ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Төгөлдөр: Үнэхээр хуулийн хүрээнд даргаа сонгосон бол Дээд шүүхдээ бүртгүүл

O.Admin
10 цагийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд өнгөрөгч амралтын өдөр хуралдсан МАН-ын Бага хурал дүрмээ зөрчсөн талаар нэр бүхий гишүүд мэдэгдэж буй.

Тухайлбал, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэний огцрох өргөдлийг хэлэлцээгүй атлаа шинээр намын дарга сонгосон нь дүрэм зөрчсөн, нэр дэвшигч Д.Амарбаясгалан дээр дахин санал хураалт явуулахдаа ирцийг шинээр бүрдүүлсэн гэх асуудал үүсээд байгаа.

Тэгвэл энэ асуудалд талууд өөр өөр байр суурийг илэрхийлж буй бөгөөд МАН-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр ярихдаа “Би зөвхөн хуульч хүний хувьд тайлбар өгье гэж бодлоо. Улс төрийн намын тухай хууль саяхан шинэчлэн батлагдсан.

Улмаар улс төрийн намын үйл ажиллагаа нээлттэй байх шинэчлэлт хийгдсэн гэсэн үг. Энэ хүрээнд би энэ намд орж ирээд намын үйл ажиллагаа нээлттэй болж уу, үнэхээр шударга байж чадах уу гэдэгт хариулт авахаар ажиллаж эхэлсэн. Анх удаа ч Бага хуралд сууж үзлээ.

Харамсалтай нь Бага хурал нь эхэлсэн цагаасаа дүрэм болон хуулийн зөрчилтэй явагдлаа. МАН-ын дүрэмд намын дарга орон гарвал намын дарга сонгож болно гэж заасан. Гэтэл орон гарвал гэдэг агуулгаа ч шийдээгүй байж дэг баталснаар асуудал гарч эхэлсэн.

Л.Оюун-Эрдэнэ дарга намын даргын ажлаа өгөхийг илэрхийлж байна гэдэг нь тодорхой бус. Хүсэлт гаргасан уу, өргөдлөө өгсөн үү гэдэг нь тодорхой бус байлаа. Надад хянагдахаар лав өргөдөл ирээгүй. Нэг тогтоолоор хоёр асуудлаа оруулж ирснээр хэрвээ хэн нэг хүн даргаар сонгогдохгүй бол намын дарга хуучнаараа явна гэсэн үг. Үүнийг би дараагийн Их хурал хүртэл аваад явах зарчим гэж ойлгосон.

Тооллогын комисстоо тооллогын журмыг батлах эрх олгосон ямар ч зохицуулалт байхгүй. Ганц л зохицуулалт байгаа нь аль нэг нэр дэвшигч Бага хуралд оролцсон нийт гишүүдийн 2/3-н саналыг авч сонгогдох талаар заачихсан. Ингээд хэн нь ч 2/3 санал авч чадаагүй байхад хамгийн их санал авсан хүн дээр дахин санал хураая гээд оруулаад ирсэн. Нэг хүнийг хасаад нөгөөх дээр нь санал хурааж дэмжье гэдэг зүйл сонгуулиар орж ирвэл хүний эрхийг зөрчсөн болно биз дээ.

Хуульч хүний хувьд МАН ийм байдлаар асуудлаа зохицуулах боломжгүй. Улс төр нь тусдаа байдаг байх. Ийм байж болохгүй юм. Би өнөөдөр зөвхөн хуулийн дагуу асуудлаа ярьж байгаа. Хэн нэгнийг доромжлоогүй. Худал мэдээлэл өгөөгүй. Үнэхээр хуулийн хүрээнд даргаа сонгосон бол Дээд шүүхдээ яаралтай бүртгүүл” хэмээн байр сууриа илэрхийлэв.