ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Эрдэнэболд: Хар тамхины хэрэгтний 86 хувь нь 18-35 насныхан байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-20

Хар тамхитай холбоотой гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболдоос тодрууллаа. 

-Сүүлийн үед мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, худалдсан гэх хэргүүд  гарч байна. Ер нь он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?
- 2018 онд энэ төрлийн гэмт хэрэг 199 бүртгэгдэж, 412 холбогдогчийг шалгасан байдаг. Харин 2019 оны хагас жилд 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагджээ. Үүнээс, худалдаалах зорилгогүй хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн 65, худалдан борлуулах зорилгоор олж авсан 24, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн нэг гэмт хэрэг тус, тус шалгагдаж байгаа.
 Хоёр ба түүнээс дээш оролцогчтой бүлэглэсэн 12, худалдан борлуулсан 16, улсын хилээр хууль бусаар борлуулсан 16, тарьж ургуулсан, орон байраар хангасан нэг гэмт хэрэг бүртгэгдээд байна. Энэ төрлийн гэмт хэрэгт 18-35 насны залуус ихээр өртөж байгаа. Нийт гэмт хэрэгтнүүдийн 86 хувь нь залуус байгаа. Тэр дотроо насанд хүрээгүй есөн хүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь санаа зовоох асуудал болж байгаа юм. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай болж, бид судалгаа хийж байна. Эдгээр хүмүүсийн 84.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байдаг. 

-Гадны орнуудаас манайд энэ төрлийн гэмт хэргээр шалгагдаж байгаа хэчнээн хүн байна вэ?
-Одоо шалгаж байгаа хэрэгтнүүдийн долоо нь гадаад иргэн. Нигер улсын дөрөв, Солонгос, Франц, Энэтхэг улсын тус бүр нэг иргэн шалгуулж байна. Сүүлийн үед шуудан илгээмж ашиглан хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаа гэмт хэрэг ихээр гарах боллоо. Хагас жилийн хугацаанд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 16 гэмт хэргийн 11 нь шуудан илгээмж ашиглан үйлдсэн байх жишээтэй. Энэ бол Монгол Улс руу хар тамхи илгээдэг нэг төрлийн шинэ урсгал бий болж байгаагийн илрэл. Испани улсаас гурав, ХБНГУ-аас хоёр, Нидерланд, АНУ-аас хоёр, Тайланд, ИБНВУ-аас тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгдсэн. Бид хяналт шалгалтын үр дүнд 718.9 гр “ice” буюу мөс. 30.5 гр каннабис, гурван кг 21 гр кашиш, 30 гр каннабисын тос, “LST” буюу сэтгэцэд нөлөөлөх бодис 13, экстаси 115 ширхэгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, захиалагч болон илгээгчийг бүрэн гүйцэд илрүүлэн шалгаж байна. Энэ бол зах зээлийн үнэлгээгээр 968 сая төгрөг болж байгаа юм. Хар тамхитай холбоотой хэрэг дан ганц Улаанбаатар хотод гараад байгаа юм биш. Орон нутгуудад ч их гардаг. Тухайлбал, Орхон аймагт гэхэд энэ оны байдлаар долоон гэмт хэрэг бүртгэгдлээ. Сэлэнгэ, Дорнод, Төв, Булган, Өмнөговь аймгуудад мөн л тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгдсэн

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бид зургадугаар сарын 10-наас эхлэн тав хоногийн турш НМХГ, Нийслэлийн прокурорын газартай хамтран энэ төрлийн эм бэлдмэл борлуулж байгаа эмийн сан болон эм худалдан борлуулах эрх бүхий байгууллагуудад гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 62 эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын чиглэлээр орлого, зарлагын бүртгэл байхгүй, эм бэлдмэл дутуу, эмийг хуурамч, хүчингүй, энгийн эмийн жороор худалдаалсан, албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн 76 үйлдлийг илрүүлж, шаардлагатай асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэхээр гэмт хэргийн бүртгэл нээсэн. Харин зөрчилтэй асуудлыг арилгах чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн. Хуурамч жороор сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг худалдан борлуулах нийтлэг зөрчил илэрч байгаа бөгөөд трамадол гэх эмийг 3500 ширхэгийг борлуулсан зөрчил гарсан. Хар тамхины хор хөнөөлийг таниулах гэж байна гээд яриад байх нь эргээд сэдэл болох сөрөг талтай. Шаардлагатай мэдээллийг зорилтот бүлэг буюу энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй, эрсдэл өндөртэй бүлэгт хүргэх ёстой. мансууруулах төрлийн бодис сурталчилсан утгатай кинонуудыг гаргахгүй байгаа. Дэлхийн хэмжээний том киног хаалаа гэх гомдол ч гарсан. Бид улсынхаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй юм. 

-Баар цэнгээний газруудыг шалгадаг байх. Шалгалтын давтамж нь хэр хол байдаг вэ?
-Өнгөрсөн гуравдугаар сард “Хяналт шалгалт-2019” арга хэмжээг зохион байгуулж, баар цэнгээний газруудыг шалгасан. Энэ шалгалтаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 42 холбогдогчтой 25 гэмт хэрэг илэрсэн. Хэрэглэж байсан мансууруулдах төрлийн бодисуудыг хураан авч, хэргүүдийг шалгаж байгаа. Сэжиг бүхий 44 объект, 795 иргэнд үзлэг шалгалт хийсэн. 455 иргэнд мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг шалгадаг тест хэрэглэж үзэхэд далд хэрэглэгч 25, гэмт хэрэгт холбогдсон 42 хэрэглэгчийг илрүүлсэн. Өнгөрсөн баасан гарагт гурван цэнгээний газарт гэнэтийн шалгалт хийж, 40 хүнд тест тавьж үзэхэд зургаа нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан. Тиймээс баар цэнгээний газруудад байнга хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж ажилладаг.