ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Алдаржавхлан: Бүх нэр дэвшигчийн хүсэлтийг хангаж хууль ёсны дагуу ажилласан

O.Admin
13 цагийн өмнө

Өнгөрөгч амралтын өдөр болсон МАН-ын Бага хуралд тооллогын комиссын даргаар суусан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тодруулбал, МАН-ын даргын сунгаа хууль бус болсон уу, хоёр дахь шатны санал хураалт хүчингүй юу гэсэн асуултад "Тооллогын комисс хамгийн зөв, шударга төвийн байр сууринаас хандах ёстой. 360 орчим гишүүнтэй хуралдаж эхлээд тооллогын комисс дундаасаа байгуулсан. 15 хүнтэй байгуулаад, тэдгээр хүмүүс нь дотроо хуралдаад комиссын даргаа томилоод, тооллого яаж явуулах журмаа баталсан.

Намын үе үеийн хуралдаан тэр зарчмаар л явж ирсэн. Хэдэн үе шаттай байх, хэрхэн явуулах нь комиссын эрх. Бид журмаа оруулж Бага хуралд танилцуулахад зөвшөөрсөн. Эхлээд бид 49 гишүүний орон гарсан асуудлаар санал хураалт явуулахад 290 гаруй Бага хурлын гишүүн санал өгч, ямар нэг маргаан гараагүй. 

Хоёрдугаарт, намын даргын сонгуулийн анхны санал хураалт болсон. Эхлээд тооллогын комисс хэн нэгэн нь 3/2-т хүрэхгүй бол хамгийн олон санал авсан дээр дахин санал хураагаад хүрэхгүй бол асуудлыг Их хурал руу шилжүүлэх санал гараад дэмжигдсэн. Бага хурлын гишүүд бүгд зөвшөөрсөн шүү. Намын дарга дээр 442 гишүүн санал өгч, 56 хувь нь Д.Амарбаясгалан нэр дэвшигчийг дэмжиж, 44 хувь нь Г.Занданшатар нэр дэвшигчийг дэмжсэн. Г.Занданшатар дарга гараар тоолох хүсэлт гаргасан учраас мөн л ёсоор болгосон.

Гар, машин хоёр яг таарсан. Гэтэл бид хүлээн зөвшөөрөхгүй гээд гараад явчихсан. Би үнэхээр гайхсан гэдгээ нуух юун. Бид бүх хүсэлтийг нь зөвшөөрсөн шүү дээ. Ялагдаад ирэхээрээ ингэж болохгүй. Хоёрдугаар шатны санал хураалтад 321 хүн ирцэнд орж, 275 хүн МАН-ын даргад Д.Амарбаясгаланг дэмжсэн. 40 гаруй хүн эсрэг санал өгсөн гэхээр хуулийн хүрээнд явсан байгаа биз. Бүх нэр дэвшигчийн хүсэлтийг хангаж байхад хууль бус хурал хийгээд, хууль бусаар тоолчихсон мэт ойлгуулж болохгүй.

Зарим нэг хүнд таалагдахгүй байлаа гээд хийсэн ажлыг маань үгүйсгэж болохгүй ээ. Хувийн үзэл бодлоо намын нэрээр тайлбарлаж болохгүй. Бид журмаа танилцуулсан, гар өргөөд бүгд баталсан. Намын дүрэмд 3/2-т хүрсэн хүн л намын дарга болно шүү гэснээс биш хэдэн үе шатаар санал хураалт явахыг зааж өгөөгүй. Тав, хоёр байх эсэх нь тооллогын комиссын шийдэх асуудал. Үеийн үед ийм байж ирсэн. Г.Занданшатар дарга ухаантай хүн гомдоогүй байх. Харин тойрон хүрээлэгч нар нь янз бүрийн юм яриад байгаа байх" хэмээлээ.