаа зөвлөхүүд нь өдрөөс өдөрт ажилдаа гаршиж, ард түмнээс өндөр үнэлгээ авч байна. Өнгөрөгч амралтын өдрөөр Г.Уянга зөвлөх Малайзын нийслэл Куала Лумпур хотыг зорьжээ. Учир нь тус улсад амьдарч, ажиллаж байгаад онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяа агсны шүүх хурал өнөөдөр тус улсад болно. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хэрэгт анхаарал хандуулж, өөрийнхөө хүний эрхийн бодлогын зөвлөхийг томилж явуулсан нь тэр аж. 13 жил хоёр улсын найрсаг харилцаа гэх эрх ашгаас үүдэж, энэ хэргийг Монголын төр засгийн эрх мэдэлтнүүд үл тоож ирсэн.

Талийгаачийн аав С.Шаарийбуу гуай ганцаараа энэ хэргийн төлөө тэмцэж, үнэн мөнийг олохын төлөө явсан. Харин 2015 онд хэрэгтнүүдийг цаазаар авах ялаар шийтгэсэн ч оргон зайлсан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч өнгөрөгч онд тус улсын Ерөнхий сайд Махатир Бин Мохамадад баяр хүргэн захидал бичихдээ өөрийн улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүссэн билээ. Иргэнийхээ төлөө сэтгэл гарган ажиллаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга, Хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга танд баярлалаа.