"Таван буудал, зургаан буудал хоёрын дундах “завсрын” буудалд бууж байгаарай” гэсэн эгчийнхээ захиасыг мартахгүй гэж нүдээ чилтэл микроавтобусны цонхоор буух буудлаа ширтдэг ч нэг мэдэхэд нэг буудал дутуу, эсвэл өнгөрч буучихаад, эргээд л алхсаар гэртээ ордог байсан оюутан нас минь эргээд бодоход юутай сайхан юм бэ. Ах эгчийндээ холын тайгаас оюутан болж ирсэн нь тэртээх 15 жилийн өмнөх явдал. Тэднийг гэртээ эзэнгүй үед нь хөгжмөө тултал нь чангалчихаад л хичээлээ хийж суудагсан. “Би хамгийн сайнаараа сурах гэж ирсэн, том сэтгүүлч болно” гэсэн дэврүүн мөрөөдөл бүрээ тэмдэглэлийн дэвтэртээ буулгаж, өдрийн бүх үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг байсан нь магад өнөөдрийн энэ сэтгүүлчийг бэлтгэж байсан хэрэг биз.
Хотын гудамжаар алхаж явахад өмнөөс инээмсэглэн алхсаар ирээд Их сургуулийн дотуур байрыг хичээнгүйлэн заалгаад алхаж одсон жаахан охин шиг л шинэ орчин, шинэ анги, шинэ найзуудтай болох гэж ихэд сандарч явсансан. Яг л тэр охин шиг сургуулиа олох гэж төөрч, буудлаасаа зөрж буучихаад л алхдаг байсан минь саяхан ч юм шиг. Гэвч эргээд харах нь ээ, 15 жил өнгөрчээ. Юутай сайхан дурсамж гэж санана. Анх удаа ээж, ааваасаа хол байх нэг талаар сайхан ч нөгөө талаар гунигламаар. Гэрээ санах, ижил дасал болсон ангийн нөхдөө үгүйлэх нь гунигтай. Гэвч юм бүхэн шинэхэн, сонихон их хотын амьдралд дорхноо л хөлөө олж, ангийн найзуудтайгаа ижилдэн нөхөрлөөд ирэхээр цаг хугацаа ч харвасан сум шиг нисэн одсон доо. Дөрвөн жил тохой нийлүүлсэн оюутан цагийн найзууддаа салж ядан хоргодсоор зүг бүртээ жигүүр дэлгэн ниссэн дээ.
Өдгөө тэд маань салбар бүрт манлайлагчид болчихсон явж байгаа. Амьдралын замд хөл тавьсан 10 жилийн хугацааг бид дэмий өнгөрүүлсэнгүй. Хоёрхон хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж, оюутан залуус танил дотно ангидаа хуран цуглах нь ээ. Их сургуулийн өмнөх гудамжаар охид, хөвгүүд сүлжилдэж, хичээл сонголтоо хийгээд завгүй байх аж. Хөдөө орон нутгаас ирсэн нь шинэ орчинтойгоо танилцах гэж их л хичээцгээж байна. Нэрэлхсэн зарим нь ойр тойрны хүмүүсээсээ асуухгүй гэж гүрийх нь хөөрхөн гэж. Гэвч ичих, эмээхийн хэрэг байхгүй билээ. Асуу, лавла, мэдэхгүй зүйлдээ суралц. Нэг л мэдэхэд чинь дүү нартаа тэр бүхнийг зааж өгдөг том ах, эгч болчихно. Их сургуульдаа илүү сайхан дурсамжийг бүтээж, хамгийн чухал нь илүү сайн суралцдаг юм шүү, залуус аа. Шоу цэнгээн, найр наадам гэх мэтээр болж бүтэхгүй зүйл ч энэ хотод бий. Тэр бүхнээс хол байж, тээр холоос тээж ирсэн том мөрөөдлөө заавал биелүүлээд буцаарай. Их хотод тавтай морил. Эрдмийн өргөөнд бүтээсэн дурсамж бүхнээ дандаа сайхнаар бүтээгээрэй. Амжилт хүсье, залуус аа.