ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Насанд хүрээгүй хүүхдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

O.Admin
11 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2025 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,603 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 926 хэрэг шинээр нээж, 262 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 98, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, Өмчлөх эрхийн эсрэг 55, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, Эдийн засгийн гэмт хэрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 3, Авлига, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 хэрэг байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- “Э” ТӨҮГ-т нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ж.Г нь эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авах ажиллагааны тендерт нэр бүхий компанийг ирүүлсэн баримт бичгийн бүрдүүлэлт дутуу байхад гэрээ байгуулсан, тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компаниас бэлэн болон бэлэн бусаар 301.4 сая төгрөгийн хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

- Д.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангаагүй байхад дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр аймгийн төвийн 200 м.кв газрыг нэр бүхий компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж/  -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Э.З нь эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх явцдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд төсөл хэрэгжүүлэгчээс 22.5 сая төгрөгийн  хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд;

- Ш.А нь Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 600 сая төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулахдаа өөрийн танил нэр бүхий компанийн захиралд давуу тал олгож, гэрээ байгуулсны хариуд 220 сая төгрөгийг хувьдаа авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж/  -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- А.Л нар нь насанд хүрээгүй 17 настай хүнийг ар гэрийн хараа хяналт сул, санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан, бусдад биеийг нь үнэлүүлж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан насанд хүрээгүй хүнийг эрхшээлдээ оруулан бусдад дамжуулсан буюу Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн  хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1, 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Гадаад улсын иргэн Б.Э нар нь орон нутагт хатуу хучилттай замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон концессын гэрээт ажлын санхүүжилтийн гэрээ үзүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий компаниас 402 сая төгрөгийн түлш зээлээр авч, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.2 /Залилах/, Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.