“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий. Мөнгө төлөгдсөн баримтыг нь олон нийтэд ил болгоно” хэмээсэн юм. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрээс Стандарт” банкинд 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн талаарх баримтыг үзүүлж, дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрбээр, “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Стандарт” банкнаас өр төлбөртэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хаагдсан гэсэн утгатай баримт, бичгүүдийг ирүүлсэн байна. Тэгэхээр одоо гадаад талд өр, төлбөрийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Харин дотооддоо шийдэх асуудал байгаа. Яаж “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буруутай этгээдээр буцааж төлүүлэх вэ. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан. Одоо Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Нэмэгдвэл 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах юм уу, шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох эсэхийг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа бидний зүгээс УДШ, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох талаар, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийх замаар тэр үед гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно” гэж мэдэгдлээ. Мөн өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд, бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.Тухайлбал, Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессын гэрээг цуцалсан аж. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концессын гэрээг бас цуцлах шийдвэр гаргаснаас гадна концессын гэрээгээр бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор баригдахтай холбоотой багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзжээ. Л.Оюун-Эрдэнэ сайд энэ талаар ярихдаа “Аж ахуй нэгжүүд хохирол ярьж байгаа. Засгийн газар бүр ч их хохирол амсч байна. Өмнөх Засгийн газар энэ гэрээнүүдийг хийсэн байдаг. Урт хугацаа өнгөрсөн боловч гэрээт үүргээ биелүүлээгүй. Мөн барих, шилжүүлэхээр концессын гэрээг авч үлдвэл цаашид бид өрийн дарамтаа дийлэхгүй болно гэж үзсэн учраас гэрээгээ цуцалсан. Стратегийн ач холбогдолтой концессын гэрээнүүдийг үргэжлүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Тухайлбал, Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл. Энэ төслийг барих, ашиглах, шилжүүлэх болгож гэрээний нөхцлийг өөрчилж сунгасан. Мөн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замтай холбоотой төслийг барих ашиглах, шилжүүлэх буюу Засгийн газарт өр төлбөрийн дарамт байхгүйгээр шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн сэлэнгэчүүдин хувьд чухал зам, манай тариаланчдын явдаг Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын концессыг мөн энэ нөхцөлөөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газраас барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үлдсэн гэсэн үг. Харин барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ Засгийн газрын зүгээс барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үлдэж байгаа. Бусад нөхцөлд барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн” хэмээлээ.