ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Анударь: “Би” сэтгэлгээнээсээ салсан цагт залуусын нөлөөлөл илүү хүчирхэгжинэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-27

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн А.Анударийг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урилаа. 

-Залуучуудын тавдугаар чуулган өчигдөр боллоо. Чуулганаар ямар асууд­луудыг хөндөж ярив. Залуус юуг эрэлхийлж байна вэ?

-Залуучуудын чуулган бол залуусын дуу хоолойг нэгтгэх арга хэмжээ. Анх зохион байгуулж байх үеийг бодвол залуус үүнд нэлээд ач холбог­дол өгч, идэвхтэй оролцдог болсон байна. Энэ удаагийн чуулганыг бид “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулж байгаа нь учиртай. Монголд залуучуудын төлөөллийн маш олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Байр сууриа нэгэнт олсон томоохон байгууллага ч байна. Шинэ хандлагыг төлөвшүүлэх гээд явж байгаа иргэний нийгмийн байгууллагууд ч сүүлийн үед нэлээд гарч ирж байгаа. Энэ бол залуусын оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн нэг жишээ гэж болно. Тэгэхээр залуусын төлөөлөл болсон эдгээр байгууллагуудын хүчийг нэгтгэж, нийгэм дэх залуусын нөлөөлөл, цаашлаад шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг хүчтэй байлгах гэсэн санаан дор энэ жилийн чуулганыг “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулж байгаа юм. Хүчтэй байхын тулд залуусын хандлага зөв байх ёстой. Шинэ хандлага гэдэг нь нөгөө л нэг улиг болсон “бидэнд тулгардаг асуудал” гэсэн хуучирсан хандлага биш. Тулгамддаг асуудлаас хальж нийтийн эрх ашгийг томоор харах, нийгэм дэх залуусын нөлөөллийг хүчирхэгжүүлэх талаас нь асуудалд хандах хандлагыг хэлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, зөвхөн нийгмийн хэрэгцээнийхээ төлөө дуугардаг бус улс орны хөгжлийн төлөө, маргаашийг авч явах хүмүүсийн хувьд асуудлын мөн чанарт чиглэсэн эрэл хайгуул хийхийг хэлээд байгаа юм. Залуучуудын тавдугаар чуулганаар яригдсан гол асуудал залуусын шинэ хандлагыг төлөвшүүлэх асуудал байлаа.

-Залуус асуудлын мөн чанар руу тэмүүлж, түүнийг эрэлхийлэх хандлага гэж байна. Үүнийг илүү тодруулбал? 

-Бид өнөөдөр ямар нийгэмд амьдарч байна, ирээдүйд ямар нийгмийг бүтээх гэж явна вэ, үүний гол утга санаа юу байх бол гэх мэтчилэн асуулт хүн бүхэнд тулгардаг. Тухайлбал, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм бүтээх тухай ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ нийгмийн гол үндэс, үнэт зүйлс, суурь зарчим гэж юу вэ. Энэ бүх асуултын хариултыг нийтээрээ, ялангуяа залуус бид ухамсарлаж, ойлгох цаг тулж ирээд байна. 30 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж, Монголын түүхэнд хамгийн үнэ цэнтэй хувь хүний эрх, эрх чөлөөг тунхагласан. Хүнд байгалиас заяасан гол эрх, эрх чөлөөг олж өгсөн гэдгээрээ их ач холбогдолтой хувьсгал болсон гэж би боддог. Тиймээс бидний үеийн залуус өнөөдөр ардчиллын үнэ цэн, үйл хэргийг үргэлжлүүлэх, түүчээлэх, буухиалах хариуцлагатай цаг хугацаанд ирсэн. Цаашид ардчилсан нийгэм жинхэнэ утгаараа бэхжихэд залуучуудын оролцоо ямар үүрэгтэй, нөлөөтэй вэ гэдгийг хэлэлцсэн “Шинэ хандлага”-ыг эхлүүлэх ёстой гэж харж байна. Тиймээс ч залуусын хандлага хувийн хэрэгцээ тойрсон бус нийгэмд өрнөж байгаа асуудлын мөн чанарыг эрэлхийлсэн, асуудлыг томоор харж сэтгэсэн байх нь чухал.

-Залуус ардчиллыг буухиалах ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ эхлээд бид ардчилал гэдгийнхээ мөн чанарыг сайн ойлгох ёстой юм шиг. Сүүлийн үед ардчилал гэдгийг дураараа авирлахтай андуурах хандлага их байх шиг байна?

-Энэ бол тухайн хүний төлөвшил, олж авсан боловсролоос л шалтгаалах асуудал байх. Ардчиллыг анархизмтэй андуурч, дураараа дургих асуудал ялангуяа цахим орчин хөгжсөнтэй холбоотой нэлээд гарч байгаа нь үнэн. Бие хүн буюу нийгмийн хүн болж төлөвшөөгүйн илрэл л ингэж гарч байгаа байх гэж хардаг. Тэгэхээр та бие хүн болж төлөвшихийн тулд эхлээд амьдарч байгаа нийгмийнхээ мөн чанарыг маш сайн ойлгож, мэдрэх ёстой болов уу. Эндээс таны хандлага тодорхойлогдоно. Тийм учраас л бид хандлага гэдгийг чухалчлаад байгаа юм. Анзаараад байхад залуусын хандлага “би” төвтэй болчихсон шиг харагддаг. Монголын маргаашийг авч явах залуус дуу хоолойгоо хүчтэй, нөлөөтэй байлгах ёстой. Ингэхийн тулд эхлээд “би” сэтгэлгээнээсээ салж, асуудлыг томоор харах хэрэгтэй.  “Би” сэтгэлгээнээсээ салахгүй байгаа болохоор л залуусын нийгэм дэх оролцоо сул байгаа юм. Гэхдээ залуусын оролцоо хэзээ нэмэгдэх бол гэж хүлээж суухаас илүүтэй бид үе тэнгийнхнээ уриалж, хувийн хэрэгцээнээс давж, шинэ үеийн хүчирхэг, боловсон бие хүн байхын төлөө нэгдэх хэрэгтэй.  Залуус нэгнээ манлайлж, магад улс төр болон нийгмийн харилцаан дахь залуучуудын үйл ажиллагааг ямар нэг байдлаар дэмжих хөшүүрэг бий болгох ёстой юм шиг санагддаг. Бидний яриад байгаа шинэ давалгаа, зөв хандлага гэдэг тун энгийн ойлголт. Та өглөө 10.00 цагт босдог бол 07.00 цагт бос. Ингээд нэг ном уншиж, мэдлэг болохуйц нэг мэдээлэл олж харах хэрэгтэй. Эндээс л өөрөө өөрийгөө, цаашлаад улс орноо өөрчлөх шинэ хандлага эхэлнэ. Хүн орчноо өөрчилж чадвал бусадтайгаа илүү нээлттэй ойлголцож, хөгжиж чадна. Түүнээс биш улс төрийн нам гэж талцахдаа асуудлын гол оршихгүй. Залуучуудыг нийтээрээ нэг хүсэл, нэг тэмүүлэлтэй байж, түүнийхээ төлөө нэгэн дуугаар давалгаалдаг байвал сая залуусын нөлөөлөл, тэдний оролцоо нэмэгдэнэ.  

-Залуусын дуу хоолой ер нь өнөөгийн нийгэмд хэр хүчтэй, хэр нөлөөтэй байгаа юм бэ. Хүчтэй байлгахын тулд яах ёстой вэ?

-Бидний дуу хоолойг хэзээ нэг цагт хэн нэгэн сонсдог болохыг хүлээж суух биш, хэн хүний сонорт хүрч чадахуйц хүчтэй байлгах ёстой. Эх орныхоо маргаашийн өнгө төрхийг тодорхойлж явах хүмүүсийн хувьд бүрэн чадамжтай бие хүмүүс байх ёстой гэж боддог. Залуус хэр хүчтэй байх вэ гэдэг нь бас л өнөөх хандлагаас л шалтгаална. Залуучууд аливаа асуудалд хэрхэн хандаж байна вэ гэдгээс илэрхийлж байгаа үзэл санаа нь хэр мэргэн, мэдрэмжтэй зөв байх вэ гэдэг нь тодорхойлогдоно гэж боддог. Миний анзаарснаас бидний үеийн залуусын хамгийн том дутагдал нь “би”-дээ төвлөрөх. Залуусын оролцоо нийгэмд байна уу гэвэл байна. Байхдаа зөвхөн хувь хүнийхээ ашиг сонирхлын төлөө, жижиг сажиг асуудлаар оролцдог. Улс оронд өрнөж байгаа асуудал, улс төрийн шийдвэр маргаан өөрт нь огт хамаагүй гэсэн байдлаар ханддаг нь хамгийн том дутагдал гэж хардаг. Төрийн төлөө оготно боож үхэх гэгчээр надад ямар хамаа байх вэ гээд хэрэгцээнээсээ хальж сэтгэхгүй байгаа нь л хамгийн харамсалтай. Тийм учраас л бид залуусын хандлага гэж онцлоод байгаа юм. Тэгэхээр хамгийн түрүүнд бид хандлагаа өөрчлөх ёстой. Монгол Улсын хөгжлийг уруу татаж байгаа гурван хандлага бий гэдэг юм билээ. Нэг нь хувиа хичээсэн хандлага. Хүн хувиа хичээх тусам улс орон хөгждөггүй. Хоёр дахь нь атаархуу хандлага. Нэг нь юм хийж байхад атаархана гэдэг амжилтыг уруу татах үндэслэл болдог. Гуравдахь нь залхуу. Залхуу байвал аливаа нийгэм хөгждөггүй. Биднийг уруу татаад байгаа хандлага бол энэ гурав. Залуучуудад хэчнээн мэргэжил олгохоор зүтгээд байвч хандлагыг нь өөрчлөхгүй бол амжилтад хүрэхгүй

-Хувь хүний хандлагыг яаж өөрчилнө гэсэн үг вэ?

-Хандлагыг өөрчлөхийн тулд хүн бүрийн оролцоо чухал л даа. Болж бүтэхгүй зүйлийг угаасаа ийм гээд орхих биш түүнийг засахын төлөө төрд дуу хоолойгоо хүргэх ёстой. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэтгэж зөв илэрхийлэх нь чухал. Олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид нь ихэнхдээ залуучууд байдаг. Ажиглаад байхад бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, хүнийг гүтгэх, доромжлох зэрэг үзэгдэл их гарах юм. Ер нь эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хүн бол аливаа асуудал, бэрхшээл тулгарахад хамгийн зөв гарах гарц юу вэ гэдгийг хардаг. Олон хүн дуу хоолойгоо нэгтгээд асуудлыг зөв талаас илэрхийлээд байвал иргэн, нийгэм рүү чиглэсэн бодлогодоо төр анхаарлаа хандуулж эхлэх болов уу. Тиймээс залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй төрийн бус байгууллага байнгын харилцаа холбоотой ажиллах хэрэгтэй юм. 

-Их, дээд сургуульд суралцаж байгаа байдлаас харахад залуус боловсролыг нэгдүгээрт тавьж байна. Угтаа бол энэ хэрээр хүчирхэг боловсон хүчин бэлтгэгдэж, таны хэлдгээр хүчтэй шинэ залуу үе баймаар. Гэтэл сургуулиа төгсөөд л ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Энэ нь залуусын хандлагад байна уу эсвэл сургуулийн чанарт байна уу? 

-Мэдээж залуусын дунд ажилгүйдлийн асуудал бий. Ажилгүйдлийн төвшин сүүлийн үед улсын эдийн засгийн байдлаас шалтгаалж нэмэгдэж байна. Гэхдээ өөр нэг шалтгаан нь мэргэжил сонголт. Дипломтой болчихвол л ажилтай болчихно гэсэн нийтлэг ойлголт залууст байна. Өнөөдөр жишээлэхэд “Зар мэдээ” сонин аваад уншихад маш олон ажлын байр байна. Мэдээж их, дээд сургууль төгссөн хүний төвшнийх биш. Хятадууд орж ирээд манай ажлын байрыг булаагаад байна гэдэг. Яг үнэндээ барилгын компаниуд Монголоос илүү хятад ажилчин авах сонирхолтой байж болох. Барилгын компаниуд “Манай залуучуудын хандлага буруу байна. Цалингаа аваад алга болчихдог. Цагтаа ирдэггүй” гэдэг. Тэгэхээр залуусын мэргэжил сонгох талаар анхаарч ажиллах шаардлагатай болов уу. Нэг талаар зөвхөн ажлын байр бий болгох тал дээр ажиллахаас илүү тухайн хүн өөрөө мэргэжлээ зөв сонгоход анхаарах шаардлага тулгараад байна. Хоёрдугаарт, мэргэжилдээ дуртай байж ажиллана. Дээрээс нь залуусын хандлагыг өөрчилж чадвал хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадна. 200 гаруй мянган оюутан Монголд байгаа гэдэг. Тэдгээрт хүрэх оффисийн ажил хангалтгүй байна. Тиймээс энэ тогтолцоонд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Сүүлийн үед тэгш оролцооны тухай их ярих болсон. Тэгш оролцоо гэдэг үг манлайлалтай зайлшгүй холбогдож таарна. Тэгш байна гэхээр, эсвэл манлайлна гэхээр яг ямар байх ёстой юм бэ?

-Зарим хүмүүс лектор байхыг манлайлал гэж хараад байх шиг санагддаг. Их гоё ярих юм бол хүнд таалагдана гэж эндүүрдэг. Миний хувьд, манлайллыг хүлээн зөвшөөрөгдөх байдал гэж ойлгодог. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд биеэ зөв авч явах, бусаддаа нөлөөлөх, чиглүүлэх, зохион байгуулах чадвар эзэмшсэн байхыг шаарддаг болов уу. Өөрийгөө харуулах, хүлээн зөвшөөрөгдөх, манлайлах, хүчээ үзэх том талбар бол нийгмийн харилцаа. Гэхдээ үүнийг суралцах талбар гэхээс илүүтэй ажил хийх талбар гэж харж байна.