УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах нь зөв хэмээн дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг юм.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ыг тараах, ээлжит бус сонгууль явуулах талаар МАН дотор яриад эхэлсэн. Та үүнийг дэмжиж гарын үсэг зуржээ. Энэ хэр зөв шийдэл вэ?
-Миний хувьд ямар хүмүүс дэмжиж гарын үсэг зурсан талаар сайн мэдэхгүй. Би өөрөө дэмжиж гарын үсэг зурсан. Гарын үсгээ зурах үндэслэл нь бид ийм байдлаар цаашаа явахад үнэхээр хүндрэлтэй байна.
-Яагаад?
-Нэн тэргүүнд нам доторх эв нэгдлийн асуудал байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэх мэт олон зүйл бий. Ийм учраас гарын үсэг зурж, санал бодлоо хэлсэн. Энэ нь бүх ард түмний хүсэлд нийцэхгүй байх. Гэхдээ МАН 2016 оны сонгуулийн хөтөлбөрийг чамлахааргүй биелүүлсэн. Олон нийтийн зүгээс ч УИХ тарахыг, ээлжит бус сонгууль хийхийг дэмжиж байгаа. Тийм байхад заавал цаг хугацаанд нь сонгуулийг хийнэ гэсэн зүйл байхгүй.
-УИХ-ыг тараана, ээлжит бус сонгууль хийнэ гэж эрх баригч нам түрүүлж ам нээлээ. МАН-ын хувьд энэ ухралт биш үү?
-Дэвшил шүү дээ. Аль ч цаг үед ямарч шийдвэр гарч болзошгүй. Харин ухралт уу, дэвшилт үү гэдгийг цаг хугацаа харуулна.
-Мөнгө хэмнэх нэрийдлээр санал луйвардах гэсэн башир арга гэж олон нийтийн зүгээс үзэж байна. Мөн цаг хугацаанаасаа өмнө сонгуулиа явууллаа гэхэд 2016 оныхоос ялгаа байна уу?
-Сонгууль болоход жил ч хүрэхгүй хугацаа байна. Хугацаа ийм богино байхад наана, цаана гэсэн ялгаа байхгүй гэж би хувьдаа дүгнэж байгаа. Сонгууль явуулахад зохимжтой цаг үе бол арав, арваннэгдүгээр сар. Энэ үед бид орон нутгийн сонгуулийг явуулдаг байсан. Бидэнд ийм туршлага бий. Болохгүй зүйл байхгүй.
-Сонгуулийн гол зорилго нь аль нэг улс төрийн хүчин олонхийн суудал авч, эрх барих. Гэтэл МАН-ын нэр хүнд унасан, дотооддоо эв нэгдэлгүй байдал ялалт авчирч чадах уу. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Нам дотор тухайлсан нэг асуудлаас үүдэн хоёр, гурав хуваагдах зүйл байдаг шүү дээ. Мөн нэгдээд цул болох тал ч бий. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд бүгдээрээ нэгдээд улс эх орныхоо эрх ашгийн төлөө зогсож байна.
-Миний хувьд Үндсэн хуулийг МАН баталж чадахгүй учраас УИХ-ыг тараах шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Энэ зөв үү?
-Би санал нэгдэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хамгийн гол шатаа давсан. Ийм байхад Үндсэн хуулийг баталж чадахгүй ийм шийдвэр гаргасан гэж хэлж болохгүй.
-Танаас шууд асуухад, аль фракц нь вэ. Өнгөрсөн хугацаанд МАН дотор фракцын төлөөх тулалдаан л боллоо шүү дээ?
-Манай нам бүлэглэл, фракцад хуваагддаггүй. УИХ-ын гишүүд өөрс өөрсдийн итгэл үнэмшлээр ханддаг.
-Би таныг Хотын фракц юм байна гэж харсан?
-Сэлэнгэ аймгаас олонхийн санал авч УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын Засгийн газрыг огцруулахад би дэмжиж гарын үсэг зураагүй. Нэг нутгаас сонгогдсон хүний хувьд эсрэг зогсож чадахгүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ дэмжинэ.
-УИХ-ыг тараах асуудлыг өмнө бүлгээр ярилцаж, шийдвэрлэсэн юм уу?
-МАН-ын бүлгээр энэ талаар албан ёсоор яриагүй.
-Нэгдсэн байдлаар яриагүй бол хэн санаачилсан асуудал вэ. УИХ-ын дарга уу?
-Одоо ээлжит бус сонгууль хийхэд болохгүй зүйл байхгүй.
-2016 онд бүрдсэн парламент хамгийн их дуулиантай, цуутай, хэл амтай нь байлаа. Олон ч гишүүн асуудалд холбогдлоо. Зарим нь чөлөөлөгдлөө. Ийм байхад...?
-Үе үеийн парламент өөрийнхөө хэр хэмжээгээр түүхэн үүргээ гүйцэтгэсэн байдаг. 2016-2020 онд бий болсон парламент ч гэсэн түүхэн үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. УИХ-ын нэн тэргүүнд хийх ёстой ажил нь хууль тогтоох шүү дээ. Батлагдсан хуульдаа хяналт тавьж ажиллах, хэрэгжилтийг нь хангах юм.
-Сонгууль хэзээ ч болсон бай та нэр дэвших үү?
-Дэвшинэ. Гэхдээ миний дэвших, дэвшихгүй эсэхийг намаас шийднэ шүү дээ. Тэр дундаа сэлэнгийнхний итгэл үнэмшил, хүсэл, сонирхлоос хамаарна.
-УИХ-ын гишүүнээр сонгогдоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Амлалтаа хэр хэрэгжүүлсэн бэ?
-Амлалтаа хэр чадлаараа хэрэгжүүлсэн гэж дүгнэж байгаа. Эцсийн дүгнэлтийг ард түмэн хийнэ.
-Та ЖДҮХС-гаас хүүдээ зээл авч өгсөн асуудал өнгөрсөн хугацаанд багагүй дуулиан дэгдээсэн. Та зээлээ төлсөн үү?
-ЖДҮХС-гаас есдүгээр сарын дундуур зээл авсан. Нэг их удалгүй аравдугаар сарын эхээр төлсөн. Сар арай хүрээгүй. Буцаагаад төлсөн.
-Энэ талаар УИХ-ын гишүүдийг АТГ-аас шалгасан. Таныг шалгасан уу?
-Шалгасан. Манай хүүгийн компани дөрвөн тэрбум төгрөгийн барьцаа тавьж, 800 сая төгрөг зээлээр авсан. АТГ-аас зориулалтынхаа дагуу төслөө хэрэгжүүлж, санхүүжилтээ хийсэн үү гэж шалгасан.
-Сэдвээсээ жаахан хазайхад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэр анхаарал хандуулсан бэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан 62 гишүүнийхээр хийж чадсангүй, харамсалтай нь. Гэхдээ тодорхой ололт дэвшилтүүд бий. Нэн тэргүүнд улс төрийн намуудын санхүүжилт, дотоод ардчиллыг ил тод болгож өгсөн. Мөн хувь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэлээд өндөржүүлсэн. Эргүүлэн татах нөхцөлийг нь бүрдүүлж өглөө. Гүйцэтгэх засаглалын хувьд ч хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, тусгаж өгсөн. Гэхдээ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлээд, эрх мэдлээ 100 хувь аваад, энэ хэрээрээ хариуцлагаа үүрээд явсан бол илүү байх байлаа.Тэгсэн ч санхүүгийн эрх мэдлийг Засгийн газарт хангалттай тусгаж өгсөн. Мөн дан, давхар дээлний асуудал бий. Хуульд давхар дээлний асуудлыг нэлээд хязгаарласан. Мөн шүүх засаглалд нэлээд өөрчлөлт хийсэн. ШЕЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, удирдлагыг маш тодорхой тусгасан. Ингэснээр хараат бус шударга шүүхийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэх мэт маш олон өөрчлөлтүүд орсон.
-Монгол Улсын эрх ашигт хэр нийцсэн бэ?
-Үндсэн хуулийн хамгийн чухал өөрчлөлт бол тогтолцоо. Тухайлбал, УИХ, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн эрх үүргийг тус тусад нарийвчлан тусгаж өгсөн. Бүхий л зүйл заалт, өөрчлөлтүүд нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн.