ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хандсүрэн: Монголын ард түмнээр тоглох эрх байхгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-28

“Эрдэнэс 1072 хувьцааг хамгаалах нэгдсэн холбоо”, “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ, “Ногоон хас” иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн төлөөллийн байгууллага хамтран “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Иргэний хөдөлгөөдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажилласан бол ард түмэнд ногдол ашиг өгөх хэрэгтэй боловч бэлэн мөнгөөр үү эсвэл нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдгээ нийт хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэнээс асуух ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн Л.Наранбаатарыг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нэрээр хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж байна хэмээн үзэж,  зарим үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдэв. Үүсээд буй асуудлыг “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэнгээс тодрууллаа.

-Энэ удаагийн хэвлэлийн бага хурлын талаар мэдээлэл өгөөч?
-Өнөөдөр бид  гадаадын эдийн засгийн алуурчдаас айдаг байсан бол дотоодын алуурчдаасаа айж, чичирч амьдарч байна. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар огцрох цаг боллоо. Монголын ард түмэнд үлдсэн 1072  хувьцааг иргэний нийгмийн байгууллагууд хамгаалж дуугарахгүй бол хайрлаж хамгаалах  төрийн түшээ, хууль шүүхийн байгууллага алга. Бидний мэдээлэл хийх болсон  шалтгаан нь, Л.Наранбаатар гэдэг хүн 300-500 сая төгрөгийн тендер авах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулж байгаа. Түүний хувьд өөрийнхөө “Glogex” компаниар дамжуулан 2018 оны долдугаар сарын 4-ний өдөр 352 сая төгрөгийн тендер авсан байдаг. Энэ нь цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч байна. 1072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Наранбаатар та бүү гараа дүр. Цахим орчинд цацагдаж буй мэдээлэл бүгд үнэн.  Энэ ажил Э нэртэй дарга нарын захиалгаар хийгдэж байгаа асуудал. 

-“Э” гэх хүн яг хэн бэ?
-АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн. С.Эрдэнэ 29нд том жагсаал цуглаан хийнэ гэнэ. Түүнтэй давхцан Л.Наранбаатар жагсаал хийж байна. Жагсаал  цуглаан хийнэ гэж ард түмнийг турхирч байгаа нь ямар учиртай юм. Тэдэнд монголын ард түмнээр тоглох эрх байхгүй.

-Шүүх хяналтын байгууллагад хандсан уу. Ямар шийдвэр гарсан бэ?
-Захиргааны хэргийн шүүгч н.Адъяасүрэн гэж хүн бий. Тендер цуцлагдаад больсон хугацаа нь болоогүй байна гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрсдөө уг 400 сая төгрөгийг төл гэдэг шийдвэрийг  гаргасан байна. МАНАН дэглэмийн шүүгч нар МАНАН-г хамгаалсан гал хамгаалагч нар болжээ. Бидэнд бүх  мэдээлэл баримттай байгаа.   Л.Наранбаатар гэдэг хүнийг бид өмнө нь харж байгаагүй. Гэтэл 2019 оноос 1072 ширхэг хувьцааг ярьж эхэлсэн нь, магадгүй энэ тендертэй холбоотой гэж харж байгаа. Тавдугаар сарын 29-нд жагсаал цуглаан  хийнэ. Шүүхийн шийдвэрийг давж заалдуулахгүй байх, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай тохиролцох байдлаар жагсаж байгаа болов уу гэж харж байгаа. 

-Дээд түвшний удирдлагуудад хандсан уу?
Энэ асуудлыг  анхааралдаа аваач ээ гэж Засгийн газар болон холбогдох байгууллагаас хүсмээр байна. Бид АТГ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Монголын төр  зөв гольдролдоо орж байгаа эсэхийг иргэд харж байгаа.