Хэрвээ чи миний найз юм бол өнгөөр минь, мөнгөөр минь, нэр алдраар минь, нэмээд хэлэхэд ах дүү танил талаар минь, амрагаар минь битгий дүгнэ. Тэр чинь би биш.
Хэрвээ чи миний найз юм бол, намайг залуу насны гоо үзэмжээр, зээлсэн төгрөгийн тоогоор, зэрэг дэвээр, уншиж буй номоор, унтаж буй бүсгүйгээр минь ч бас бүү дүгнэ. Тэнд чинь би байхгүй. Хайгаад ч чи олохгүй.
Хэрвээ чи миний найз юм бол миний харагдах үзэмж, харьяалагдах байгууллага, хадгаламж, хань бараа, хашаа байшин, тэжээдэг нохой, тэтгэвэрт гараад хэн болох, үлдэх үр хүүхэд, өр шир, өглөг авлага, орлого зарлага, олох ашгаар минь бүү тооцоол. Тооцоод л эхлэх юм бол чи л өөрөө тооны машинаас ялгаагүй, тоног төхөөрөмж л болж хувирна.
Зүгээр л намайг алддаг, энддэг хүн, байдаг л нэгэн бодгал, ирээд буцах жам, уулзсан учрал, үйлдсэн үйл, таарсан тавилан, шүргэлцсэн шүтэн барилдлага гэж ойлгоод, болж өгвөл буруу юм л хийвэл уучлаад, болохгүй бол хаяж яваад, салбал дээр.
Хэрвээ чи миний найз юм бол, хэрвээ чи миний найз биш юм бол, найз байсан, байгаагүй, таарсан таараагүй, муулсан сайлсан, хэн хэндээ гай болсон болоогүй, ихээр бодоход нэгэн жарны дараа нэг нь ч байхгүй болох хойно, хоёулаа л хоосон яс болохоос хойш, ямар ялгаа байна.