Уул уурхайн лицензүүдийг цуцалсан Засгийн газрын шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай таван үг солилоо.
-Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч долоо хоногт уул уурхайн 20 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон. Сайшааж хүлээх авах хэсэг бүлэг байхад, шүүмжлэх хүмүүс ч олон байна. Таныхаар энэ хэр оновчтой шийдвэр байсан бэ?
-Зөвхөн уул уулхайн салбар ч биш манай бүх салбарт гажуудал бий. Мэргэжлийн бус хариуцлагагүй байдал газар авчихлаа. Үүний дотор хамгийн их маргаан дагуулдаг, нийгэмд зөрчлүүд бий болгосон асуудал уул уурхайн тусгай зөвшөөрөл. Уг нь мэргэжлийн бөгөөд хариуцлагатай, төлөвлөлттэй явж чадвал энэ салбар улс орны хөгжлийн гол түлхэц. Тэгэхээр байх ёстой юу гэвэл тийм. Уул уурхай хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Мэргэжлийн геологич хүний хувьд хэлэхэд уул уурхайн салбар хариуцлагатай, мэргэжлийн байж л сая хөгжлийн түлхэц байж чадна. Тэгэхгүй бол эх орноо сэндийчсэн харгислал төдийхнөөр л дуусна.
Стандарт норм гэж байх ёстой. Нутгийн иргэд болон байгаль орчинтой маш хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Хоёрдугаарт мэргэжлийн байх ёстой. Наад зах нь нөхөн сэргээлтийн багтай ажиллах дэлхий нийтийн стандарт журам бий. Байгаль орчны эко бодлогыг хамгаалах олон улсын консерциум хүртэл гарчихсан байхад хэн дуртай нь газрын хэвлий сэндийчдэг байх ёсгүй. Багийн даргын зөвшөөрөл эсвэл хэн нэг том даргын өмгөөллөөр дураараа ухдаг байдал их болсон нь нууц биш. Тийм учраас мэдлэг, мэргэжилгүйгээр байгаль орчинд хор учруулж байгаа хууль бус үйлдлийг цэгцлэх нь зөв. Гол нь цуцалсан лицензүүд үнэхээр хууль бус байсан уу гэдгийг баталгаажуулах хэрэгтэй юм. Засгийн газар хийх ёстой ажлаа хийж байна л гэж харж байгаа.
-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан бол Засгийн газар нөхөн олговор олгох хуультай юм билээ. Тэгэхээр сая цуцлагдсан лиценз бүрт нөхөн олговор олгох ёстой гэсэн үг үү?
-Мэдээж эхлээд байгаль орчны үнэлгээ гаргах ёстой. Нөхөн олговрын асуудал яригддаг ч гэсэн ямар үед нөхөн олговор олгох вэ гэдэг журам бий. Энэ журмыг л Засгийн газар баримтална. Түүнээс биш цуцалсан лиценз бүрт нөхөн олговор өгөх ёстой гэсэн үг биш. Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн бол нөхөн олговор олгохгүй. Засгийн газрыг нийгэмд эмх журам тогтоохыг шаарддаг мөртлөө, эмж журам тогтоогоод, асуудлыг цэгцлээд ирэхээр шүүмжлэх нь өрөөсгөл. Эхлээд үр дүнг нь харах хэрэгтэй. Тэр нутаг оронд байгаль орчны эко систем сэргэж байна уу үгүй юу. Уул уурхайн үйл ажиллагаа стандарт хэв журам, хөгжлийнхөө горимд орж байна уу үгүй юу гэдгийг харж байж сая үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй.
-Нэг цагт ямар нэг аргаар тусгай зөвшөөрөл авч, хууль журмын дагуу ажиллаагүй ААН-үүдэд хариуцлага хүлээлгэж байна. Тэгвэл энэ зөвшөөрлийг олгосон хүмүүст хариуцлага ярих ёстой юу?
-Эрдэнэтээс эхлээд бидэнд хариуцлага тооцох ёстой маш олон асуудал үүсчихээд байна л даа. Шинэ зах зээлийн нийгэм , эдийн засгийг байгуулж байхад бидэнд суралцах юм их байлаа. Одоо засах юм ихтэй болчихлоо. Хариуцлага ноогдуулах зүйл ч их байна. Энэ бүхнийг ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон Засгийн газар, УИХ ухаалгаар хандаж, зөв шийдвэр гаргах л хамгийн чухал.