ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Баделхан: Орон сууцаа түрээслээд өмчлөх хэлбэрээр борлуулах 22 төсөл хэрэгжиж байгаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-04

Засгийн газраас Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, саяхан “Буянт-Ухаа”-2 орон сууцны хороололд иргэдийг сонгон шалгаруулж аваад буй. Тэгвэл хувийн барилгын компаниуд орон сууцаа түрээсийн орон сууцны журмаар борлуулж эхэлжээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа. 

-Хувийн аж ахуйн нэгжүүд орон сууцаа түрээс­лээд өмчлөх хэл­бэрээр борлуулж байгаа юм байна. Засгийн газраас үүнийг хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Барилгын компаниуд орон сууцаа түрээслээд өмчлөх хэлбэрээр борлуулж байгааг Засгийн газраас дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Саяхан Засгийн газрын хуралдаанаар 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг батлуулсан. Эдгээр орон сууцны 50 мянган айлынх нь хөдөө орон нутагт, 100 мянга нь Улаанбаатар хотод хэрэгжих юм. Эдгээрийн хэдийг нь ипотекийн зээлийн хүрээнд, хэдийг нь түрээслээд өмчлөх журмаар хэрэгжүүлэх вэ гэдгийг нарийн тооцож, ТЭЗҮ-ийг нь гаргаж байна. “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй өчигдөр  танилцсан. Энэ компани орон сууцаа түрээслээд өмчлөх хэлбэрээр борлуулж байгаа юм билээ. Чингэлтэй дүүргийн 10 хорооллыг бүхэлд нь орон сууцны хороолол болгох төсөл хэрэгжүүлж байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд хот тохижилтын горимыг бүрэн хангасан иж бүрэн хороолол болно гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд яг үүн шиг 22 төсөл хэрэгжиж байгаа. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэгч ААН нь иргэдтэй тохирон, газар чөлөөлсөн иргэдэд орон сууцны зохих хэсгийг олгоод, үлдсэнийг нь түрээслээд өмчлөх хэлбэрээр борлуулах юм. ААН-үүдийн барьсан орон сууц зах зээлийн үнээс хямд байгаа. Яагаад гэвэл эдгээр орон сууцуудын дэд бүтцийг төр хариуцан хийж байгаа учраас зах зээлийн үнээс хямд байгаа. Тухайлбал, “Бармон” ХХК-ийн байрны нэг метр квадратыг 1.5 сая төгрөгөөр борлуулна гэж байна. Ингэхдээ иргэдтэй таван жилийн гэрээ хийж, худалдан авсан байрныхаа төлбөрийг таван жил буюу 60 сард хуваан төлнө гэсэн үг. 

-Одоо хэрэгжиж байгаа 22 төсөл нь бүгд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаа борлуулна гэсэн үг үү?

-Тийм. Бүгд түрээслээд өмчлөх журмаар борлуулна. Өөрөөр хэлбэл, тухайн ААН иргэдтэй тохирон газраа чөлөөлөөд, төрөөс дэд бүтцийг нь хийж өгөөд ТЭЗҮ, үнийн асуудалд тохирч байгаа.  

-Хувийн ААН-үүдийн түрээслээд өмчлөх орон сууцуудын урьдчилгаа төлбөр нь хэд  байх вэ?

-Тухайн ААН-ээсээ л шалт­гаал­на. “Бармон” ХХК-ийн  орон сууцууд бол урьд­чил­гаагүй, хүүгүй юм билээ. Авсан байрныхөө төлбөрийг 60 сарын хугацаанд тэнцүү хувааж төлнө. Энэ  нь маш боломжийн нөхцөл учраас захиалга нь дуусчихсан байгаа юм билээ. 

-Солонго хорооллын барилгын ажил хэзээнээс эхлэх бол?

-Солонгосын талын хүмүүс ирчихсэн байгаа. Одоо ТЭЗҮ, үнийн асуудал тохиролцох ажил явагдаж байна. Үүний дараа барилгын ажил эхэлнэ. Одоо баригдаж байгаа гэвэл Дэнжийн мянгад баригдах 1000 айлын орон сууц байна. Энэ орон сууцыг Хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгаа юм. Мөн удахгүй баригдах Солонго-1, Солонго-2 хороолол байна. Бүгд түрээслээд өмчлөх орон сууцууд юм. Мөн барилгын компаниуд өөрсдийн орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр борлуулж эхэлж байна. Гол нь барилгын компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авахгүй учраас барилгын өртөг хямдхан гарч байгаа. Түүнийгээ дагаад орон сууцны үнэ нь зах зээлийн үнээс харьцангүй хямд байгаа юм.

-Ипотекийн зээлийн хүртээмж цаашид нэмэгдэх үү? 

-Бид ипотекийн зээлийн журам гаргаад зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэг­дүүлсэн. Одоогоор Монгол банкны эргэн төлөлтөөр санхүүжиж байгаа. Улсын төсвөөс жилд 115 тэрбум төгрөг төсөвлөж байна. Энэ хэмжээгээр арилжааны банкууд өөрийн чөлөөт үлдэгдлээ гаргахаар энэ жилдээ ипотекийн зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх тооцоололтой байгаа юм. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй айл ипотекийн зээл авсан байна. Ер нь цаашид ипотекийн зээлийн журмыг шинэчлэхээр судалж байна. Хоёр дахь зах зээлд яаж хөрөнгө гаргах вэ, хэрхэн хөрөнгө босгох вэ зэрэг асуудлаар сангийн яам болон Монгол банкны хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.  Ипотекийн зээлийн хүртээмжийг одоогийнхоос илүү сайжруулж, зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг судалж байгаа.

-Хувийн ААН-үүдийн түрээслээд өмчлөх байрны үнийг одоогийнхоос бууруулах боломж бий юу?

-Засгийн газраас орон сууцны үнийг бууруулах талаар арга хэмжээ авч байгаа. Хувийн ААН-үүдийн орон сууц барих зарим зардлыг төр хариуцаж байгаа юм. Тухайлбал, баригдсан орон сууцны дэд бүтцийг төр хариуцан хийж байна. Солонгосын хөрөнгө оруулалтаар баригдах Солонго хорооллын газрыг төрөөс олгож байгаа. Энэ мэт орон сууцны үнэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн төрөөс шийдэж өгч байна.

-Цэвэрлэх байгууламжийн ажил хэдэн хувьтай явж байна вэ. Хэзээ ашиглалтад орохоор байна?

-Цэвэрлэх байгууламжийн талаар ирэх даваа гарагт би хэвлэл мэдээллийн байгууллагынхныг дуудаж албан ёсны мэдээлэл хийнэ. Маш том бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эхний ээлжинд хуучин цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрийг арилгах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ хүрээнд өдөр бүр гарч байгаа лагийг үсгүйжүүлж, үнэрийг нь арилгах төхөөрөмжийг ашиглалтад оруулсан. Ирэх долоо хоногт газар дээр нь очиж мэдээлэл өгнө. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа.