ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бат-Эрдэнэ: Миний ширээн дээр Л.Оюун-Эрдэний ажлаасаа чөлөөлөгдсөн тогтоол байгаа

O.Admin
11 цагийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд өнгөрөгч амралтын өдөр хуралдсан МАН-ын Бага хурал дүрмээ зөрчсөн талаар нэр бүхий гишүүд мэдэгдэж буй. Тухайлбал, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэний огцрох өргөдлийг хэлэлцээгүй атлаа шинээр намын дарга сонгосон нь дүрэм зөрчсөн, нэр дэвшигч Д.Амарбаясгалан дээр дахин санал хураалт явуулахдаа ирцийг шинээр бүрдүүлсэн гэх асуудал үүсээд байгаа.

Тэгвэл энэ асуудалд тус өдрийн хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариулт өгчээ. Тэрбээр, “Тэр өдөр бүх гишүүд энэ өдрийн хуралдаанаар асуудлаа шийдье гэдэг байр суурьтай байсан. Цаашаа дахиад улс төр удааширвал талцал хуваагдал эрчимжинэ.

Төрийн ажлаа жигд барихын тулд энэ асуудлаа цэгцэлье гээд 100 хувь батлаад явсан юм. Дүрэмтэй зөрчилдсөн зүйл байхгүй ээ. Цөөхөн хэдхэн хүн үлдээд асуудлаа шийдсэн мэтээр яриад байгаа нь утгагүй юм. Будилаантай юм гаргахгүй гэж журам, зарчмын хүрээнд нийт гишүүдээрээ ярилцаад гар өргөж шийдээд явсан зүйл.

Нийт гишүүд бүгд зөвшөөрсөн шүү дээ. Цөөнх огт шийдсэн юм байхгүй. 300 гаруй гишүүн хоёрдахь шатны санал хураалтад оролцож, гараа өргөөд саналаа өгөөд явсан.

Намын ажил УИХ-д хүртэл нөлөөлж байна шүү дээ. Намын дарга өргөдлөө өгсөн. Урд нь өгөх ёстой гэсэн зүйл яриад байгаа юм. Миний ширээн дээр хоёр тогтоол байгаа. Нэг нь намын дарга Л.Оюун-Эрдэнийг намын даргаас чөлөөлсүгэй гэсэн тогтоол. Нөгөөх нь тооллогын комиссын тэдний өдрийн шийдвэрийн дагуу намын даргаар тэр хүнийг сонгосугай гэсэн тогтоол. Улсын Дээд шүүх дээр өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлсүгэй гэсэн тогтоол очно.

Тэр материал Дээд шүүхэд өгөхдөө тэр хүний чөлөөлсүгэй гэсэн тогтоол, өөрийн хүсэлтээр гэсэн үг үсэг, тэр хүний өргөдөл байна. Нөгөө талдаа Бага хурлын энэ хүнийг намын даргаар сонгосугай, баталсугай гэсэн тогтоол юм. Өргөдөл хойно, урдаа огт хамаагүй. Өгсөн байх нь чухал.

Тэдэн цаг хуралдсан, тэр өдрөө хуралдаагүй маргааш нь хуралджээ гэдэг нь огт асуудал биш. Хоёр өрсөлдөгч байхад хоёр хүнийг хуваагдаж л дэмжинэ биз дээ. Энийг хуваагдал гэж үзэж болохгүй. Намын хувьд шал ондоо хүмүүжил, школтой. Үе үеийн хурал өрсөлдөөнтэй байдаг. Тэр хэрээр нам дээр асуудлаа яриг. Хүний хэлэх үеийг тасалж, шахахгүй. МАН-ын Их хурал удахгүй бол. Түүн дээр шинэ дүрмээ ярилцах байх. Би бүлгийн даргын хувьд орж харсан. Цоожилсон эсэх асуудлыг би мэдэхгүй" хэмээн хариулт өглөө.