ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Зөв сонголт”

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-06

Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ЖДҮХС-гаас өөрт хамаарал бүхий “Цэн Стайл” компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдоод буй. Тэрбээр, ЖДҮХС-гийн хөрөнгөөс “хумсалсан” хэргээ шийдвэрлүүлэхээр шүүхэд удаа дараа дуудагдах болсон учраас аргагүй байдалд орж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Өгсөн ч гэж дээ. Чөлөөлөх асуудлыг ярихтай зэрэгцээд нэр цэвэр үлдэхээр санаархсан нь тэр юм.

Ингэснээр УИХ, Төсвийн байнгын хороо хуралдаж Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, түүний орыг залгах хүнийг хэлэлцээд байна. Тодруулбал, МАН-ын энэ удаагийн сонголт нь ТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч асан Д.Занданбат байх нь ээ. Түүнийг  НӨАТ-ын буцаан олголтыг барьцаалан зээл олгох журмыг хууль зөрчиж гаргасан, арилжааны банкуудтай гэрээ хийсэн гэх үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн.

Гэвч начир дээрээ Ч.Хүрэлбаатар гэгчийн санаанд нийцэж ажиллаагүй, түүний хүслээр хөдлөхгүй байсан учраас Сангийн сайд сандарч давхисаар чөлөөлж байсныг олон нийт харсан. Хууль зөрчсөн гэх үндэслэл нь ердөө л шалтаг байсан билээ. Сар шинэ хаяанд ирчихсэн өдрүүдэд авах ёстой мөнгөө банкинд барьцаалж зээл авах эсэх нь Д.Занданбатын шийдвэрээр биш иргэдийн хүслээр л явж байсан асуудал юм билээ.

Үүнийг сүржигнүүлсэн хэрэг л дээ. Тэгвэл татварын мэргэшсэн боловсон хүчин болох Д.Занданбатыг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн эрх, үүргийн дагуу Ерөнхий аудиторт нэр дэвшүүлсэн аж. Нүдээ олсон зөв сонголт болж байна. Улмаар, өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжсэн гэх мэдээлэл цацагдлаа.

Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар орж гэмээнэ дарга нь зугтчихсан Аудитын байгууллага мэргэжлийн хүнээр удирдуулна гэсэн үг. Д.Занданбатыг сүйхээтэй, чадварлаг залуу боловсон хүчний нэг хэмээн олон нийт дүгнэдэг. Аливаа нэг шийдвэрийг гаргахдаа ул суурьтай ханддаг “зарчимтай” хүн гэх үнэлэлт­­ийг ч түүнд өгдөг аж. Тэр  эдийн засагч мэргэжилтэй. 1991 оноос хойш татварын байцаагч, хэлтсийн дарга, ТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч, Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагч өндөр албан тушаалд очлоо гээд буруудах зүйл байхгүй билээ.