ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгаланг намын даргаараа сонгосон МАН-ын Бага хурал хагарлаа намжаав уу, эсвэл улам тос нэмэв үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
17 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатарын хэлсэнчлэн 20 гаруй хоногт намаа тараах шахсан МАН-ын үе хоорондын хагарал зөрчлийг эцэслэх, эс бөгөөс улам ч тос нэмсэн байж мэдэх МАН-ын Бага хурал өнгөрөгч бямба гарагт 11.00 цагаас гаднаа уриа лоозон, дотроо талцал хуваагдалтай буюу дуулиан шуугиантайхан эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэв.

Тодруулбал, өнгөрөгч сонгуулиар ялагдсан эс бөгөөс төрийн албанд шилжсэн болон бусад шалтгаантай 49 Бага хурлын гишүүнийг хасаж, оронд нь УИХ-д шинээр сонгогдсон болон аймаг орон нутаг, дүүрэгт МАН-аас ялалт байгуулан дүүргийн болон аймгийн ИТХ, Засаг даргаар томилогдсон мөн тооны хүнийг сонгох асуудал нэгдүгээрх байв.

Мөн “Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хурлын гишүүдийн 3/2-ын саналаар намын даргыг сонгоно” гэсэн МАН-ын дүрмийн 20.3.7 дахь заалтыг үндэслэн намын даргаа сонгох асуудлаас гадна хуучин даргыг чөлөөлөх тогтоол, намын Их хурлын тов гэсэн асуудлыг бүтэн өдөржин, шөнөжин хэлэлцэж, өчигдөр буюу ням гарагийн 10.00 цагтай уралдан хурлаа дуусгалаа. Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ удирдан явуулсан юм. Ингээд хурлын эргэн тойронд өрнөсөн онцлох үйл явдлыг элдэв дүгнэлтгүйгээр уншигч танд тоймлон хүргэе.

Намынхаа хагарал, зөрчлийг Бага хурлын гишүүд хэрхэн дүгнэв

Хурлын нээлтээс өмнө ирсэн Бага хурлын гишүүд намын байрныхаа гадна үг хэлж, үзэл бодлоо хэвлэлд нээлттэй илэрхийлэв. Бараг 30 гаруй гишүүд үгээ хэлснээс ихэнх нь намынхаа үе хоорондын хагарал зөрчилд санаа зовж буйгаа ярьсан бөгөөд нам шинэлэгдэж, дотоод ардчилалтай болж байгаа ч хагарал зөрчил хэрээс хэтэрч болохгүй хэмээж байлаа.

Тухайлбал, УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа “45 хоног сошиалаар талцаж хэрэлдвэл төрийн ажил хэцүүднэ. Өвөлжилт эхэллээ. Улс төрийн намын зовлонг төрийн зовлон болгож болохгүй. Асуудлаа хурдан шийдэх ёстой. Манайх өрсөлдөөнтэй байдаг. Энэ удаа хагарал, зөрчилтэй байна. Удаан эрх бариад ирэхээрээ ингэдэг юм уу. Хурлаа хийгээд авчихвал дажгүй болчихно оо” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Нам эв нэгдэлтэй байх ёстой. Өнөөдрийн хурлаар энэ асуудлаа цэгцлээсэй. Хагарлыг үргэлжлүүлэхгүй цэг тавиасай” хэмээв.

Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн 20 хоногт намаа тараах шахлаа. Эрх баригч улс төрийн хүчний хувьд улс төрийн тогтворгүй байдал, цаашлаад эдийн засгийн тогтворгүй байдал руу хөтлөх эрсдэл өндөр” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тэгвэл МАН-ын жагсаалтын эхэнд эрэмблэгдсэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Намын талцал хуваагдал хэнийгээ илүү сайн харлуулах вэ гэдэгт чиглэлээ. Эсрэгээрээ шийдэл ярьмаар байна. Монгол Улсын хөгжлийн бодлого хаашаа явах юм, МАН энд ямар үүрэгтэй байх юм гэдгээ ярилцах ёстой. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа тасалдахгүй явж байгаа учраас та бүхэн санаа зовох хэрэггүй. МАН миний төсөөлж байснаас хамаагүй илүү ардчилалтай юм билээ. Залуу гишүүд нь мэдлэгтэй, чадвартай, хэлэх гэснээ хэлчихдэг нь харагдсан” хэмээн эерэг талаас харснаа хэлж байлаа.

Бага хурлын гишүүн О.Одбаяр харин “Хэвлэлээр явж байгаа мэдээллийг хараад дүгнэж, бодож суулаа. МАН дотор юу болоод байна вэ. Юуны төлөө тэд хоорондоо маргалдаж, юу булаацалдаад байгаа юм бэ. Яагаад намын удирдлагын түвшинд ажиллаж байсан бүх хүмүүс янз бүрийн асуудалтай холбогдож, нэгнээ элдвээр хэлж, хулгайч, гэмт хэрэгтэн гэж цоллох болов. Олон өнцгөөс нь бодож үзлээ.

Төрийг удирдаж буй энэ нам хийгээд тэр хүмүүст ёс зүй гэж байна уу. Улс төрийн карьерийн хамгийн дээд түвшний хэмжүүр нь ёс зүй шүү дээ. Гэтэл тэдэнд байхгүй байна уу гэдэг дан ганц надад бус ард түмэнд ч төрж буй бодол” хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлснээр намынхаа Бага хурал руу орцгоов.

Намаа хагалсан буруутнаар Б.Энхбаярыг нэрлэжээ

Намын Бага хурлын гишүүдийг хасах, шинээр батламжлах үйл явц өрнөсний дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж, намын даргын өрсөлдөөн хаалттай хаалганы цаана эхлэв.

Улмаар, хэвлэлээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан л нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байсан бол Ерөнхий сайд Г.Занданшатар намынхаа гишүүдийн өмнө гарч ирэн “Тусгаар тогтнолын ордон буюу намын байрнаасаа намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж байна” хэмээснээр хоёр нэр дэвшигчийн хооронд өрсөлдөөн явах нь тодорхой болсон юм.

Заалнаас нэр дэвшигч гарч ирээгүй учраас Бага хуралд ирцээ бүртгүүлсэн 442 төлөөлөгчөөс 27 хүн хоёр нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авахаар бүртгүүлжээ. Мөн энэ үеэр намын хагарал, зөрчлийн асуудал дахин хөндөгдөж Бага хурлын гишүүд нь Б.Энхбаярыгаа намын нэр хүндийг унагасан хэмээн буруутгажээ.

Хэвлэлээр ил болсон Бага хурлын гишүүдийн үгнээс харвал Увс аймгаас ирсэн Бага хурлын гишүүн С.Анхбаяр “Энэ намд чинь шантааж хийж дээшээ явдаг боллоо. Б.Энхбаяр гэж нөхөр Ц.Нямдоржийг, Ч.Хүрэлбаатарыг гүтгэж албан тушаал дэвшсэн, одоо Д.Амарбаясгалан гэж хүний ээлж бололтой” хэмээсэн бол УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж “30-аад жил халуун тогоонд нь байсан мань мэт үнэхээр эмзэглэж байна. Очиж очиж хүн амины хэрэгт хамаатуулж, хамт байгаа нөхдөө гүтгэж, энэ намыг, намын хамт олныг алуурчин болгох юм хийгээд байхаар байж суух газар олдохгүй байна шүү” хэмээжээ.

Мөн Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд Б.Энхбаярыг намаас хөөх ёстой хэмээн намынхаа Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар руу шаардлага тавьж бухимдсан гэх мэдээлэл ч гарч, Бага хурлаас түр завсарлаад гарч ирсэн гишүүд ч дотор үйл явдал энэ мэтээр халуухан өрнөснийг хэлж байлаа. Харин Б.Энхбаяр “Би хүн гүтгээгүй. Даваа гарагт өөрөө баримтаа бариад АТГ-т хүргэж өгнө” хэмээн завсарлагааны дундуур биеэ өмгөөлөв.

Г.Занданшатар намаа цэвэрлэнэ гэсэн бол Д.Амарбаясгалан хуучин арга барилаас салгана гэлээ

Намын Бага хурал гурван цаг гаруй үргэлжилж, дундаа 30 минутын завсарлагаатай бүтэн өдөржин үргэлжилсэн. Энэ зуур МАН-ын даргад нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээн өрнүүлж, гишүүдийнхээ асуултад нэгбүрчлэн хариулжээ. Тэгвэл хоёр нэр дэвшигч ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Нэр дэвшигч Д.Амарбаясгалан:

Би улс төрийн карьераа бодоод хулчийж суудаг хүн биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, намаа бодлогын судалгаатай, нээлттэй, дэвшилтэт, цахим болгож, гурав дараалсан ялалт авчирсан.

Намын гишүүдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө хэнийг ч ялгалгүй бүх хүчээ дайчилж ажилласан. Би дарга болох гэж зүтгээд байдаггүй. Өнгөрсөн хугацаанд надад нэр дэвших боломж зөндөө байсан ч намаа илүү институцийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллаж ирсэн. Баруун бүсдээ ч өөрийгөө сурталчлахаас илүү намын бодлогоо ярьж УИХ-д сонгогдсон. Би асуудалтай хүн байсан бол тэр олон хэвлэлийг дуудаад 79 асуултанд хариулаад суухгүй байсан байх. МАН-ын даргаар сонгогдвол тинк танкийг хөгжүүлж дараагийн сонгуульд ялалтад хүргэнэ. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал дараа дараагийн сонгуулийг бид хэцүүхэн давна. Надад туршлага, стратеги байна. Намаа хуучин арга, хандлагаас салгаж, шинэ түвшинд гаргана. Танил найз нөхдөө албан тушаалд томилдог байдлыг халахаас ажлаа эхэлнэ.

Нэр дэвшигч Г.Занданшатар: 

МАН-ын дарга ёс зүйтэй байх ёстой. Би баялгийн ямар ч хулгайтай холбогдоогүй. Миний орлого, зарлага тодорхой. Би ном уншиж явснаас өөр юмтай холбогдож явсангүй.

Би ахмадууд, залуучууд аль алинтай нь уулзсан. Тэд Засгийн газар тогтвортой байхыг хүсэж байна. МАН-ын даргын ёс зүйн босго намсах ёсгүй. МАН-ын дарга болвол намаа эрс шинэчилнэ. Цэвэр болгоно.

...Ийнхүү хоёр нэр дэвшигчээс бараг гурван цаг гаруй Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хоёр нэр дэвшигчээс цалин нэмэх эсэх, тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу, хамтарсан Засгийн газарт дахин АН-ыг урих уу гэх мэт ижил төстэй бодлогын олон асуулт асуусан бөгөөд хоёр нэр дэвшигч хоёулаа “АН-ыг дахин Засгийн газарт урихгүй” гэсэн ижил хариулт өгчээ.

МАН-д жигүүр байгуулагдав

Үдшийн 20.30 цагтай зэрэгцэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Э.Эрдэнэжамъян, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Баярмагнай нарын гишүүд нам дотроо албан ёсоор жигүүр байгуулснаа зарлав. Бага хурлын гишүүн Б.Баярмагнай хэлэхдээ “МАН-ын дүрэмд Бага хурлын гишүүдийн 4/1 нь дэмжсэн тохиолдолд жигүүр байгуулж болно гэж заасан. Нийт гишүүдийн 126 нь дэмжсэн учраас бид албан ёсоор жигүүр байгууллаа.

“Хамтын хүч” жигүүр маань өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдал, цаашид Их хурал хүртэл намын үйл ажиллагааг гишүүд, дэмжигчдэд нээлттэй мэдээлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх, үүсээд байгаа нөхцөл байдлыг эв зүйгээр шийдэх чиглэл рүү гол анхаарлаа хандуулж ажиллах болно. Нам дотоод ардчиллаа бэхжүүлэх нэг гол түлхүүр нь Бага хурлын гишүүдийнхээ идэвхийг сайжруулах явдал байдаг. Тиймээс жигүүр нь бүтцийн байгууллага болж үйл ажиллагаагаа явуулна” хэмээлээ.

Намын үйл ажиллагаа унтаа байдалд орсныг гишүүд нь шүүмжилжээ

Нэр дэвшигчид эцэслэн тодорч, Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Бага хурал түр завсарлаад эргээд 23.00 цаг өнгөрч дахин хуралдаж эхэлсэн бөгөөд үдшийн 04.00 цаг хүртэл Бага хурлын гишүүд саналаа хэлж, нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Мандхай “Д.Амарбаясгалан даргыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад намын дэргэдэх байгууллагаа оруулан долоо хоног бүр шуурхай хурал хийж намын ажил идэвхтэй явж байсан. Гэтэл одоо 2025 он гарснаас хойш нэг ч шуурхай хурал хийгдсэнгүй. Намын ажил унасан” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “МАН-ыг 2025 оны ялалтад хүргэсэн Л.Оюун-Эрдэнэ даргад баярлалаа гэж хэлэх ёстой. Хөдөөгөөр явахад иргэд, намын гишүүд бухимдалтай байна. АН-ын рейтинг өссөн. Биднийх унасан. Г.Занданшатар дарга та намын рейтинг өссөн гэж биднийг хуураад яахав ээ” хэмээжээ.

Мөн энэ үеэр хоёр нэр дэвшигчийн дунд ч улс төрийн маргаан мэтгэлцээн өрнөсөн бөгөөд нэр дэвшигч Д.Амарбаясгалан “МАН-ыг ингэтлээ дордоосой гэж би зүтгээгүй. 21 дүгээр зууны энэ улс орны хөгжлийг түүчээлдэг нам байлгахын төлөө өнөөдрийг хүртэл зүтгэсэн. Өөрсдөө зохион байгуулж нүүрсчин болгочихоод “Нүүрсчин учраас Ардын намын дарга болгохгүй” гэж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би намаа сонгуульд ялуулахын төлөө хэзээ ч хоёр нүүр гаргаж байгаагүй. Бага хурлын гишүүд суух газаргүй болтлоо дарамтад орж байгаа. Намайг нэр дэвших эсэхээ ч шийдэж амжаагүй байхад Ц.Чулуунзагдыг надад хамаатуулан барьж хорьсон нь намын даргад нэр дэвшихээ зарлах үндэслэл болсон. Надтай холбогдох сэтэрхий тэвнэ ч байхгүй. Гэтэл болзошгүй, магадгүй, би хардаж байна гэдэг үгээр халхавчилж, ард түмэнд ор үндэслэлгүй гүтгэлэг тараасан. Миний оролцсон, надтай холбоотой нэг ширхэг асуудал байдаг юм бол би өөрөө Монголын улс төрөөс явна. Наадхыг чинь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр хийсэн шүү гэдэг ойлголт өгөх гэж бүтэн гурван сар ажилласан. Би нөхдөө мэднэ” гэжээ.

Харин нэр дэвшигч Г.Занданшатар хариуд нь “Нүүрсний хулгай, ногоон автобус зэрэг хэргүүдээр нүүрээ будаад 27, 28 оны сонгуульд орж болохгүй. Ард түмэн талцал хуваагдал, нэг асуудлыг нөгөө асуудлаар дарж хоосон дайсан, хиймэл бэрхшээл үүсгэдэг төр удирдах арга барилаас залхаж цөхөрсөн. МАН-ын даргын ёс зүйн өндөрлөг намсаасай, Тусгаар тогтнолын ордны цагаан өнгө нүүрсний утаанд харлаасай гэж өрсөлдөгч хүчин тэсэн ядан хүлээж байна” гэх утгатай зүйлсийг ярьж маргаан мэтгэлцээн өрнөжээ.

Д.Амарбаясгалан 85.7 хувийн санал авч намын дарга болов, гэвч...

Шөнөжин хуралдсан МАН-ын Бага хурал эцэст нь нэг юм санал хураалтаа явуулж, 421 Бага хурлын төлөөлөгч нууцаар саналаа өгцгөөв. Аймаг, аймгаараа зэрэгцэн зогсоод саналаа өгсөн Бага хурлын гишүүдийн саналыг тоолж дуусахад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 56 хувь, нэр дэвшигч Г.Занданшатар 44 хувийн санал авснаар хэн, хэн нь 3/2-ын босго давж чадаагүй юм. Тиймээс хуралдааны өмнө баталсан журмаар дахин санал хураалтыг олонхийн санал авсан Д.Амарбаясгалан дээр явуулахаар болсон ч нэр дэвшигч

Г.Занданшатарын зүгээс саналыг гараар тоолох хүсэлт гаргажээ. Ингээд дахин хяналтын гар тооллого хийхэд санал мөргөсөн учраас ялалт байгуулсан нэр дэвшигч дээр дахин санал хураах үйл явцыг өглөө 11.00 цагаас дахин үргэлжлүүлье гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нараас гаргасан байна.

Гэсэн ч Бага хурлын гишүүд хүлээж авахаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл, чухал ажилтай эрт буцах учраас цаг хугацаа алдахгүй дахин санал хураа хэмээснээр санал хураалт явагдсан аж. Гэтэл энэ зуур зарим аймгийн Бага хурлын гишүүдийг тойргийнх нь гишүүд өрөөнд түгжиж санал өгүүлэхгүй байлгах ажиллагаа зохион байгуулсан, 100 гаруй гишүүд хуралдааныг орхиж гарсан, Соёлын сайд Ч.Ундрам Сэлэнгэ, Төв аймгийн Бага хурлын гишүүдээ аваад гарч одсон гэх мэт асуудал үүсжээ.

Гэсэн ч Бага хурлын 321 гишүүн эргэж орон анх баталсан журмын дагуу саналаа өгснөөр нэр дэвшигч Д.Амарбаясгалан 3/2-ын босгыг давж, 85.7 хувийн саналаар намын дарга болов. Гэсэн ч өнөөх хуульзүйн маргаантай гэх асуудал дахин үүсэх нь тэр. УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж “Өмнөх намын дарга Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгч, чөлөөлөгдөх тогтоол гараагүй учраас хуулийн зөрчилтэй боллоо” хэмээсэн бол Б.Энхбаяр гишүүн “МАН-ын Бага хуралд 442 гишүүн оролцож, 275 нь Д.Амарбаясгаланд санал өгчээ. Нэгэнт эхэлсэн Бага хурлын ирцийг 321 болгож, дундуур нь дахин Бага хурлыг “эхлүүлж” ирц тооцдог ямар ч дүрэм байхгүй” гэв.

Харин МАН-ын Хуулийн хэлтсийн дарга Г.Төгөлдөр “Намын даргын өргөдөл албан ёсоор ирээгүй учраас чөлөөлөгдсөн гэж хэлж болохгүй. Аль нэг нэр дэвшигч олон санал авсан бол давуу эрх олгож өрсөлдөгчгүйгээр дахин санал хураана гэдэг журмыг баталсан. Ингэж хүчээр түрэмгийлэн шийднэ гэдэг бол байж болохгүй асуудал” хэмээлээ.

Тэгвэл хуралдаан хууль бус байсан уу гэх асуудалд МАН-ын Бага хурлыг даргалагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариулт өгөхдөө “Санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчдийн хэн нь ч 3/2-ын санал аахгүй бол дахин санал хураалт явуулах журмыг баталсан.

Бид Улс төрийн намын тухай хуулийг үндэслээд МАН-ын дүрмийг баталсан. Хурлын дэг бусад хэлэлцэх асуудал дүрмийн дагуу болсон. Хуралдааны бүх үйл явц дүрэм журмын дагуу, хэлэлцэх асуудал тус бүрийг Бага хурлын гишүүдээрээ шийдвэрлэсэн учраас Дээд шүүхэд маргаан гарахгүй” хэмээлээ.

Ингэснээр МАН-ын даргаар сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуучин намын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа шилжүүлэн өгч амжилт хүслээ. Гэвч асуудал ингээд дууссан гэсэн үг биш. Л.Оюун-Эрдэний өргөдлийг эхлээд хэлэлцэх байсан уу, эхлээд баталсан журам нь хүчинтэй юу, дундуур яагаад ирц бүртгэв гэх мэт олон асуудлаас үүдэн намын даргыг Дээд шүүх бүртгэх эсэх, хэрвээ бүртгэхгүй бол Их хурлаар дахин асуудал орох уу гэх мэт улс төрийн үйл явц одоо л өрнөж эхэлж байна. Цаашлаад ялсан намын дарга Ерөнхий сайд байх дүрмээ баримтлах уу, эсвэл Их хурлын даргаа хийж, Засгийн газраа тогтвортой байлгах уу, энэ бүхэнд Ерөнхийлөгчийн үзүүлэх хариу үйлдэл юу байх вэ гээд олон халуухан үйл явдал ирэх өдрүүдэд биднийг хүлээж байна. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин