ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баярбаатар: Ирцийг дахин бүрдүүлсэн гэх ямар ч асуудал байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
13 цагийн өмнө

МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр болсон МАН-ын Бага хурал хүчин төгөлдөр эсэх болон намын гишүүнчлэлээс Б.Энхбаярыг хөөх эсэх асуудлаар тайлбар өглөө.

Б.Баярбаатар хэлэхдээ “Улс төрийн нам анх удаа хурал зохион байгуулаад тэр нь болохгүй болчихсон юм шиг ойлгож болохгүй. Ардчилсан хувьсгалын 30 гаруй жилийн хугацаанд олон хурал зохион байгууллаа. Түүний тодорхой түвшинд нь би хурал зохион байгуулагчаар оролцож л явлаа.

Өнгөрсөн амралтын өдрийн Бага хурал Улс төрийн намын тухай хууль болон намын ямар ч дүрэм зөрчөөгүй. Хүний асуудлыг шат, шатны хурлаар хэлэлцэхдээ нууцаар санал хураадаг журамтай. Улс төрийн нам бол үзэл санааны нэгдэл. Ил санал хураалт нь намын дотоод эв нэгдлийг алдагдуулах нөхцөл үүсдэг учраас тэр намайг дэмжсэн, дэмжээгүй гэх хувь хүний үзэл хандлагаас сэргийлж байгаа хэлбэр. Ганц хүн нэр дэвшсэн ч энийг мөрддөг.

Хоёрдахь шатны санал хураалт дээр 321 хүнээс Д.Амарбаясгалан дарга 275 хүний санал авсан. 41 санал хүчингүй гэдэг нь дургүй байгаагаа илэрхийлсэн байна шүү дээ. Нууц санал хураалт байгаа нь ардчиллын суурь зарчим юм шүү дээ. Эхнийх дээр 442 хүн санал хураалтад оролцож, 56 хувийг нэр дэвшигч Д.Амарбаясгалан авч, 44-ийг нэр дэвшигч Г.Занданшатар авсан.

Тэгээд хоёр дахь шатны санал хураалт буюу хамгийн олон санал авсан нэр дэвшигч дээр дахин санал хураахад эхний санал хураалтад оролцсон 321 хүн дахиад л саналаа өгсөн. Ирцийг дахин бүрдүүлсэн гэх ямар ч асуудал байхгүй. 321 гэдэг чинь 3/2 гэдгийг давчихсан байгаа биз. Тооллогын комисс өмнө нь олон удаа байгуулагдаж байсан. Тэр зарчмаараа л явсан шүү дээ. 49 гишүүнийг орон гарах асуудлыг нууцаар санал хураахад болж байна аа гээд бүгд зөвшөөрсөн.

Нэр дэвшигчид бүгд журмаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл намын даргынх дээр журам болохгүй байлаа гэж болохгүй ээ.Хяналтын тооллого хийсэн. Хоёр нэр дэвшигч хоёулаа хүмүүсээ оруулсан. 321 хүн ирцээ давчихсан ч гэсэн бид 442 хүнээ бүгдийг нь хоёрдахь шатны санал хураалтад оруулчих санаатай хүлээсэн ч ирээгүй.

Намын 702 тоот өрөөнд гэхэд Дарханы Бага хурлын гишүүдийг түгжсэн нь үнэн шүү дээ. Бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар эелдгээр очиж хэлж онгойлгуулсан. Ингэж болохгүй. Тэр хүмүүс орж ирээд хэнд саналаа өгөх, өгөхгүй байх эрх нь ч бий шүү дээ.

Бага хурлын гишүүдээс УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хөөх ёстой гэсэн санал ирсээр байгаа. Маш хатуу шаардлагуудыг тавилаа. Огт болоогүй зүйлийг болсон мэтээр асар хүнд байдлаар гүтгэж байна. Манай туршлагатай улстөрч Ц.Нямдорж гуай хүртэл Өвөрмонгол иргэний амиа алдсан асуудалд Д.Амарбаясгалан гэж хүн хамаагүй гэдгийг маш тодорхой Бага хурлын гишүүдэд хэлээд өгсөн.

Тэрний дараа Ц.Нямдорж гишүүн ч надад “Энэ Б.Энхбаяр гэж нөхрийг намаас яагаад хөөдөггүй юм. Энэ хүн журмын нөхдөө хүн амины хэрэгт гүтгэж хэрээс хэтэрлээ” гэж хэлсэн. Намын Бага хурлын гишүүдийн 200 гаруй гарын үсэгтэй бичиг ирж байгаа юм шиг байна лээ. Хяналтын хороо хэрвээ тэр бичиг ирвэл 21 хүнтэй хамт хуралдаад шийдвэр гаргана. Би ганцаараа хөөчихнө гэж байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.