-УИХ-ын гишүүдэд хоёр өдрийн өмнө тараасан материалыг Д.Дамба-Очир гишүүн тав хоногийн өмнө “Рио Тинто”-д хүргүүлжээ-
УИХ-ын дарга асан М.Энхболд захирамж гаргаж, 2017 оны гуравдугаар сарын 27-нд нэр бүхий таван гишүүнтэй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж байлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг томилж, дэд ахлагчаар Д.Тэрбишдагвыг, гишүүдээр нь А.Ундраа, Б.Жавхлан, Я.Содбаатар, Н.Амарзаяа, О.Баасанхүү нарыг томилсон. Гэвч сүүлд нь Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар нэмэгдсэн бололтой. Ажлын хэсэг байгуулаад удаагүй байхад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Ажлын хэсгийг ахалж чадахгүй, ажил ихтэй” гэх шалтгаанаар татгалзаж, Д.Тэрбишдагва гишүүн ахлах үүрэг хүлээж байв. Тухайн үед яагаад ийм чухал ажлын хэсгийг ахлахаас татгалзсаныг хэвлэлүүд хөндсөн ч тодорхой баримтгүй учраас тэгсхийгээд намжсан. Гэвч “Даравч далдайж, булавч бултайна” гэгчээр хоёр жилийн дараа Д.Дамба-Очир юуны учир, яагаад татгалзсан нь тодорхой болж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр жил нухсан ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар “Оюутолгойн гэрээг цуцлах ёстой” гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Ажлын хэсгийн дэлгэрэнгүй тайланг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн бөгөөд тус дүгнэлтэд “Татварын маргаантай асуудал нь үнэн учраас татварын үр өгөөжийг нэмэгдүүлэх, Оюутолгойд ажиллаж буй монгол ажилчид гадны ажилчдаас 5-15 дахин бага цалинтай байгаа, Оюутолгойн гэрээ барьцаанд тавигдсан, Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой, Зэсийн баяжмал борлуулах гэрээг манайд үзүүлдэггүй, Эрдэс баялгийн орцоо зөвхөн өөрсдийн лабораториор тодорхойлдог, Уурхайн нийт зардлын зургаан хувийг “Рио Тинто” менежментийн зардал нэрээр шууд авдаг, Дөрвөн удаа татварын шалгалт орж, зөрчилд нь акт тавьсан ч дөрвүүлэнг нь хүлээн зөвшөөрөөгүй, Татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй шүүхэд гомдол гаргасан” хэмээгээд тодорхой засч залруулах асуудлыг тусгаж өгчээ. Улмаар ҮАБЗ-ийнхөн хэлэлцээд “Гэрээг цуцлах шаардлагагүй. Илүү засаж сайжруулах зүйл байвал сайжруулаад явах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан талаар хэвлэлүүд бичсэн байдаг. Үнэхээр ийм дүгнэлт гарч, ҮАБЗ-өөс тийм утгатай хариулт ирүүлсэн эсэхийг ажлын хэсгийн ахлагч болон бусад гишүүдээс тодруулахад ““Нууцын зэрэглэл”-тэй учраас хариулт өгөх боломжгүй” хэмээн бидний амыг таглаж байлаа. Гэтэл УИХ-ын гишүүддээ ч бүрэн очоогүй байсан, хэвлэл мэдээллээс тэгтлээ нууцалж байсан нь өнөөх дүгнэлт нь “Рио Тинто” компанид хэдийн оччихсон, бүр зүйл заалт бүрээр нь няцаалт хийчихээд түүнийгээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн нь нийгмийн анхаарлыг татав.
Буруутан хэн бэ
“Нууцын зэрэглэлтэй” хэмээгээд хоёр хоногийн өмнө байнгын хорооны гишүүдэд тараасан дүгнэлт 2019 оны тавдугаар сарын 3-нд “Рио Тинто” компанид очсон асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнгөрөгч мягмар гарагт хөндөв. Улмаар ажлын хэсэг дотроос буруутныг хайсан ч олдоогүй юм. Харин байнгын хорооны гишүүд нь “танилцаж амжаагүй” гэсэн үндэслэлээр дахин нэг долоо хоног хойшлуулахаар болов. Хамгийн сонирхолтой нь “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, ажлын явцын мэдээллийг сонсох” асуудлыг хэлэлцэх асуудлаас хасах, хойшлуулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад эхлээд санал хураалт тэнцсэн. Дахин санал хураахад нийт найман гишүүн үргэлжлүүлээд хэлэлцэх нь зөв буюу “татгалзсан” санал өгсөн ч гурав дахь удаагаа санал оруулж ирээд хойшлуулж чадлаа. Ингэтлээ чичрэх, асуудлыг хойшлуулах эрх ашиг хэнд байв. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нарт гурван удаа санал хураах ямар эрх ашиг байсан бэ. Оюутолгойн нууцын зэрэглэлтэй дүгнэлтийг “Рио Тинто”-д өгсөн буруутныг олох гэж улстөрчид талцаж хэрэлдлээ. Гэтэл дүгнэлтийг өгсөн хүн нь нөгөөх ажлын хэсгийг ахлахаас татгалзаж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болж таарсан юм.
Харин Д.Дамба-Очир гишүүн үүнийг үгүйсгэж, “Ямар ч санал дүгнэлтийг Оюутолгой компанид өгөөгүй. Би мэдэхгүй” гэж мэлзчихээд утсаа ч авахгүй Төрийн ордноос гарч оджээ. Харин байнгын хорооны ахлах зөвлөх нь өнгөрөгч мягмар гарагт “Байнгын хорооны дарга УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-д явуул гэсэн. Тэр нь гэхдээ нууцын зэрэглэлтэй биш. Өнөөдөр та бүхэнд тарааж байгаа хоёр материал бол нууцын зэрэглэлтэй. Ажлын хэсгийн хураангуйлсан дүгнэлтийг хүргүүл гэж хэлсэн. Тэр хүрээнд явуулсан” хэмээн олон арван хэвлэлийн өмнө хэлчихлээ. Мөн Оюутолгой компанийн зүгээс ч “Бид ямар нэг нууцын зэрэглэлтэй материал аваагүй. Тогтоосон түншлэлээ эрхэмлээд тухай бүр нь ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж, баримт материалаар хангаж байсан” гэж мэдэгджээ. Гэхдээ буруу талаараа түншилжээ гэдэг нь эндээс харагдаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө шалгалт хийсэн газартаа хүргүүлж, нөгөө шалгуулсан газар нь дүгнэлтийг нь авчихаад зүйл заалт бүрээр нь няцаалт хийж, түүнийгээ байнгын хорооны гишүүдэд хүргүүлнэ гэдэг хамгийн ёсзүйгүй асуудал. Шууд утгаараа нөлөөлөх оролдлого хийлээ гэж харж болно. Үүнийг хуулийнхан шалгах ёстой. Хөрөнгө оруулагч талд мэдэгдэх байтугай, олон нийтэд нээлттэй ярих ёсгүй асуудал ч дүгнэлтэд багтсан талаар мэргэжлийн салбарынхан ярьж байх юм. Тэд ийм л хариуцлагагүй зүйл хийжээ. Асуудлыг хэлэлцэж ч эхлээгүй, бүр гишүүд нь ч танилцаж дуусаагүй байхад зүйл заалт нэг бүрээр нь хариу тайлбар ирүүлж, арьсаа хамгаална гэдэг дэлхийн хэмжээний компанийн хувьд шившигтэй зүйл биз дээ.
Д.Дамба-Очир гишүүн Оюутолгойд барьцаалагдсан уу
Ийм утгатай мэдээлэл өчигдрөөс эхлэн хэвлэлээр гарч эхлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Очир” группын үүсгэн байгуулагч гэдгийг хэн бүхэн мэднэ. Түүний эхнэрийн болон өөрийнх нь нэр дээр байдаг “Очир төв зам” нь 2016 онд Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын төслийн ажлын хийж гүйцэтгэхээр авчээ. Гэсэн ч замын ажил нь одоо болтол дуусаагүй бөгөөд энэ асуудлаас болж “Оюутолгой” компанитай шүүхийн маргаантай байгаа гэх. “Очир төв зам” ХХК-ийн захирлаар түүний эхнэр болох Ц ажилладаг гэсэн мэдээлэл гарч эхлэв. Ийм ашиг сонирхлын зөрчил, барьцаалагдах шалтгаан байсан уу гэдгийг тодруулахаар өчигдөр Д.Дамба-Очир гишүүнийг Төрийн ордонд хайгаад олсонгүй. 9911....-тэй дугаарт нь мессеж бичиж, мөн залгасан ч ямар нэг хариу өгсөнгүй. Угтаа энэхүү мэдээлэл худлаа бол ямар нэг байдлаар хариу тайлбар өгөх ёстой ч дуугүй байхаар шийдсэн нь “Оюутолгойд барьцаалагдсан уу” гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна. Хардах эрх хэнд ч бий. Хэрвээ хувь, хувьсгалын ямар нэг эрх ашиг байгаагүй бол энэ хүн яагаад ажлын хэсгийг ахлахаас татгалзаж, цаашлаад улсын нууцтай холбоотой Монгол Улсын төр дотооддоо хэлэлцэх ёстой дүгнэлтийг дур мэдэж гадны компанид хүргүүлэв гэдэг нь сонирхолтой. Төрийн түшээгийн энэхүү ёсзүйгүй үйлдлийг хуулийнхан шалгаж, том эрх ашиг байсан бол хариуцлага тооцох ёстой юм.
Ажлын хэсгийн улстөрчид нүглийн нүдийг гурилаар хуурчээ
Санал дүгнэлтийг “Рио Тинто”-д хүргүүлсэн буруутныг хайх зуур өөр нэг зүйл яригдсан нь ажлын хэсгийн гишүүд ажилдаа чин үнэнчээр хандсан уу гэдэг асуудал юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ажлын хэсгийн дүгнэлт гэж байхгүй. Д.Тэрбишдагва гишүүн л ажлын хэсгийн гишүүдийг гарын үсэг зураад өг гэж өрөө, өрөөгөөр нь явж байсан” гэх утгатай үг хэлчихэв. Харин ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “12 гишүүнтэй ажлын хэсгийг есөн удаа хуралдуулахаар цуглуулсан. 2-3 удаад ирц бүрдээгүй. Хуралдах үед ажлын хэсгийн гишүүд саналаа хэлсэн. Мөн бичгээр саналаа өгснийг нь нэгтгээд арваннэгдүгээр сард бэлэн болгосон. Байнгын хорооны даргад асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэж хэлсэн. Гэсэн ч УИХ нь байтугай ажлын хэсгийн ирц ч бүрдэхээ больсон. Би яах юм. Нэгэнт олон удаа хуралдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг гишүүдэд туслахуудаар нь тараасан. Санал нэг байвал гарын үсэг зур гэж хэлсэн. Би тэр бичгийг өгөөгүй. Өгсөн хүнийг хуулийнхан олох ёстой. Хэлэлцээд дүгнэлт гарсны дараа няцаалт өгөх өөр хэрэг. Гэтэл хэлэлцэхээс өмнө няцаалт өгнө гэдэг нөлөөлөх оролдлого” хэмээлээ. Бүхэл бүтэн улс орны хувь заяанд нөлөөлөх том ордын ажлын хэсэг ингэж л ажиллажээ.
Бүтэн хоёр жилийн хугацаанд зургаахан удаа хуралдаж, ажлын хэсгийн ахлагчийнхаа өгсөн цаасан дээрх дүгнэлтэд шууд итгээд гарын үсэг зуржээ гэж ойлгож байна. Угтаа “Оюутолгой байтугай Оюунаагаа ч мэдэхгүй улстөрчид ажлын хэсэгт багтжээ” хэмээн жилийн өмнө бичиж байсан минь худлаа биш байжээ. Улс орныхоо хувь заяатай холбоотой, тэнд ажиллаж буй монгол хүн бүрийн амьдралд нөлөөлөх том ордын шалгалтад “нүглийн нүдийг гурилаар хуурах” гэсэн явцуу эрх ашгаар хандсан байх юм. Тэд Д.Дамба-Очир гишүүнээсээ ч дутахгүй буруутай. Ордод үүсээд байгаа нөхцөл байдлыг чин үнэнээр тодруулж, ажлаа шуурхай, шударга хийсэн бол ийм зүйл үүсэх байсан уу. Хэн нь бичиг өгсөн, өгөөгүй буруутныг нийт нийгмээрээ хайж шившгээ хутгаж суух байв уу. Монгол төрд “даам гарчихсан” нэг компани улстөрчдийн санал дүгнэлтэд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийж, түүнийгээ зөв мэтээр тайлбарлан мэдэгдэл хийж суухгүй байлаа. Гутамшигтай, худалдагдсан улстөрчидтэй Монгол Улсын яаж ч доромжилж болно гэж сэтгэсэн гэхээс өөр зөөлрүүлж ойлгох арга ухаан олдсонгүй. ““Рио Тинто” Монголын төрийг удирддаг” гэсэн зарим улстөрчдийн дүгнэлт худлаа биш бололтой.