Амьд явахдаа хүн их зүйлийг үзнэ дээ гэдэг шиг авлигын хэргээр хоригдсон албан тушаалтнууд суллагдсан даруйдаа нийтлэл бичдэг болов. Оюутолгойн ил уурхайн гэрээг үзэглэхдээ хууль зөрчсөн, их хэмжээний авлига авсан гэх хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж, АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын өрөөнд амтат хоолоор дайлуулж явсан Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр хоригдож байсан үеийнхээ талаар ном бичжээ.
Тэрбээр, 60 хоногийн хугацаанд хоригдсон бөгөөд энэ талаараа “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” гэх ном бичсэн аж. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө мөн л АТГ-аас саатуулж, 461 дүгээр ангид саатуулсан Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан гарч ирсэн даруйдаа “461 ба 48/24” гэх нийтлэл бичсэн бөгөөд их л гавьяа байгуулчихсан аятай хорих ангийн өрөөг сурталчлах болсон юм.
Монголын утга зохиолын салбарт нэн шинэ буюу хорих ангийн тэмдэглэл, нийтлэл гэх шинэ бичвэрийн төрөл Ерөнхий сайд асан хоёр эрхмийн ачаар бий болов. Энэ цагаас хойш хоригдсон бүхэн нь илүү том, илүү гоёмсгоор нийтлэлээ бичүүлэх гэсэн уралдаан бий болох вий дээ. "Суусан газраасаа шороо атгана" гэгчээр авлигын хэргээр хоригдохдоо хүртэл мөнгө босгож чадаж байна, тэд. Гэтэл эрх мэдэлгүй хоригдсон хэн нэгэн нь ичсэндээ амиа хорлож, зарим нь хил даван зугтаж байна.
Гадны улс оронд албан тушаалаасаа огцроод нам гүмхэн алга болохыг чухалчилдаг. Харин манайд бол хоригдсоноо ид бахтайгаар зарлаж, бүр ном бичиж байх юм. Монгол Улсын хууль шүүхээр ингэж л тоглож байна даа, тэд. Одоо цааш нь энэ мэт авлигын хэргээр шүүгчээс эхлээд улс төрийн олон өндөр албан тушаалтан саатуулагдаж, шалгуулах нь тодорхой байгаа. Тэр бүхэн гарч ирээд ном бичээд байвал, ёстой л утга зохиолын салбарт нэгэн төрөл зүйл нэгээр нэмэгдэх биз ээ.
Ерөнхий сайд асан С.Баярын номноос иш татвал:
-...Би зог тусав. Сайханбилэг шиг харагдах юм. Мөн үү. Ч.Сайханбилэг мөн байна "Та яасан бэ, зүгээр үү" гэж тэр асууж байна. Хариу хэлэх гэтэл ард явсан харгалзагч харьцаж болохгүй гэж зандарч байна. Би гараа өргөж даллахаас өөр яаж ч чадсангүй цааш хөдлөв. Сайханбилэг бид хоёр энд нэг өдөр хүргэгдэж ирсэн гэж өмгөөлөгч маань хэлсэн. Тэрнээс хойш сураггүй байж байгаад одоо л бие биенээ олж харж байгаа нь энэ. Энэ улсын Ерөнхий сайд явсан хоёр эр шөнө дөлөөр шоронгийн хүйтэн хонгилд бараа бараагаа ийнхүү хальт харах тавилантай байж…
Ерөнхий сайд асан М.Энхсайханы нийтлэлээс иш татвал:
-Тэдний анхааралтай харилцаа надад лав таалагдсан. Өвдөлт намдаадаг эм авч уув. Даралт хөдлөх, зүрхээр өвддөг зовиур байдаггүй, ер нь санаа зовох зүйл байхгүй гэдгээ хэллээ. Миний насанд мэдрэл дагаж өвдөх нь амьд явж байгааг бурханаас байнга сануулж хэлж өгч байгаа хэвийн зүйл л дээ гэсэншүү бодлыг би өөртөө удаан тээсээр дасал болсон юм. Өрөө бүрийг камержуулсан бололтой юм. Ёстой сайн хэрэг. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү ороход нэг харуул дагаж бичлэг хийж байх юм. 24 цагийн бичлэгтэй л бололтой. Камерийн хяналт дор хүмүүсийн бүдүүлэг харилцаа илт багасдагийг манайх Хорих ангийнхан сайн мэддэг бололтой. Нэг харуул Та ном унших уу гэлээ, тэгье гээд их л зузаан ном авав. Номын нэр нь Харри Поттер гэсэн байлаа. Тэдний буянаар энэ алдартай зохиол 7 боть байдаг юм байна гэдгийг ойлгов. Миний унших сэдэв биш байлаа...