ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Дэлгэрдалай: Ахмадууд 100 мянган төгрөгөөр сувилуулах боломжтой

O.Admin
2018-06-15

Ахмадуудад зориулсан амралт, сувиллын талаар Ахмад настны нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас тодруулаа.

-Улсын хэмжээнд ахма­дуудад зориулсан амралт, сувиллын хэдэн газар байдаг вэ?

-2017 онд батлагдсан ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журмын дагуу амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хуулийн дагуу нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулсан. 2018 онд улсын хэмжээнд 106 амралт, сувиллын газар ахмадуудад үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан байгаа.

-Амралт, сувиллын газ­руудын дундаж төлбөр нь хэд байдаг вэ? 

-2017 онд батлагдсан “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-д заасны дагуу ахмад настан ХХҮЕГ-тай гэрээ байгуулсан амралт сувиллын газарт нэг өдрийн 30 мянган төгрөг төлж арав хүртэл хоног амрах заалт бий. Ахмадуудын арав хоногийн сувилалд  төлөх ёстой 300 мянган төгрөгийн, 200 мянгыг Нийгмийн халамжийн сангаас олгож, 100 мянган төгрөгийг ахмад настан өөрөө хариуцдаг.

-Ямар бичиг баримт бүрдүүлж тус хөнгөлөлтийг эдлэх вэ?

-Ахмад настан гэрээ байгуулсан 106 амралт, сувиллын газраас өөрөө сонгоод 100 мянган төгрөгөө төрийн санд төлж өргөдлөө бичээд, иргэний үнэмлэхний хуулбар, мөнгө төлсөн баримтаа хавсаргаж харьяа аймаг, дүүргийн халамжийн хэлтэс, сум хорооны нийгмийн ажилтан дээр очиж амрах эрхийн бичгээ авна. 

-Үнэ төлбөргүй амралт, сувилалд амрах боломжтой юу? 

-Амралт, сувиллын газрууд­тай ахмадуудын ая тухтай байдлыг хангах, шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилгоор хоногт  30 мянган төгрөгөөр амраах гэрээ байгуулсан. 100 хувь хөнгөлөх боломж байхгүй.

-Амралт, сувиллын газрууд яг ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? 

-Амралт болон сувиллын газар ялгаатай. Амралтын газар нь байгалийн үзэсгэлэнтэй, агаар салхи сайтай газарт байрлаж, өдрийн гурван хоолоор үйлчилж, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Харин сувилал бол аймаг, нийслэлийнхээ эрүүл мэндийн газраас сувиллын үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсан сэргээн засах, уламжлалт эмчилгээ сувилгааны үйлчилгээ эрхэлдэг газрууд байдаг. Тухайлбал  Улаанбаатар хотоос 22 километрийн зайд байрлах ахмадуудыг амраан сувилах, мөн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг “Сүүн сувилал” гэх мэт газрууд байгаа.

-Рашаан сувилалын үйл ажиллагаа явуулдаг ямар газрууд байдаг вэ? 

-Эрүүл мэндийн газраас магадлан итгэмжлэлээ авсан рашаан сувиллын газрууд байгаа. Байгалийн рашаанд түшиглэж, эмчилгээ сувилгаа явуулдаг Баянхонгорын “Шаргалжуут”, “Оргил рашаан сувилал”, “Аварга тосон” зэрэг 15 байгууллага байдаг. Эдгээр газруудад ахмад настан эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор жилд нэг удаа амрах эрхтэй. Даатгалтай иргэнд  энгийн өрөөний тарифаар тооцож 50 хувь хөнгөлөлт олгодог. Жишээлбэл “Шаргалжуут” рашаан сувилалд өдрийн 58 мянган төгрөгөөр тооцож арав хоног амрахад 580 мянган төгрөг төлнө. Дараа нь эмнэлгийн байгууллагын дүгнэлт, өргөдөл, мөнгө төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбартайгаа авчирч хөнгөлөлт эдэлдэг үйлчилгээ байдаг. Энэ хоёр үйлчилгээг манай ахмадууд хооронд нь их андуурдаг. Манайхтай гэрээ байгуулсан 106 газраас сонгон амарчихаад одоо рашаан сувилалд нь амарна гээд хүмүүс ирдэг. Гэтэл хуулиараа магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал нь тусдаа байдаг.  

Б.Саран-Учрал