-Арьс, өнгөний диспансерийг аймаг, сумдад ажиллуулах шаардлагатай-
Ичмээр зүйл юм шиг боловч ил ярих цаг нь хэдийнэ болсон олон асуудлын нэг нь бол тэмбүү бас сүрьеэ өвчин. Хорих ангид л гардаг, эсвэл хувьсгалын дараа л гарч байсан “муухай” өвчин хэмээн үл тоож, мөнхүү улс орны нэр хүнд гэсэн утгагүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл нууцалснаас болж, Монгол Улс эдгээр хоёр өвчний жолоог алдах шахсан нь худлаа биш юм. Харин сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарынхан эдгээр өвчинтэй тууштай тэмцэж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “дайн” зарлана гэдгээ мэдэгдсэний дараа сая л төр, түмэнтэйгээ “нойрноосоо сэрж”, өвчлөлтэйгөө тэмцэж эхлэх нь тэр. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд ямархуу амаргүй нөхцөлд ажиллаж байсныг төрийнхөн нь ойлгож, угтаа иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад байгууллага хоорондын хамтын ажиллагаа эргэн сэргэж эхэлсэн гэхэд болно. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд болон аймаг, сумын удирдах түвшний албан тушаалтнууд “Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдвээр үндэсний хэмжээнд чуулав.
Иргэдээ соён гэгээрүүлэх, эдгээр өвчний тархалтыг зогсооход дан ганц эмнэлгийн байгууллагын хүчин чармайлт учир дутагдалтай байгаа учраас аймгаараа, сумаараа ойлголцолд хүрч ажиллах, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг ойлгуулах нь энэхүү чуулганы гол зорилго байв. Үндэсний чуулганд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр тэргүүтэй албаны хүмүүс зорин очжээ. Тэд эдгээр өвчнийг эмчлэх үед тулгамдаж буй асуудал, шийдэх арга замын талаар илүү тодорхой мэдээлэл өглөө.
Сайн туршлага, сайн удирдагч нар
Үндэсний чуулганыг зохион байгуулахдаа Сэлэнгэ аймгийг сонгосон нь учиртай юм билээ. Тус аймгийн Засаг дарга Ш.Оргил нь эрүүл мэндийн чиглэлд хамгийн их анхаардаг залуу удирдагч аж. Иргэн нэг бүрийнхээ эрүүл мэндийн төлөө жил бүхэн төсөв зарцуулж, түүнийхээ үр дүнг үзэж байгаа. “Эрүүл Сэлэнгийн төлөө” гэсэн уриалга нь үр дүнд хүрч, тус аймаг сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулах чиглэлээр тууштай ажиллаж эхэлжээ. Мөнхүү халдварт болон халдварт бус өвчний үзлэг, шинжилгээг аймгийнхаа бүх сумдад 2016 оноос хойш зохион байгуулж хэвшсэнээ ч нээлтийн үеэр онцлов. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын жишээг энд онцлон дурдаж болно.
Тус сумын Засаг дарга Ж.Отгондалай үндэсний хэмжээний чуулганы индрээс сум орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд тулгамдаж буй бэрхшээл, мөн шийдэх арга замын талаар илтгэл тавьсан нь тунчиг сонирхолтой байлаа. Тэр иргэн нэг бүртээ хүрч ажилладаг залуу дарга. “Ийм удирдагч нар 21 аймаг, 360 суманд байдагсан бол эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал буурч, иргэдийн эрүүл мэндийн боловсрол ч тэр хэрээр нэмэгдэнэ дээ” хэмээн ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр онцгойлон баяр хүргэв, түүнд. Ж.Отгондалайгийн арга барил тун энгийн юм билээ. Тэр сумын хэмжээнд иргэн нэг бүртээ хүрч ажиллахыг зорьдог ажээ. Бүх иргэддээ урилга хүргүүлж, эмчийн үзлэгт тогтмол хамруулна. Мөн жирэмсэн эхчүүдийн тухай мэдээллийг өглөө бүхэн сөхөн харж, ургийг тээж буй эхэд хууч өвчин байгаа эсэх, мөн тээх явцад ямар нэг байдлаар биеийн байдал нь хүндэрсэн эсэх талаар байнга хяналт тавьж ажилладаг гэдгээ дуулгав.
Зарим эмэгтэйчүүд нь Засаг даргыгаа “Та миний жирэмсэн гэдгийг яаж мэдчихэв ээ” хэмээн асуудаг талаар инээмсэглэн ярина. Үүний үр дүнд Жавхлант сум эх, нярайн нэг ч эндэгдэл байхгүй олон жилийг үджээ. Цагаан сар болж байгаа хэмээн төрөх дөхсөн эхнэрээ явуулахгүй байсан малчин залуугийн гэр рүү битүүний өдөр өөрөө сумын цагдаатайгаа хамт давхиж очин, эхнэрийг нь цаг алдалгүй эмнэлэгт хэвтүүлснээр шинийн нэгний өглөө шинэ хүн угтан авсан тухайгаа ч тэр ярив. “Хөдөө сумын бэрхшээл нь энэ юм даа” хэмээн ярих залуухан даргаас чин сэтгэл, ажилдаа үнэнч байдал нэвт харагдана. Ийм л удирдлагууд аймаг, сум бүрт байдагсан бол иргэдийн эрүүл мэндийн асуудалд толгой өвдөхгүй явж болохсон.
Тэрбээр, “Тэмбүү гэдэг өвчин манай суманд байхгүй ээ. Нэг, хоёрхон тохиолдол байсныг нь эмч, эмнэлгийн ажилтан нууцлалын гэрээ байгуулан эмчилчихсэн. Бүр хавьтагчтай нь эмчилсэн. Би тэр тухай мэдэхгүй. Сумын нэг ч хүн мэдэхгүй. Бүр эмнэлгийн ажилтнууд ч мэдэхгүй. Ганцхан эмч, иргэн хоёрын дунд л энэ асуудал яригддаг. Бид иргэдээ хяналтад орох гээд ирэхэд нь хамгийн эхэнд цусны шинжилгээ авдаг. Тэнд ажиллаж буй эмч нь хэрвээ асуудал гарвал тухайн иргэн рүү яриад эмчлээд явчихдаг юм билээ. Тэмбүү болон бусад бэлгийн замын халдварт өвчний нэг ч тохиолдол манай суманд байхгүй” хэмээн ярив. Энэ бол сайн туршлага. 360 гаруй суманд энэ байдлаар эмч, иргэн хоёр хоорондоо нууцлалын гэрээ байгуулаад, хавьтагчтай нь хамт эмчлүүлчихвэл тэмбүү болон бусад өвчнийг маш хурдан хугацаанд дарж авах билээ.
Сүрьеэгийн эрт илрүүлэг нэмэгджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал М.Тунсаг сүрьеэ өвчний тархалт, эрт илрүүлгийн талаар илтгэл тавив. Монгол Улс анх 1962 онд үндэсний хэмжээнд эрт илрүүлгийг зохион байгуулснаар 5000 тохиолдол илрүүлж байжээ. Харин 2003 оноос хойш “Глобал” сан энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, өвчлөлийг бууруулахаар ажиллаж байгаа юм. ХӨСҮТ-ийн эмч, ажилтан, аймаг орон нутгийн сүрьеэгийн диспансерууд жилд дунджаар 4000 тохиолдол шинээр илрүүлэн эмчилдэг. Гэтэл жилд 12 мянган хүн сүрьеэгийн халдвар авсан байдаг бөгөөд энэ тоог жил ирэх тусам багасгах, мөн эрт илрүүлгийг хийснээр өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, эмчлэх бүх боломжийг эрэлхийлэн ажиллаж байгааг хэлж байна.
Улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөлөөр Улаанбаатар хот тэргүүлдэг бол аймгуудаас Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгууд өвчлөл ихтэй гэв. Гэвч тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэддээ сайн хүргэж байгаа учраас өвчлөлөө илрүүлж, эмчилж байгаа гэдгээрээ давуу талтайг бас орхиж болохгүй. Мөн уушгины хүнд төрлийн хагалгаа хийхэд зориулсан маш өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг оруулж ирэх асуудлыг төр засаг яаралтай шийдэх ёстойг М.Тунсаг захирал илтгэлдээ онцлов. Нэг сайн мэдээ гэвэл олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн иргэдийн нас баралтын тоо буурсан бөгөөд үүнээс гадна эрт, илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг ЕБС-иудад зохион байгуулснаар хүүхдийн дундах сүрьеэгийн өвчлөл буурчээ. Сүрьеэ өвчин нь агаар дуслын замаар халддаг гэдгээрээ онцлог. Тиймдээ ч халдвар авсан өвчтөнүүд ажил хийх боломжгүй болдог учраас эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг.
Мөн хайхрамжгүй байдлаасаа болж эмчилгээгээ тасалснаас үүдэн олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилж, хамгийн багадаа л 1.6 жил эмнэлгийн орон дээр гадна орчноос тусгаарлагдан хэвтдэг учраас иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, эмчилгээгээ таслахгүй байх ёстойг сануулав. Олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмийг олон сараар хэрэглэснээс болж хөдөлмөрийн чадвараа алдах, сонсгол болон харааны бэрхшээлтэй болох зэрэг сөрөг үр дагавар байдаг бөгөөд эндээс болж ажлаа алдах, групп тогтоолгох, бүр цаашлаад амь насаа алдах ч эрсдэл бий. Аймаг орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд энэ талаар илүү анхаарч, өвчтөн, эмч, ар гэрийн дунд гурвалсан гэрээ байгуулан эмчилгээг хийдэг болсноор өвчлөл тэр хэрээр буурч, эдгэж буй иргэдийн тоо ч нэмэгджээ.
Өмнө хэлсэнчлэн 2003 оноос хойш тасралтгүй энэ чиглэлд ажиллаж буй “Глобал” сангийн төсөл хэрэгжиж эхэлснээр сүрьеэгийн бактерыг 75 хоногт илрүүлж байсныг ердөө хоёр цаг болгон бууруулж, энэхүү тоног төхөөрөмжийг 19 нэгжид суурилуулсан гэдгийг тус сангийн сүрьеэгийн төслийн мэргэжилтэн С.Ганзаяа хэлж байв. Мөн олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвдсөн хүмүүс өмнө нь 24 сар эмчлүүлдэг байсан бол энэ хугацааг есөн сар болгон богино болгосон таатай мэдээг дуулгав. Мөн өвчтөний ажлын байрыг хамгаалж үлдэхийн тулд салбар дундын хамтын ажиллагаа маш чухал бөгөөд ялгаварлан гадуурхалтыг зогсоох ёстойг ч хэлж байлаа. Нэмж хэлэхэд, 2019-2020 оны төсөвт олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвдсөн иргэдийн хэвтэн эмчлүүлэх 120 ортой эмнэлгийн төсөв суусныг дуулгалаа.
Хавьтагчийг илрүүлэх нь хамгийн том асуудал
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч зургадугаар сард тэмбүү өвчинтэй “дайн” зарлана гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ хүрээндээ ч олон ажил эхлүүлж, хоёр жилийн хугацаанд “Тэмбүүг устгая” аяныг орон даяар хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд ХӨСҮТ-ийн дэргэдэх “Улаан тууз” эмнэлэгт хандах иргэдийн тоо эрс нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, долоо хоногт 280 орчим иргэн ханддаг байсан бол энэ тоо 540 болж нэмэгджээ.
Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол нэмэгдсэнийг илтгэх тоо гэдгийг ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Х.Даваажав хэлж байлаа. Дэлхий дахинд жилд 6.3 сая тэмбүүгийн тохиолдол бүртгэгддэг бөгөөд БНХАУ, Япон зэрэг улс орнууд өвчлөл өндөртэй байдаг гэнэ. Манай улсад харин 2019 оны эхний найман сарын байдлаар 26 төрлийн 29171 мянган халдварт өвчин бүртгэгдсэнээс 10430 нь БЗХӨ-өөр өвчилжээ. Түүн дотроо 37.9 хувь нь буюу 3952 орчим иргэн тэмбүүгээр өвчилсөн байна. Тэдгээрийн дотор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувь тэнцүү байх аж.
Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг хамгийн сайн хийж чадсан учраас Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ аймгууд өвчлөлөө илрүүлэн эмчилж эхэлжээ. Харин зарим аймгууд огт байхгүй, зарим нь илрүүлэг огтхон ч хийхгүй, хийсэн ч хангалтгүй байгааг ч судалгааны дүнгээр танилцуулав. Эдгээр аймгууд улсын дунджаас өндөр мэт харагдаж байгаа ч өвчлөлөө илрүүлж чадсан нь чухал. Тэмбүү өвчнийг илрүүлэн эмчлэхэд тулгарч буй хамгийн том бэрхшээл нь хавьтагчийг нь олж илрүүлэх явдал. Иргэд ихэд нууцалдаг учраас эмчлээд гаргахаар эргээд өвдөж ирэх, эсвэл нөгөө өвдсөн этгээд нь өөр хүнд халдаах гэх мэтээр эмчилгээ үр дүнгүй болдог аж.
Мөн ажилгүй, амьдралын боломж тааруу иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл хамгийн их байгаа учраас хүн бүхэнд хүрч ажиллах л хамгийн чухал байгаа юм. Тиймдээ ч социализмын үед ажиллаж байсан арьс, өнгөний диспансерийн орон тоог сэргээн ажиллуулах, орон нутгуудад энэ албан тушаалд мэргэжилтэн бэлтгэх чухал байгааг Х.Даваажав эмч зөвлөв. Ингэхийн тулд заавал мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүй бөгөөд сувилагчийн мэргэжилтэй хүнийг ч ХӨСҮТ-ийн дэргэд мэргэжилтнээр бэлтгэн ажиллуулснаар хавьтагчтай нь хамт эмчлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах боломжтой аж. ХӨСҮТ-өөс ойрын өдрүүдэд орон нутагт энэ төрлийн өвчнийг хэрхэн эмчлэх талаар сургалт явуулахаар болжээ.
Мөн жирэмсэний хяналтыг эрт үед хийх нь төрөлхийн тэмбүүгийн өвчлөлийг бууруулах хамгийн том давуу тал гэдгийг ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр тэнд цугласан эмнэлгийн удирдлагуудад захив. Өнгөрсөн хугацаанд 49 төрөлхийн тэмбүүтэй тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нас баржээ. Мөн далд үедээ оношлогдохгүй байх, жирэмсний сүүлийн саруудад тэмбүүгээр өвчилсөн бол нярай нь хоёр нас хүртлээ өвчин ороодог, өвчлөмтгий болох тохиолдол ч мэр сэр байдаг учраас жирэмсэн болон төрсөн ээжүүдэд үзлэг шинжилгээг тогтмол хийх ёстойг хэлж байлаа. Тэмбүүгээр өвчилсөн эхчүүд төрөхөөс өмнө эмчилгээгээ хийлгээд гардаг, төрсний дараа эргэж ирж эмчилгээндээ хамрагдахгүй байгаагаас болж, эмчилгээгээ дутуу орхидог зэрэг бэрхшээл ч байгаа гэв.
Тэгэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд төрсний дараах хяналтыг маш сайн тавьж, өвчтөн нэг бүртэй маш нууцын зэрэглэлд гэрээ байгуулан хавьтагчтай нь эмчлэх ажилд цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулах ёстойг хэлж байлаа. Энэ төрлийн өвчлөл эрчүүд, тэр дундаа шилжилт хөдөлгөөн ихтэй, уул уурхайн бизнестэй аймгуудад хамгийн их байгаа учраас эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар ёстой болж байна. Хамгийн чухал нь тэмбүү эдгэдэг өвчин. Эмнэлгийн ажилтнууд маш нууцын зэрэглэлд эмчилдэг учраас ах дүү, ажлын хамт олон, сум орон нутгийн иргэд мэдчихвий хэмээн эмээх шаардлагагүй юм. Та бэлгийн ганц хавьтагчтай, гэр бүлдээ үнэнч байснаар энэ төрлийн өвчнөөс бүрэн салах боломжтой юм.