ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Танилц: “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах эцсийн хувилбар

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-09

Үе, үеийн УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд орж, Улс төрийн намуудын амлалтад багтдаг асуудал бол Үндсэн хуулийн “дордохын” долоон заалтыг өөрчлөх эсэх. Эмхлэн байгуулсан парламент бүр Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хөнддөг ч одоо цаг нь биш хэмээн хойшлуулсаар байлаа.

Тэгвэл 2016 оны сонгуулиар бүрдсэн парламент асуудлыг шуурхайлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ах­луул­сан ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг хоёр жил гаруйн хугацаанд бүх ард түмний дунд зөвшилцөх уулзалт зэргийг зохион байгуулав. Хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, улс төрийн намуудтай хамтран боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дашням, балжиннямтай билэгт сайн өдөр буюу өнгөрөгч пүрэв гарагт УИХ-д өргөн барив. 

Нэр бүхий 60 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар гол өөрчлөлт орсныг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрөгч баасан гарагт Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д хийлээ. Үндсэн хуульд  дөрвөн багц асуудлаар өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар, ямар заалтуудыг хэрхэн өөрчлөх нь мэдээж олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тиймдээ ч ямар гол өөрчлөлт орж буйг тоймлон хүргэе. 

Тав хүртэлх гишүүн Засгийн газрын танхимд ажиллана гэв 

Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой заалтуудыг энэхүү шинэ төслөөр эмхлэхийг чухалчилсан гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан онцлов. Тухайлбал, Үндсэн хуулийн 27.2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “75-аас доошгүй өдөр чуулна” хэмээн өөрчилсөн аж. Мөн хуульд УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн улсын төсвөөс цалин авах бөгөөд Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж оруулжээ. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнээс бусад гэсэн байсныг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол” хэмээн өөрчилсөн бөгөөд энэ нь “давхар дээл”-тэй гишүүдийн тоог цөөлөхтэй уялдан орж ирсэн өөрчлөлт юм.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ” гэсэн заалт дээр нэмж, “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн нэмжээ. УИХ-ын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох тухай заалтыг мөн л дэлгэрүүлэн авч үзсэн. Үндсэн хуулийн 22.2-т “УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн 3/2-оос доошгүй нь үзсэнээр эсвэл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэдэг. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөнө” гэдгийг хассан бөгөөд зөвхөн гишүүдийн 3/2-оос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ нь өөрөө шийдвэрлэсэн бол тарна гэж өөрчилжээ.

Мөнхүү Ерөнхий сайдыг анхны чуулганы хуралдаан эхэлснээс хойш 45 хоног, шинээр томилох нөхцөл байдал үүссэнээс хойш 30 хоногийн дотор томилохгүй бол зөвхөн Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэж өөрчилжээ. Харин өмнөх хуульд буюу 2000 оны өөрчлөлтөөр УИХ өөрөө тарах буюу Ерөнхийлөгч шийдвэр гаргана гэх заалт байсан билээ. Мөн 22 дугаар зүйлд шинэчлэн оруулсан 2 болон 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш УИХ арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор явуулах. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөх хүртэл дараагийн УИХ бүрэн эрхээ хадгална гэсэн 22.4 гэсэн заалт шинээр оруулж ирсэн байх юм.

Ард түмний засаглах эрхийг нэмэх үүднээс “Байгалийн баялгийг тэгш хуваарилах зарчмын үүднээс төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж оруулжээ. Төсөвт хяналт тавих, замбараагүй нэмэгдүүлдэг УИХ-ын эрхийг хязгаарлаж, Засгийн газрын зөвшөөрөлгүй шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлж болохгүй хэмээн тусгасан аж. Мөн нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар УИх-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах ёстой гэж үзвэл цөөнхийн төлөөллийг оролцуулан түр хороо байгуулна.

Энэ хороо нь мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй байна. Түр хороо дүгнэлт гаргаж, энэ асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх эрхтэй байх юм. УИХ-ын болон бусад сонгуулийн хуульд сонгууль явуулахын өмнөх нэг жилийн хугацаанд өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудлыг шинээр оруулж байгаа бөгөөд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намын орлогын эх үүсвэр ил тод, үйл ажиллагаа, санхүүжилт зэргийг нь харгалзан үзэж төрөөс дэмжлэг үзүүлэхийг хуулиар тогтооно гэж тусгажээ. 

Ерөнхий сайд танхимын сайд нараа томилж, чөлөөлж, огцруулна 

Бид Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай олон жил ярьсан билээ. Ерөнхий сайд нь “шүдгүй арслан” шиг болсон, хэн дуртай нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг оруулж ирдэг гэх шүүмжлэл ч Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гарч ирдэг. Тиймээс томилох болон чөлөөлөхтэй холбоотой олон зүйл заалтыг шинэчлэн оруулсан гэдгээ хуулийн төслийг танилцуулагчид хэлж байв. Тухайлбал, Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтыг тун өргөн хүрээнд шинэчилжээ.

Ерөнхий сайдаар олонхи суудал авсан нам, эсвэл хамгийн олон суудал авсан нам эвсэл бусад нам, эвсэлтэй олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулж ирэх гэнэ. Харин Ерөнхий сайд нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахдаа долоо хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрэхгүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн сайд нарыг хүн нэг бүрээр УИХ хэлэлцдэг байсныг болиулжээ. Учир нь, Ерөнхий сайдын эрх мэдлийг шинэ хуулиар нэмэгдүүлсэн бөгөөд УИХ сайд нарыг нэг бүрээр хэлэлцэж, томилох бүрэн эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэсэн үг. Харин УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулж болно.

Гишүүдийн 4/1-ээс доошгүй саналаар Ерөнхий сайдыг огцруулна. Ингэхдээ шинэ Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулж ирнэ гэсэн заалтыг оруулж өгсөнд сайшаалтай хандах хүн олон байв. Засгийн газраа огцруулчихсаны дараа хүн бүхэн Ерөнхий сайд болно хэмээн шантаажилж, ар өврөөр хор хутгаж, оруулж ирэхгүй гацдаг асуудал гардаг. УИХ-ын хуралдааны дийлэнх цаг хугацаа зөвхөн томилгоонд зарцуулагддаг байв. Тиймээс Засгийн газрын тэргүүн огцрох ёстой гэж үзсэн бол шинэ Ерөнхий сайдынхаа нэрийг тодорхой болгоод хамтад нь оруулж ирнэ гэсэн үг. Ингэснээр УИХ асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн хугацаанд шийдвэрлэх гэнэ. УИХ-ын нийт гишүүдийн олонхи нь дэмжсэн тохиолдолд огцруулах болон томилох саналыг хүчинтэй гэж тооцох аж.

Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох бөгөөд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд тохироо хийх байдлаар дараагийн Засгийн газарт орж ажилладаг асуудлыг хуулиар хориглож өгөх нь. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхтэй холбоотой заалтыг харин нэмэлт өөрчлөлтөөр илүү дэлгэрэнгүй болгож, улсын төсөв болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ мөн л гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлсэнд тооцно, батлахгүй бол огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайд томилно гэлээ.

Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг л удаа сонгохоор тусгажээ 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шинэчлэн боловсруулахын тулд маш олон хүний, маш олон улс төрийн намын шүүмжлэл, санал дүгнэлттэй танилцаж, хамгийн их давхацсан саналыг өөрчлөн оруулж ирэх талаар ажилласан гэдгийг хуулийг танилцуулсан гишүүд хэлж байсан юм. Зөвшилцөх санал асуулгыг орон даяар явуулсны үр дүнд иргэдээс ирсэн санал нэг бүрийг уншиж, олон нийтийн хүлээж буй зарим шинэ, шинэ заалтыг ч тусгаж өгөх нь зөв гэж үзсэн аж.

Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн албан хаагчтай холбоотой шинэ заалт оруулж өгчээ. Үндсэн хуулийн 46.4 гэх шинэ заалтад “төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр мөн хуульд зааснаар бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, хасахыг хориглоно” гэж оруулсан. Ингэснээр үндэслэлгүйгээр ажлаас халагдаж байгаа төрийн албан хаагчдаа хамгаалах, мөн төрийн албаны мерит зарчимд суурилсан хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгож өгснөө УИХ-ын гишүүн Я.Содбаатар онцолж байлаа.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал ямар байх нь Үндсэн хуулийг хэлэлцэх тухай яриа гарах бүрт анхаарал татдаг. Тэгвэл шинэчилсэн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгажээ. Харин түүний бүрэн эрхтэй холбоотой заалтыг хөндөөгүй ч Үндсэн хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлэхийг мөн л хязгаарлана гэлээ. Шинэчлэн боловсруулсан Үндсэн нэмэлт өөрчлөлтөд орсон давуу тал нь улирч сонгогддог эрх мэдлийг халж чадсан явдал юм. Тухайлбал, Улсын дээд шүүхийн 21 шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох аж.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг мөн л есөн жилийн хугацаатай нэг л удаа томилох бөгөөд улирч ажиллана гэсэн ойлголт байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо 10 байх бөгөөд дөрвөн жилийн хугацаанд мөн л нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах юм. Шүүгчийн нэр хүндийг өсгөх, шүүгчдийг хариуцлагатай байлгах үүднээс есөн хүний бүрэлдэхүүнтэй Шүүгчийн хариуцлагын зөвлөл ажиллуулах асуудлыг Үндсэн хуульд тусгаж өгөх бөгөөд тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн салбарын эрдэмтэн, гурав нь иргэний төлөөлөл байх юм. Тэд дундаасаа тэргүүнээ сонгоно гэж өөрчилжээ. 

Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно

Ялсан намын тогтолцоо орон нутгийн шат дамжлага бүрт хэрэгжиж, хэний нам ялснаас шалтгаалж, хэн ажилтай байх нь шийдэгддэг орон нутгийн буруу тогтолцоог халах талаар олон заалт шинэчлэн оруулснаа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд танилцуулав. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд томилгоог хэн хийх вэ гэдэгт хуулийн төслийг ажлын хэсгийнхэн чамгүй анхаарчээ.

Ингээд сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор хуулийн төсөлд оруулсан гэв. Иргэдээс томилогдсон Засаг дарга харин баг, хорооны Засаг даргаа томилно. Харин аймаг, нийслэлийн Засаг даргыг НИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилох аж. Энэ бүх шинэчлэл, өөрчлөлтийг өнөөгийн УИХ-аар хэлэлцэн баталж, чадвал хийж чадвал нэмэлт өөрчлөлтийг 2020 оны долдугаар сарын 01-ны 12.00 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөхөөр тусгаснаа ч мөн хэлж байлаа.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад олон удаа өөрчлөгдсөн бөгөөд УИХ-ын даргад өргөн барьсан энэхүү хувилбар “эцэг” хуулийн өөрчлөлтийн эцсийн хувилбар ажээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юутай ч олон жилийн дараа ам дамжсан яриа, улстөрчдийн уриа лоозон төдий байдлаасаа сугарч, УИХ-ын даргын ширээнд очлоо. Харин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдгийг гишүүд шийдэх болоод байна.

Нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийн тулд Дэгийн тухай хуульдаа хүртэл өөрчлөлт оруулж, нэг гишүүн гэхэд л найман минут үг хэлж, хоёр минут тодруулж асуухаар болов, тэд. Үүнийгээ илүү чамбай, алдаа завхрал, хийдэл гаргахгүй хэлэлцэж батлахын тулд хэмээн гишүүд нь тайлбарлаж байгаа. Үнэхээр л хийдлээ арилгаж, өмнөх алдаагаа давтахгүй өөрчилж гэмээнэ тэд түүхэнд үлдэнэ. Харин эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн явцуу эрх ашгаар хандсан бол дахиад л 2000 оны парламент шиг дараагийн 20, 30 жил муу муухайгаар цоллуулах билээ. Ямар хувь тавилан хүлээж байлаа ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гараанаас гарлаа. Харин барианд хэрхэн өөрчлөгдөж, хэзээ орохыг хэлэхэд эрт байна.