Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан билээ. Засгийн газраас 100 тэрбум төгрөгөөр барих төсвийг гаргасан гэж музейн дарга Н.Зоригтбаатар даваа гарагт мэдээлсэн. Улмаар хуучин газар дээр нь Чингис хааны музейг байгуулахаар болсон юм. 2013 онд МХЕГ-аас Байгалийн түүхийн музей буюу хуучнаар Төв музейн барилгыг ашиглах боломжгүй гэсэн шалтгаанаар акт үйлдэн, үйл ажиллагааг зогсоосон байдаг.
Байгалийн түүхийн музейн барилгыг 1952-1954 онд монголын хамгийн анхны архитектор Б.Чимэд гэдэг хүн зураг төслийг нь гаргаж байжээ. Гэхдээ Хөдөө аж ахуйн дунд сургуулийн зориулалтаар 1956 онд барьж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл музейн зориулалттай бус хэдий ч анги танхимыг музейн зориулалтаар ашиглаж өдийг хүрчээ. Улмаар 2014 онд МХЕГ нурах аюултай барилгуудын жагсаалтад оруулж, ШУТИС-ийн харьяа Барилгын материалыг шинжлэн судлах лабораториос ашиглах боломжгүй гэх дүгнэлт гаргажээ. Тэд ийм дүгнэлт гаргахдаа үнэхээр барих төсөв мөнгөгүй бол барилгадаа хүчитгэл хийж болно гэдгийг хэлжээ. Хүчитгэл хийхэд дахин барихтай адил хэмжээний зардал гарахаас гадна барилгын даац хүчитгэл хийхэд хүч хүрэхгүй, нурах аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн байна. Гэхдээ Байгалийн түүхийн музейн барилга Санхүү эдийн засгийн дээд сургуулийн барилгатай нэг он жилүүдэд баригдсан гэдэг. Гэтэл тухайн сургуулийн барилга хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг судлаачид онцолж буй.
Нийслэлийн хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газраас яагаад нураах гэж байгаа, нураах шаардлага байгаа эсэх талаар тодруулахад “Уг музейг нураахад МХЕГ-ын дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан” гэсэн юм. Байгалийн түүхийн музейг нураахыг дэмжихээсээ илүү, дэмжихгүй хүн олон байна. Жирийн иргэд ч тэр, Монголын шилдэг архитекторууд ч тэр өвөрмөц шийдэлтэй, түүх дурсгалын барилга хэмээн үзэж буй. Нураана гэхээсээ илүү олон улсын экспертүүд, соёлын өвийн төлөөллийг авчирч дүгнэлт саналыг авах хэрэгтэйг зарим нь онцолж буй.
Монголын архитекторуудын эвлэлийн “Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар хэлэхдээ, “Монгол Улс өөрсдийн барьж байгуулсан түүх дурсгалаа үргэлж устгаж байсан түүхтэй болох нь. 1937 онд үндэсний өв соёлыг хадгалсан бүх барилга байгууламж, сүм хийдийг буулгаж, шатаасан байдаг. Барилга байгууламж гэдэг бол түүх. Тэд түүхийг цаашид хэрхэн хамгаалж хадгалах талаар мэргэжлийнхэн тасралтгүй ажилласаар байна. Түүхэн байгууламжийг устгах бодлого улс төрчдөд л байна. Балгас болсон ч бид түүхэн дурсгал болгон хадгалж хамгаалж, үзмэр болгон хөгжүүлэх ёстой. “Монголын архитекторуудын эвлэл” түүхэн дурсгалт барилга байгууламжуудыг хамгаалж үлдэхийн тулд бүхий л хэлбэрээр тэмцэнэ. Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хадгалалт хамгаалалтыг сайжруулъя, олон улсын конвенцийн дагуу сэргээн засварлаж, хамгаалъя гэсэн агуулгатай мэдэгдэл хүргүүллээ” гэдгийг хэлж байсан юм.
Тэгвэл өчигдөр залуус “Соёлын өвөө хамгаалцгаая” сэдвийн дор мэдээлэл хийв. Дэлхийн бусад орнууд дурсгалт газруудаа засварлах шаардлагатай бол урд талын нүүрэн хэлбэрийг нь үлдээж, бусад хэсгийг нь засварладаг туршлага бий. Энэ талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлэхдээ,
“Хот доторх хуучин барилгаар иргэдийнхээ дурсамжийг авч үлдэх ёстой. Гадны оронд нүүрэн фасадыг нь авч үлддэг туршлага байдаг. Иймд барилгыг шууд буулгаж болохгүй Сэргээн засварлах, хамгаалж үлдэхдээ маш олон аргыг ашигладаг. Тухайлбал, бүтнээр нь буулгаад барьдаг тохиолдол бий. Гэхдээ манай улсад яг үндэслэл нь биш л дээ. Өөрөөр хэлбэл, дахин сэргээж барих шаардлагатай гэдэгт террорист халдлага ч юм уу, дайн байлдаан болоод устчихсан барилгаа буцааж тэр хэвээр нь барьдаг тохиолдол бий. Бусад үед буцааж сэргээн, хамгаалах тухай ярьдаг. Сүүлийн 5-6 жил тухайн музейг хааж, урсгал засвар хийхгүй байхаар мэдээж ямар ч барилга муудна шүү дээ. Тэгэхээр цаашид хүчитгээд засаад явах шаардлагатай” хэмээлээ.
Харин Монгол туургатан төв холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр "Байгалийн түүхийн музейн хүчитгэлийг хийх боломжтой болохыг мэргэжлийн хүмүүс нь санал дүгнэлтээрээ хэлсэн. Хамгийн гол нь тус музейг арчилж, тордоогүй зургаан жил зөнд нь хаясны үр дүнд гадна шавар фасад нь хууларсан байдалтай харагдаж байгаа юм. Барилгуудыг нураалгахгүй байх талаар бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, БСШУСЯ-нд шаардлага хүргүүлсэн. Олон улсын соёлын өвийн байгууллагуудад албан ёсоор хандана. Байгалийн түүхийн музейг хүчитгэх бүрэн боломжтой. Гэтэл газрыг нь суллаж авах зорилгоор түүхэн гурван газрыг золиослох гэж байна. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгож байна. Үнэхээр шинээр барих төсөв мөнгө нь байгаа бол хотын өөр байршилд шинээр орчин үеийн барилга барих хэрэгтэй. Байгаа зүйлээ үгүй хийгээд дахиж шинээр барина гэдэг нь утгагүй зүйл. Улаанбаатар хотод байдаг соёлын өвийг устгаад дууслаа. Одоо соёлын өв, архитекторын түүхэн барилга цөөхөн үлдсэн. Манай улс жилд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн зорилго тавьсан хэрнээ эдгээр барилгуудаа буулгах гээд байгааг эсэргүүцэж байгаа юм. Байгаа хуучин барилгуудаа сэргээж үзүүлэх хэрэгтэй шүү дээ” гэдгийг онцоллоо.