Ихэнх нутгаар зүсэрсэн бороо орсны улмаас зарим газар засмал зам эвдэрч, хөдөлгөөн хаасан билээ. Тэгвэл зам эвдэрснээс болж улсад ямар хохирол учирсан, хэзээ засаж дуусах, цаашид замын чанарт хэрхэн анхаарах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Замын компаниуд чанаргүй зам тавьдаг талаар иргэд маш их шүүмжилж байна. Бороо ороход л зам нь урсаад алга болчихдог. Үүний цаана татвар төлөгчдийн мөнгө л үрэн таран болж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Үер бууна гэдэг байгалийн хүчин зүйл. Замын бүх суурь урсаад алга болчихож байхад бид яах юм бэ. Зам муу тавьсан гэж хэлэх үү. Долоон метрийн өргөнтэй зам тэр чигтээ урсаад алга болчихож байна. Энэ байгалийн хүчин зүйл. Хэзээ бороо орж, үер усны гамшиг болохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Жишээлбэл, хоёр жилийн өмнө тавьсан замын доогуур 10 метрийн өндөртэй идэгдчихсэн байна. Байгалийн хөрс тэр чигээрээ үерийн усанд идэгдээд, нурчихсан байна. Замын чанараас болсон гэж ойлгож болохгүй. Усан жаран эхэлж байна, бороо хур элбэгтэй байх нь. Тиймээс бид энэ нөхцөл байдалд бэлтгэх шаардлагатай болчихож. АЗЗА компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа. Машин техник нэмж гаргаж, эвдэрсэн замуудыг яаралтай засаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Баянхангай чиглэлийн хоёр, хойшоо сум руу чиглэсэн таван км замыг засах хөрөнгийг улсын нөөцөөс гаргах асуудлыг хэлэлцэнэ. Дахиад хэлэхэд, замын суурь урссан нь үерээс болсон. Муу зам тавьж байсан өмнөх түүхүүд бий. Гэхдээ бүгдээрээ муу зам барьсан юм шиг ярьж болохгүй. Өөр нэг асуудал нь зам барилаа, дээгүүр нь 100 тоннын даацтай машин яваад байвал эвдрэхгүй яах юм бэ. Тиймээс бид явуулын пүү тавьж, даац хэтрүүлж явж байгаа асуудлыг шалгаж байна.
-Засмал замын зузааны стандарт нь хэдэн см байгаа вэ. Нэг км замыг барих өртөг нэмэгдсэн үү?
-Өмнө нь таван см байсан. Одоо найман см болгож нэмэгдүүлсэн. Дарханы чиглэлийн зам гэхэд 70 см-ын зузаантай болж эхэлж байна. 20 см нь хайрган хучилт, дээр нь 40 см цементээр хучина. Дараа нь найман см асфальт тавина. Тэгэхээр энэ зам даацын хувьд сайн болно. Нэг км замын өртөг янз бүр байдаг. Замын нөхцөл байдлаасаа л шалтгаална. 1.5-2 тэрбум төгрөг. Тухайн замд хэр олон гүүр, хоолой, байгууламж хийж байна. Уул, хад хэр ихтэй газар барих вэ гэдгээс нь шалтгаалж, янз бүрийн үнэтэй байгаа юм. Энэ жилийн барих замууд өөр, олон улсын тендерийн зарчмаар ажлаа хийнэ. Азийн хөгжлийн банк өөрийнхөө зарчмаар тендерээ шалгаруулсан. Тэнд Монголын компаниуд тэсэж үлдэж чадаагүй. Яагаад гэвэл, барьцаа хөрөнгийн шалгуур өндөр байсан. Өмнө нь том том төслүүдэд оролцож, ажилласан байх шаардлага тавьсан. Тиймээс эдийн засгийн чадвартай, техник хэрэгслийн хувьд хүчин чадал сайтай, ажлын туршлагатай компаниуд энэ ажлыг хийж байгаа.
-УИХ-ын гишүүд өөрсдийн харьяалал бүхий компаниар дамжуулж тендер аваад, дараа нь чанаргүй зам тавьсан гэх асуудал үүсдэг талаар хэл ам гардаг. Тендерийн шалгаруулалтыг яаж явуулдаг юм бэ?
-Засгийн газар нэг зүйлд анхаарч байгаа. Яам өөрөө тендер зарлахгүй болгоход анхаарч байгаа гэсэн үг. Тендер зарлахгүй байна гэдэг яам аж ахуйн ажилтай зууралдахгүй, бодлогоо барихад анхаарч байгаа хэрэг. Энэ маш зөв. Цаашдаа Засгийн газар Худалдан авах ажиллагааны газрыг агентлаг болгох талаар ярьж байгаа. Тэгж байж мэргэжлийн байгууллага ажлаа хийдэг, хяналт шалгалтаа тавьдаг болно. Тийм ч болох ёстой. Яам зөвхөн бодлогоо л барих ёстой юм.
-Үерийн улмаас хаана хаана, хэчнээн км зам эвдэрсэн бэ. Эвдэрсэн замыг засахад хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай байна. Хохирлын хэмжээг тооцож гаргасан уу?
-Одоогоор хохирлын хэмжээг тодорхойлж амжаагүй байна. Мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж шалгаж, хохирлын хэмжээг тооцож байгаа. Төв аймгийн Баянхангай, Лүн сумын чиглэлд маш их хэмжээний усархаг бороо орсон. Үүний улмаас зам сэтэрсэн. Сэтрэх нь битгий хэл урсаад алга болчихсон. Түр зам тавьсан. Гэтэл тавьсан түр зам бас урсчихсан. Бороо тасралтгүй орсон. Тиймээс хоёр өдөр зам хаалаа. Эхний мэдээллийг лхагва гарагт /өчигдөр/ Засгийн газарт өгнө гэж тооцож байгаа. Цаашлаад хохирлыг нарийн тооцно. Баянхангай сум чиглэлд нэг км зам урсч алга болсон. Дундговь чиглэлд 10 орчим км замын доогуур үер идэж, орсон. Далан, хоолой ихээр сэтэрсэн. Автозамын зорчих хэсэгт нөлөөлөөгүй. Гэхдээ зам цөмрөх эрсдэлтэй гэж үзээд зогсоосон.
-Үерийн далан, хоолой дутмаг учраас зам эвдрээд, урсаад байгаа юм биш үү. Эсвэл яах аргагүй байгалийн давагдашгүй хүчин зүйл үү?
-Үерийн далан, хоолой байгаа. Зөвхөн Дарханы замд гэхэд мал, амьтан гарах зориулалт бүхий 29 том хоолой бий. Мөн 72 том үерийн суваг, шуудуу бий. Гэтэл үерийн усаар шавар шавхай, хайрга, дайрга урсч ирээд, суваг, шуудууг таглачихдаг. Тийм болохоор яах аргагүй байгалийн давагдашгүй хүчин зүйл. Тиймээс бид байгалийн хүчин зүйлийг ч тооцох шаардлага байна. Энэ зун нэлээд бороотой байх нь. Хаа сайгүй л ийм нөхцөл байдал үүсэх магадлалтай. Тиймээс иргэд цаг агаарын нөхцөл байдлыг харж, мэдээ сонсч, замд гарахгүй баймаар байна. Мөн цаг агаарын нөхцөл хүндэрсэн үед иргэд цагдаа болоод Онцгой байдлын газрын албан хаагчдын үгэнд орох хэрэгтэй. Зам хаачихаад, нөхцөл байдал хүндэрчихсэн байхад зөрсөөр байж яваад үерт урсчихдаг. Монголчууд өөрсдөө жаахан хариуцлагатай болооч ээ. Үхэхээ унтахын чинээ бодож байна гэдэг шиг хандаж, явж болохгүй. Онцгой нөхцөл байдал зарласан үед тэр шийдвэрийг дагах л хэрэгтэй. Яараад байна гэсэн ганцхан үгээр амь насаа эрсдэлд оруулж болохгүй.
-Монголын замын зузааныг гадаадынхтай харьцуулсан зураг цахим хуудсууд оруулсан байна билээ. Лүнгийн зам гэхэд талхан дээр масло түрхчихсэн юм шиг нимгэн харагдсан. Зам бариад дууссаны дараа зузаан нь стандартдаа хүрсэн үү гэдгийг шалгадаг уу. Энэ жил баригдах замуудын зузааныг нарийвчлан шалгана биз дээ?
-Өмнө нь улсын стардант 5-6 см байсан. Шинэчлэгдээд 7-8 болсон талаар түрүүнд хэлсэн. Тиймээс шинэ замуудыг стандартын дагуу л барина. Түүнээс гадна, ачаалал ихтэй замуудад цементэн суурийн хучлага хийж өгөхөөр болсон. Ингэвэл нэлээд зузаан болно. Дарханы замд ямар хучилтууд хийж өгөх талаар би түрүүнд бас хэлсэн дээ. Ингэж хийвэл маш зузаан, даац сайтай зам болно. Гэхдээ 100 см зузаан зам тавилаа ч гэсэн доорх суурийн шороог нь үер идээд, урсгачихвал ямар ч аргагүй шүү дээ.