ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдүүдийн эрх ашиг Ё.Баатарбилэг сайдад хамаагүй юу

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-01

Баянзүрх дүүрэгт байрлах “Монгол Тэмүүлэл” сургуулийн эцэг эхийн төлөөлөл БСШУСЯ-ны гадаа өчигдөр жагслаа. Яамнаас тус сургуулийг хичээлийн байрнаас нь гаргаж, сурагчдыг сургуульгүй, багш нарыг ажлын байргүй болгох нь хэмээн жагссан нь тэр аж. Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ямар ч сургуульгүй байсан бөгөөд 133 дугаар сургуулийг байгуулжээ. Байгуулахад газрын маргаан үүсэж, барилгын ажил  хийгдэх боломжгүй учир “Монгол Тэмүүлэл” сургуулийн 1-2 дугаар давхарт хичээллүүлжээ.  Уг нь “Монгол Тэмүүлэл” сургуульд 2017 онд яамны захиалгаар Кембрижийн хөтөлбөртэй системийн дагуу тохижилт, сургалттай төрийн өмчийн анхны сургууль болох “Шинэ Эрин” сургуулийн загвартай адил барилгыг барьж, эзэмшүүлжээ. Гэтэл сургуулийн  сурагчдын тоо цөөн гэсэн шалтгаанаар Худалдаа үйлдвэрлэл­ийн сургуулийн хоёрдугаар байр руу нүүлгэх шийдвэр гаргасан байна. Тус сургууль одоогоор  230 гаруй хүүхэдтэй. Есдүгээр ангиас нь эхлэн англи хэл, математикийн шалгалт­даа тэнцсэн хүүхдүүдийг авч сургадаг. Хосолсон буюу монгол, англи хэлээр хичээлээ заадаг аж.

 

Ж.Энхбаяр гишүүн сургуулийн асуудалд будлиан үүсгэв үү

Тэгвэл 133 дугаар сургууль 1000 гаруй хүүхэдтэй хэрнээ 600 хүүхдийн багтаамжтай сургуульд  чихцэлдэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар Эцэг, эхийн төлөөлөл Л.Амарзаяа хэлэхдээ,  ““Монгол Тэмүүлэл” олон улсын Кембрижийн сургалттай төрийн өмчийн сургуул­ийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд бид Боловсролын сайд, дэд сайд нарт албан шаардлага хүргүүлж байгаа юм. Өнөөдрийнх бидний тав дахь шаардлага л даа. “Монгол тэмүүлэл” сургуулийн хүүхдүүдийг өөрийнх нь эзэмшлийн байрнаас нүүлгэж, эзэнгүй, ашиглахаа больсон сургууль руу оруулах гэж байгаа юм. Энэ сургууль анх 2011 онд байгуулагдсан. Өөрийн байргүй үйл ажиллагаа явуулж байгаад 2017 онд “Дүнжингарав” захын урд талд улсын төсвийн хөрөнгөөр өөрийн гэсэн байртай болсон. 26 дугаар хороо өөрийн гэсэн сургуульгүй байсан учраас хүүхдүүдэд зориулж 133 дугаар сургуулийг 2017 онд  байгуулсан юм билээ. Улмаар “Монгол Тэмүүлэл” сургуулийн 1,2 дугаар давхарт үйл ажиллагаагаа түр хугацаанд явуулахаар болсон. Энэ хугацаанд Засгийн газар, тойргоо хариуцсан гишүүн Ж.Энхбаяр, Ё.Баатарбилэг сайд нар сургуулийн барилгын асуудлыг шийдэж өгөөгүй, удлаа. Гэтэл сургуулийн байрыг 133 дугаар сургуульд авч өгөх гэсэн булхайтай үйл ажиллагаа явуулж байна. Цаад эзэн нь УИХ-ын гишүүн “ЖДҮ-чин” гэгддэг Ж.Энхбаяр шүү дээ. Энэ хүн  анх гарч ирэхдээ хороог сургууль, цэцэрлэгтэй болгоно хэмээн амлаж, амлалтдаа хүрч чадахгүй учраас сургуулийн бэлэн байранд халдаж байна шүү дээ. Ж.Энхбаяр гишүүн хоёр талд ажилладаг. Бид 133 дугаар сургуулийн барилгыг барьж байгаа гэдэг боловч цаагуураа энэ муухай ажлыг зохион байгуулж байгаа. Харин Боловсролын яам нь хүчээр нүү гэдэг шаардлага тавиад,  тушаал шийдвэр гаргачихлаа. Багш, ажилчид сэтгэл зүйн  дарамттай байгаа. Тэд  ямар нэгэн асуудал гаргавал ажилгүй болох талаар яригдана шүү дээ. Сургуулийн захиралд удаа дараа дарамт ирсэн гэдгийг мэдэж байгаа. Эцэг, эхчүүд бид л  сургуулийн байраа авч үлдэхийн төлөө тэмцэхгүй бол болохгүй” гэв.

 

Хүүхдүүд сургуульдаа санаа зовж байна

Улсын хэмжээнд гуравхан Кембрижийн сургалттай сургууль  байдгийн нэг нь “Монгол тэмүүлэл”. Нөгөө хоёр нь “Шинэ эрин”,  “Шинэ эхлэл” сургуулиуд аж. Удахгүй тус сургуулийн сурагчдын дунд чухал шалгалт болох бөгөөд хүүхдүүд шалгалтдаа бэлтгэх байтал сургуулийн асуудалдаа санаа зовж байгаа гэдгийг эцэг эхчүүд учирлаж байлаа. Үндсэн хуульдаа хүүхэд, багачууд сурч боловсрох эрхтэй гэж заасан атлаа  тэдний сурах орчинд гараа дүрж байгаа нь нийгмийн гажуудал гэлтэй. Нэг сургуулийн хүүхдүүдийн эрх ашгийн төлөө нөгөө хүүхдүүдийг хохироож байгаа нь боловсролын зөв тогтолцоо биш юм. Хүүхдүүд улстөрч, хэн нэгний золиос бүр ч биш.  Салбарын сайд Ё.Баатарбилэг эцэг, эхчүүдэд “Жагсаал цуглаан хийх эсэхээ өөрсдөө л мэд. Танай сургууль цөөхөн хүүхэдтэй, төр нь юмаа мэдэж шийдэж байна. Танай захирал та нарт ойлгуулж хэлж, нүүж чадахгүй бол захиралтай чинь хариуцлага тооцно” гэжээ. Мөн тэд “Сургуулийн захирал энд хамаагүй,  бид  хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм  шүү дээ. Засгийн газар Кембрижийн хороо хоорондоо хийсэн гэрээг зөрчих гээд байна шүү дээ. Яагаад үүнийг тоохгүй байгаа юм бэ” гэлээ. Энэ асуудал “Монгол Тэмүүлэл”, 133 дугаар сургуулийн хүүхдийн  эрх ашиг хаа хаанаа хөндөгдөж буй хэрэг билээ.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулсан юм. Тэрбээр, “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн газар нь шүүхийн маргаантай байсан. Тиймээс 133 дугаар сургуулийг барих газар нь шийдэгдээгүй байгаа учраас “Монгол Тэмүүлэл” сургуулиас 2-3 км-ын цаана газрын асуудлыг шийдсэн. Харин газар, техникээс хамааран дараа жил барилгын ажил эхлэх нөхцөл бий болчихоод байгаа.  Тиймээс түрээсийн байраар асуудлыг шийдэхээр зургадугаар сард нийслэлээс сургуулийн удирдлагуудад түрээсээр хичээллэх боломжтой барилга байгууламж судлах үүрэг чиглэл өгсөн. Улмаар наймдугаар сарын дундуур Хавдрын эмнэлгийн урд талд байрлах орон сууцны барилгын 1-2 давхрыг сургалтын зориулалтаар тохижуулаад түрээслэх боломж байна гэх тооцоо судалгааг гаргаж ирсэн. Удалгүй сайдын тушаал гарч 133 дугаар сургуулийн 8-10 дугаар ангийг дээрх байранд оруулъя гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд нүүхгүй гэсэн. Сайдын зүгээс “Монгол Тэмүүлэл” сургуулийг өөр байранд шилжүүлэх боломжийг судал гэсэн чиглэлийг өгсний дагуу Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн хичээлийн хоёрдугаар байр болох дөрвөн давхар байрыг бүрэн суллачихсан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Засвар хийхэд 60 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг нийслэлээс шийдэхээр болсон. Дээрх хоёр сургуульд санал тавьсан ч хүлээж аваагүй” хэмээлээ. Эцэг, эхчүүдийн боловсролын яаманд ирүүлсэн албан шаардлагыг Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хүлээж авсан юм. Улмаар шаардлагатай танилцаад хариу өгөхөө мэдэгдлээ.