Засгийн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд ЭМЯ өчигдөр төв талбайд үйл ажиллагаагаа танилцууллаа. Иргэд өдөрлөгт ирснээр эрүүл мэндийн зарим үйлчилгээг нэг цэгээс авч, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авлаа. Өдөрлөгт Эрүүл мэндийн яамны харьяа бүх байгууллагууд оролцож эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.
ЭМЯ 2017,2018 онуудад нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж дуусган, ашиглалтад оруулжээ. 2019 онд 30 эрүүл мэндийн байгууллын барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн эрүүл мэндийн салбарт олон жил хүлээгдсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгоход онцгой анхаарч хүний нүдэнд харагдаж гарт баригдтал хийж, гүйцэтгэхийн төлөө шаргуу ажиллаж байгааг тус яамны дэд сайд онцолсон юм.
Тэрбээр 2019 онд эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын талаар хэлэхдээ, “Түлэнхийн төв Кувейтын сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд энэ жилдээ багтааж ашиглалтад оруулах юм. Мөн 300 ортой төрөх эмнэлэг, Сонгино хайрхан дүүрэгт жишиг Нэгдсэн эмнэлгийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Манай улсын хувьд зүрх судасны өвчлөл нас баралтын гол шалтгаан болдог. Тиймээс Зүрх судасны төв байгуулахаар Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын гэрээ хийж байна. Энэ хүрээнд зураг төслийг Испани улсын компани тендерт шалгарсан бөгөөд 1.5 сая еврогийн өртгөөр хийнэ. Мөн өмнө нь царцсан орон нутагт барьж байсан эмнэлгийн барилга байгууламж бүгд үргэлжилж байгаа юм” гэлээ.
Хоносон хоол таргалах эх үүсвэр болдог
Өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн асарт иргэд их цуглажээ. Асарт очиход, ширээн дээгүүр хоол хүнсний макет, сурталчилгааны хуудас тавьсан байх бөгөөд ард талын хэсэгт байх апаратанд олон хүн дугаарласан байх аж. Тус апаратаар иргэд биед байх өөх тосны хэмжээгээ үзүүлж, тохирох зөвлөгөөг авч байлаа. Харин зөвлөгөө өгч байсан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хоол зүйч Э.Саруултуяагаас зөв хооллолтын талаар тодрууллаа.
-Хүмүүсийн дугаарлаж үзүүлээд байгаа энэ апаратаар ямар үйлчилгээ авч байгаа юм бол?
-Зохистой хооллолт, зөв хооллолтын талаар иргэдэд мэдээлэл өгч өнөөдрийн Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна. Бидний үзэж байгаа апаратууд нь хүний биеийн бүтэц найрлагыг тодорхойлдог. Хүний биед агуулагдаж байгаа өөх, булчин , ус гэх мэтчилэн бүх зүйлийг үздэг. Гарсан хариунд нь ажиглалт хийж, тухайн хүний биед тохирсон хоолны зөвлөлгөөг өгч байгаа юм.
-Өөрт тохирсон хоол хүнсээ хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ямар давуу талыг бий болгодог вэ?
-Манай иргэд ихэвчлэн илүү жинтэй байна. Тарган байна гэдэг нь хүний биед илүүдэл өөх их байгаа гэсэн үг. Харин өөх их агуулагдана гэдэг нь ямар нэгэн өвчний эх үүсвэр болно шүү дээ. Хамгийн түрүүнд зүрх судас, чихрийн шижин өвчин зонхилон тохиолдож байгаа. Тиймээс хүмүүс биедээ илүүдэл өөхийг хуримтлуулж болохгүй, хөдөлгөөний идэвхтэй, зөв зохистой хооллох ёстой гэдгийг иргэдэд тайлбарлах хэрэгтэй болов уу. Мөн чихрийн шижин, зүрх судасны өвчтэй, даралт ихэсдэг хүмүүс заавал хоолны дэглэм барих шаардлагатай. Яагаад заавал хоолны дэглэм барих ёстой, барихгүй бол ямар эрсдэлтэй вэ гэдгийг иргэдэд ойлгуулах шаардлага нийгэмд байна.
-Зөв хооллолт гэж иргэд их ярьдаг, зарим нь амьдралдаа хэрэгжүүлэх боллоо. Гэтэл тэдний хэрэглэж буй хүнс үнэхээр зөв хооллолт байж чаддаг уу?
-Зөв хооллолт гэхээр манай иргэд, “тэрийг идэж болохгүй, үүнийг идэж болно” гэдэг хэрнээ хэмжээг ерөөсөө анзаардаггүй. Зөвхөн идэж болно, болохгүй гэж хоёр хуваадаг. Зөв хоололт гэдэг нь заавал хэмжээтэй холбоотой байдаг. Хүн бүх төрлийн хүнсний ногоог өдөр тутамдаа авах ёстой. Үр тариа, мах, гурил, сүүн бүтээгдэхүүн, өөх тос, жимс, хүнсний ногоо гэх мэтчилэн бүгдийг нь авах ёстой. Гэтэл иргэдийн дунд хамгийн их яригддаг зүйл бол “хятад жимс, ногоо юм чинь идэхгүй, монгол гурил будаа, махаа л идье” гэдэг. Орос, монгол, хятад бүгдийг л идэж ёстой. Яагаад заавал идэх ёстой вэ гэхээр, бүх төрлийн хүнсний ногоонд агуулагддаг шим тэжээл нь өөр өөр байдаг. Жишээ нь, махнаас та уургийг хангалттай авч чаддаг бол, хүнсний ногоо жимснээс уургийг сайн авч чадахгүй гэсэн үг. Тэгвэл эсрэгээрээ хүнсний ногоо жимснээс амин дэм, эрдэс бодисоо хангалттай авч чадах учраас мах, гурилан бүтээгдэхүүнээс та амин дэм, эрдэс бодисоо бага авдаг гэсэн үг шүү дээ. Мөн зохистой хооллолттой хамгийн их холбоотой зүйл нь хооллолтын давтамж байдаг.
-Өглөөний цай уухгүй явсаар, өдөр нь хүнд хоол иддэг нийтлэг зүйл хүмүүсийн дунд байдаг?
-Иргэдийн ихэнхи нь өглөөний цайгаа уудаггүй. Ялангуяа залуучууд, оюутнууд заавал ууж хэвших хэрэгтэй. Учир нь, өглөөний цай уудаггүй хүмүүсийн 90 орчим хувь нь цөс өтгөрөлттэй, цөсний хана зузаан, цөсний нугаларалттай гэж оношлогддог. Удааширвал чулуутай болох эрсдэлтэй.
-Өглөө цайгаа ууж байна гээд халаасан хоол иддэг. Халаасан хоол ер нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хоносон хоол нь өөрөө ямар нэгэн шим тэжээл агуулагдаагүй, шим тэжээл нь үхжиж, бактер үүссэн байдаг. Ер нь халуун боловсруулалтад орсон хоол хүнс хамгийн уртдаа хоёр цаг хадгалагдах ёстой. Түүнээс илүү байвал амин дэмээ алддаг. Тэгэхээр хоносон хоол нь дан илчлэг, шим тэжээлгүй болохоор таргалах эх үүсвэр болдог. Хүнсний бүтээгдэхүүний сонголт маш чухал. Өглөө, өдөр оройны хоолоо идэхдээ түргэн хоол уу, чанасан, жигнэсэн хоол уу гэдэг нь чухал. Пицца, бургер зэрэг нь транс тосыг ихээр агуулдаг. Энэ хэрээр тухайн хүний биед очих шим тэжээлийг багасаж, хэрэггүй зүйлийг илүү авдаг гэсэн үг. Өөх тосыг идвэл таргална гэдэг. Гэтэл өөх тосыг хүн тодорхой хэмжээгээр авах ёстой бөгөөд бодисын солилцоо, тархины үйл ажиллагаанд оролцдог учраас, авах хэмжээгээрээ авах ёстой.
ЭМЯ-аас хүүхдийн өвчний гол шалтгаан болсон шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Ингэхдээ 2-12 насны хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээнд 83827 хүүхэд хамрагдаад байгааг ЭМДЕГ-аас онцолж байсан.
Мөн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Нийслэлийн зооноз өвчин судлалын төв оролцлоо. Тус төв нийслэл болон Төв аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг хүн амыг байгалийн голомтот болон зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулдаг үндсэн чиг үүрэгтэй аж. Өдөрлөгт үндсэн үйл ажиллгаагаа сурталчилахаас гадна байгууллагынхаа ололт амжилт, дэвшилт юу байв гэдгийг олон нийтэд хүргэх зорилготойг онцолсон юм. Зоонозын өвчинд 33 нэр төрлийн өвчин хамаардаг. Үүнээс тэргүүлэх чиглэлийн өвчлөл буюу манай орны онцлогт тохирсон өвчлөл бий. Тухайлбал, тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, холер зэрэг халдварт өвчнийг дурдаж болно. Мөн Зоонозын халдварт өвчинд анзаарагддаггүй халварт өвчин байдаг бөгөөд битэг, бурцлёзийн халдваржилт ихэссэн гэдгийг Нийслэлийн Зооноз өвчин судлалын төвийн дарга М.Мөнгөнцэцэг хэллээ. Энэ үеэр тус газраас эдгээр өвчнийг агуулж, тээдэг мэрэгч амьдтын үзмэрийг дэлгэж тавьжээ.
Дээрх байгууллагуудаас гадна Улсын томоохон эмнэлгүүд асраа байрлуулж иргэдийн даралтыг үзэж, тохирох мэдээллийг өгч байлаа. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд зөвлөгөө өгч ажилалаа.