ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Одгэрэл: “Нойлоо нээе” аянд 400 байгууллага нэгдсэн

O.Admin
2019-06-27

“Нойлоо нээе” аяныг санаачлагч, НЭМГ-ын Удирдлага төлөвлөлтийн албаны дарга Б.Одгэрэлээс тус аяны талаар тодрууллаа.

-“Нойлоо нээе” аян хэдий хугацаанд үргэлжлэх вэ? 
-Энэ сарын 3-наас эхлээд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Аян юм чинь тодорхой хугацаатай байх хэрэгтэй гэж бодоод дол­дугаар сарын 3 хүртэл гэж товлосон. Гэхдээ заавал ингээд дуусна гэсэн үг биш л дээ. Тодорхой хугацаанд үргэлжилж болно. Илүү өргөжөөд, чиглэлээ өөрчлөөд үргэлжлэх боломжтой. Гэх­дээ тухайн цаг үеийн байдлаас  шалтгаалан үргэлжлүүлэх эсэхээ шийднэ.

-Аяны гол зорилго юу вэ?
-Сүүлийн үед гудамж, талбайд нус, цэрээ хаяхгүй байя, бие засахаа больё гэсэн залуучуудын уриалга хүчтэй явж байгаа. Энэ уриалгыг хүмүүс дэмжиж байгаа ч хаана бие засах вэ гэдэг нь тодорхойгүй. Нэг ёсондоо ямар нэгэн гарцгүйгээр уриалаад байна гэсэн үг. Энэхүү аян хэрэгжсэнээр залуучуудын уриалга илүү үр дүнтэй болох юм болов уу гэж бодсон. Заавал бүх бие засах газрыг 100 хувь нээлттэй байлгана гэсэн үг биш юм. Эхний ээлжинд зорилтот бүлэг буюу жирэм­сэн эмэгтэйчүүд, ахмад нас­тан, хөгжлийн бэрх­шээл­тэй хүмүүст нээлт­тэй байлгая. Дараа нь бүх хүмүүст нээлттэй болгоё гэсэн үе шаттайгаар зохион байгуулна. 

-Аяны хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Эрүүл мэндийн байгуул­лагууд илүү давамгайлж нэгдэж байгаа. Аянд нэгдсэн гэдгийг тодорхойлох  тат, түлх гэсэн наалтыг бие засах газар болгоны хаалган дээр нааж,  баталгаажуулж байгаа. Байгууллагууд “Бид бие засах газраа нээж болж байна.  Гол нь зөв, боловсон үйлчлүүлэх асуудал хамгийн чухал” гэсэн юм. Тиймээс аянд нэгдсэн байгууллагуудын бие засах газарт зөв, боловсон үйлчлүүлэх тухай санамж, уриалгыг давхар нааж өгч байгаа. Байгууллага болгоноор биш бие засах газар болгонд тат, түлх гэсэн наалтыг нааж байгаа нь “Нойлоо нээе” аянд нэгдсэнээр энэ 00 нээлттэй болсон юм гэдгийг илэрхийлж байгаа юм.    

-Албан байгууллагууд хэр­хэн хүлээж авч байна вэ?
-Нийгэмд тулгамдаад байгаа асуудал мөн гэсэн үүднээс дэмжиж байгаа. Тэр дундаа аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотой хотын төвөөр явж байгаа гадны жуулчид учраа олж, хэл амаа ойлголцож,  бие засах газар орно гэдэг эргэлзээтэй. Үүнтэй холбоотойгоор илүү дэмжиж байгаа. ӨЭМТ-үүд хамгийн их дэмжиж байгаа. Бараг бүх ӨЭМТ-үүд нэгдсэн. ӨЭМТ-өөр ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү үйлчлүүлдэг. Тэгэхээр үйлчлүүлж байгаа эдгээр хүмүүст бие засах газар заавал нээлттэй байх хэрэгтэй. 

-ӨЭМТ-өөс гадна өөр ямар салбарын байгуул­лагууд нэгдэв. Одоогоор нийт хэчнээн байгууллага нэгдсэн байгаа вэ?  
-Томоохон эмнэлэг, банк санхүү, үйлчилгээний бай­гуул­лагууд нэгдээд байна. Одоогийн байдлаар нийт 400 орчим байгууллага нэгд­сэн. Аяны төгсгөлд тэдэн байгууллага нэгдсэн гэхээсээ илүү хэчнээн бие засах газрыг нээж чадсан бэ гэдгийг нэгтгэж гаргана. 

-Аяны хүрээнд албан байгуул­лагуудад уриалга, шаардлага хүргүүлж байгаа юу?
-Энэхүү аяныг ямар нэгэн дүрэм журмаар зохи­цуу­­лахгүй. Сайн дурын үйл ажиллагаа. Аль болох залуу­­чуудын уриал­га, санаа­чил­гаар ААН бай­гуул­­лагууд сайн дураар орол­цоно гэдэг утгаараа ямар нэгэн дүрэм,  журмыг сурталчилахгүй. Зарим бай­гуул­лагууд нэгдэхгүй ч байж болно. Байгууллагууд сайн дураар нэгдмээр байна гэсэн тохиолдолд шууд хүлээж авна. Ихэнх бай­гуул­лагуудад өөрсдөө очиж баталгаажуулах наал­таа нааж байгаа. Зарим нь боломжтой гэвэл өөрсдөө ирээд наалтаа авч яваад, зургаа аваад, баталгаажуулж явуулж байгаа.  

-Улаанбаатар хотыг хам­гийн их шивтэрийн хийтэй хот гэдэг. Энэ хий хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бол? 
-Гудамж талбайд бие засдаг асуудал багасахгүй байгаа шүү дээ. Тийм учраас үүнийг шийдвэрлэхээр зөрчлийн тухай хуульд гудамж, талбайд бие засвал торгоно гэсэн заалт оруулж өгсөн. Гэхдээ тус заалтын хэрэгжилт хангалттай биш байгаа нь өдөр тутамд бидэнд харагдаж байна. Гудамжинд хаясан бохир нь өвлийн улиралд хөлдөөд хальтарч унах аюул бий болдог. Хаврын улиралд өвөл хуримтлагдсан бохир гэсээд хөрсөнд шингэдэг. Эргээд энэ нь агаарт ялгарч хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. 

А.Баяржаргал