ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдоржийн аархал

O.Admin
2019-05-19

Сэтгүүлч: Та түрээсийн байранд амьдарч байгаа юу. Өөрийнхөө байранд амьдарч байгаа юу?

Ц.Нямдорж сайд: Миний хаана амьдрах чамд ямар хамаатай юм.

...Яг үнэндээ иргэн Ц.Нямдоржийн хаана амьд­рах үнэндээ хэнд ч хамаагүй. Харин УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ц.Нямдоржийн хаана амьдрах нь бидэнд хамгийн их хамаатай билээ. Тэр бүү хэл хэнтэй амьдардаг, хэдэн төгрөгийн орлого, зарлагатай, ямар боловсролтой, биеэ хэрхэн авч яваа, юу ярих бүгд хамаатай юм.

Учир нь тэрбээр биднийг төлөөлж төрд алба хашиж буй төрийн өндөр албан тушаалтан, хууль санаачлагч, хэрэгжүүлэгч, батлагч учир тэр юм. УИХ-ын гишүүн болохдоо “Монголын нийт ард түмний эрх ашгийг төлөөлнө” гэж тангараг өргөсөн учраас тэр. Үгүй ядаж л сонгогдсон тойргийнхоо иргэдийн итгэлийг авсан хүн учраас тэр. Тиймээс л танд өндөр цалин, өрөө, орон байр, утасны төлбөр, унаа тэрэг, туслах зөвлөх өгч, тусгай хангамж эдлүүлдэг юм. Их хурлын танхимд хэлсэн үгэнд нь хүртэл хариуцлага хүлээлгэдэггүй дархан эрх өгсөн хэрэг л дээ. Харин тэр эрхийг эдэлсний хариуд үүрэг нь өөрөөр хэлбэл, хариу төлбөр нь бүх зүйлээ нээлттэй байлгах юм. Хэдийгээр хуульчлаагүй ч улстөрч хүний амьдрал тийм л байдаг. Боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө орлого, зарлага, төрсөн нутаг, өссөн орчин, гэр бүлийн байдал, гэргий, үр хүүхэд, унадаг унаа, барьдаг утас юм бүхэн нь алган дээр тавьсан мэт ил байх ёстой. Тэгж байж ард түмэн дахин сонгох, үгүйгээ шийддэг юм. Тэгж байж биднийг төлөөлөх хүн мөн эсэхийг шийддэг, тунгаадаг. Тийм л замыг сонгосон учраас түүнд чинь зориулж эрх ямба эдлүүлдэг хэрэг.

Таныг хүмүүс сонгохдоо биднийг төлөөлчих дөнгүүр нэгэн гэж сонгож байгаа хэрэг. Биднийг төлөөлчих боловсролтой, эрдэм мэдлэгтэй, ёс зүйтэй, ноён нуруутай үлдэх үр хүүхэддээ жишээ татах, жишиг болох хүн гэж сонгож байгаа юм. Түүнээс “миний амьдрал та нарт хамаагүй” гэдэг үгийг сонсохын тулд, яаж хэрхэн бэлжсэн нь тодорхойгүй хөрөнгөөр баярхаж, аархахын тулд биш билээ. 500 сая төгрөгийн амбаартай, 45 сая төгрөгийн гурван өрөө байртай, үнэтэй орон сууцанд ашиглалтын зардлаа төлөөд л амьдардгийг чинь бид асуух эрхтэй, та шударгаар хариулах үүрэгтэй. Ийм л юм. Тийм байж чадаж гэмээнэ эгэл ард иргэд чинь хуулиа дээдэлдэг болох учиртай юм. Та мэтийн том улстөрч, насаараа төрд алба хашсан хуульч хүний хэнтэй хоол идэх, хаашаа зугаалах, ямар нөхцөлд амьдрах, хэнээр гэрээ цэвэрлүүлэх, ойр дотныхон чинь төрийн компанид юу нийлүүлэх, хаана томилогдох, ажиллах  чинь хүртэл бидэнд хамаатай. Та ямар их аархаж байна аа. Бид бас яг ингэж аархмаар байна. Сарынхаа цалингаар энэ машиныг авсан, ээлжийн амралтынхаа мөнгөөр энэ хаусыг авсан гэж аархаж үзмээр байна. Миний хүү Харвардад сурахаар явсан, эдний охин Хавайд амрахаар явсан гэж гайхуулж үзмээр байна. Ганцхан зуун мянган төгрөгийн шагналаасаа хүртэл татвар төлж та бүхнийг тэжээдэг жирийн иргэнийхээ хувьд тарган мах идэж, торгон дээл өмсөж чадахгүй байгаа учраас л таны, та бүхний аархал аазгай хөдөлгөөд байна. 

Сүүлийн үед улстөрчид яг эсрэгээрээ бүхий л зүйлээ нууцлах болжээ. Та нарт тийм эрх байхгүй ээ. Мөн саяхан Д.Дэлгэрсайхан гишүүн “Та зургаа дахь эхнэртэйгээ амьдардаг юм уу” гэсэн асуултад “Гэр бүл ариун нандин зүйл учир нууц” гэсэн утгатай зүйл хэлнэ билээ. Зургаан  эхнэр сольсныг ариун нандин зүйл гэдэггүй юм. Садар самуун зүйл гэдэг юм, гишүүн ээ. Та нар өөрсдөө но-той учраас л нуудаг болохоос ил байлаа гээд Монголын ард түмэн эхнэр хүүхдийг чинь бариад идчихгүй л дээ. Хэрвээ тэгж л их нууцалмаар байвал улс төрөөс холдож,  бизнесээ хийж, үйлдвэрлэлээ эрхэлж, дуртай зүйлээ хийсэн нь дээр. 

Та нар ямар хүүхэнтэй амьдардаг, хэдэн хүүхэдтэй чинь бидэнд хамгийн их хамаатай. Та нар эрх мэдлээрээ далайлган хууль бусаар эд хөрөнгө хурааж, түүнийгээ тэднийхээ нэр дээр шилжүүлдэг, хадгалдаг учраас, энд тэндхийн томоохон албан тушаал дээр үр хүүхэд төрөл садангаа томилдог учраас тэр. Түүнээс Н.Энхбаярын хүү Батшугар, М.Энхболдын хүү Анар нар хамгийн лагдаа, мундаг эдийн засагч болчихсондоо Монголбанкны бүдүүн дарга нар болдоггүй юм л даа. Ц.Нямдоржийн хүү Анхбаяр үеийнхнээсээ тасарчихсан дипломатч болчихсондоо Элчин сайдаар явдаггүй юм л даа.