Швейцарь Улсад болсон буудлагын армийн ДАШТ-ий 25 метрийн гар бууны дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа өнгөрсөн мягмар гарагт оролцон дэлхийн аварга болсон билээ. Гэвч түүний амжилтыг харамсалтай нь хүчингүйд тооцон, алтан медалийг нь хураажээ. Учир нь тэрбээр хүзүүндээ лент нааж байгаад ДАШТ-д оролцсон нь тэмцээний дүрмийг зөрчсөн үйлдэл болсон байна. Ингэснээр мөнгөн медаль хүртсэн БНХАУ-ын тамирчин Яо Юши түрүүлж, ХБНГУ, ОХУ-ын мэргэн буучид мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Гэтэл О.Гүндэгмаагийн гэр бүлийн хүн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ талаар “Халз тулаан, бөхийн спортод л шүүлтийн будлиан гардаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна.
Буудлагын спортод ч бас тийм зүйл байдаг юм байна. Өвдсөн хүзүүндээ жижиг лент наагаад ДАШТ-д оролцтол оноог нь тэглэчихлээ. Тэмцээн дууссаны дараа гэнэт ийм шийдвэр гаргах гэж. ДАШТ-ний өмнө яагаад сануулаагүй юм бэ. Тэртээ, тэргүй шалгаж байгаад өрсөлдүүлсэн байж. Монголын буудлага, спортын холбооныхон шинэ дүрмийг тамирчдадаа цаг тухайд нь танилцуулах учиртай биз дээ. Тамирчид энэ мэтчилэн хохирсоор байх уу. Бидний цөөхөн монголчууд хаана ч, аль ч спортод ад үзэгдэх юм даа” хэмээн бухимджээ. Гэвч 25 дахь жилдээ буудлагын спортоор хичээллэж байгаа, олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальтай туршлагатай тамирчин дүрмээ судлаагүй орно гэдэг бол тухайн тамирчны өөрийнх нь буруу. Дөнгөж энэ спортоор хичээллэж буй шинэхэн тамирчин биш тул холбоогоо болон бусдыг буруутгаад өнгөрөх асуудал биш юм. Ер нь ч манай туршлагатай тамирчид өөрсдийн гаргасан алдаагаа бусдыг буруутгаад өнгөрдөг эл муухай зангаа болих хэрэгтэй. Дараа дараагийн тэмцээнд ийм алдаа битгий гаргаасай хэмээн хүсээд, олимп, дэлхийн аваргын тэмцээн л биш байсан нь яамай даа.