ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.ДАШПАГМА: Томуугийн вакциныг зорилтод бүлгийнхэнд үнэгүй хийнэ

O.Admin
2019-09-12

Томуу болон хатгалгааны вакцины талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.

-Энэ жил шинэ вирусээр үүсгэгч­тэй томуу гарна гэх мэдээллийг салбарын хүмүүс өгсөн. Үүнээс сэр­гийлэх вакцин бий юу? 
-Ямар ч вирус хэзээ гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ томуу үүсгэгч шинэ вирус гарвал тохирсон арга хэмжээг авна. Одоогийн байдлаар Монгол улсад, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуугийн өвчнийг үүсгээд байгаа голлох вирусын хэв шинжүүдийнх нь эсрэг вакциныг хийдэг. Хамгийн түгээмэл гурван төрлийн вирусээс сэргийлэх вакциныг хийж байгаа. Томуугийн вакцин одоохондоо манайд ирээгүй байна. Аравдугаар сарын эхний 10 хоногт ирэх төлөвлөгөөтэй байгаа.

-Эрүүл мэндийн сайд хүн амын 50 хувийг томуугийн вакцинд хамруулна гэж мэдээлсэн. Энэ ажил өнөө жил хэрэгжих боломжтой юу. Вакциныг үнэгүй хийх үү?
-Тодорхой үед төлбөртэй хийгдэнэ. Монгол улсын бүх хүнд томуугийн вакцин хийж хүрэхгүй. Зорилтод насны, зорилтод бүлгийн хүмүүст хийнэ. Мөн сайн дураараа хийлгэх хүсэлтэй  хүмүүс төл­бөрөө төлөөд хийлгэж болно. 

-Зорилтод бүлгийн хүмүүс гэдгийг тодотговол?
-Жирэмсэн эмэгтэйчүүд, тав хүртэлх насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй өндөр настанууд багтана. Энэ хүмүүс нь хамгийн түрүүнд дархлаажуулах бүлгийн хүмүүс байдаг. Бусад нь Дархлаа­­жуу­лалтын хуулинд заас­наар төлбөрөө төлөөд сайн дурын үндсэнд вакцинаа хийлгэх боломжтой.

-Хүүхдийн хатгалгааны вакциныг сүүлийн найман сар дотор таталт өгсөн болон ээрсэн хүүхдэд хийдэггүй гэж үнэн үү? 
-Ямар шалтгаантай вэ, гэдгээ эхэлж тодорхойлох ёстой. Эмчид үзүүлээд тухайн хүүхдэд вакцин хийлгэх ёстой юу, үгүй юу гэдгийг тодруулах, таталт ямар түвшинд байгааг эмч үнэлж байж тухайн хүүхдэд вакцин хийлгэх үгүйг шийдвэрлэнэ. 

-Томуугийн вакцин, хүүх­дийн хатгалгааны вакцин зэргийг хийхгүй байх ямар тохиолдол бий юу?
-Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Ялангуяа хүйтний улиралд хүүхдүүд амьсгалын замын өвчинд өртөх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хатгалгааны вакцин нь пневмококк нянгаар үүсгэгдсэн хатгалгаанаас сэр­гийлэх боломжтой. Улмаар хатгаа хүндрэх эрсдэлээс сэргийлнэ. Хийхгүй байх тохиолдол маш ховор. Тухайн хүүхэд халуурах, ямар нэг халдварт өвчин ид үедээ явагдаж байвал хийхгүй. Бүрэн илааршсан хойно нь хийх ёстой. Томуугийн вакциныг ч гэсэн мөн адил энэ тохиолдолд хийхгүй. 

С.ПҮРЭВДУЛАМ