...Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу?
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу?
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү?
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү?
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Больё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий....