“Эрдэнэт” үйлдвэрийн технологид тохирохгүй балансын бус овоолгыг боловсруулж, катодын зэс үйлдвэрлэж буй “Ачит-Ихт” ХХК-иар зочилж, тус компанийн захирал Д.Эрдэнэцэцэгийг “Ярилцах танхим”-даа урилаа. Тус компани байгуулагдаад тавхан жил болсон ч, 220 гаруй ажилтантай, Лондонгийн металлын биржид бүртгэлтэй үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болжээ.
-“Эрдэнэт” үйлдвэрийн технологид тохирохгүй балансын бус овоолго дээр үйлдвэр байгуулаад, ашигтай ажиллаж байна. Үүнээс гадна олон иргэнийг ажлын байраар хангаж байна шүү дээ. Яг ямар технологи ашиглаж овоолгыг баялаг болгож байгаа вэ?
-“Эрдэнэт” үйлдвэр 1978 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, бага агуулгатай хүдрийг “Эрдэнэт”-ийн гадаад овоолго буюу нийт 12 овоолгод хуримтлуулсан байдаг. Тэр хуримтлуулсан 12 овоолгын гурав нь балансын бус овоолго юм. Манай үйлдвэр балансын бус хоёрдугаар овоолго дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Балансын бус овоолго нь өндөр технологи гарсан үед хэрэглэх байх гэж хуримтлагдсан овоолго. “Эрдэнэт” үйлдвэр энэхүү хоёрдугаар овоолгыг гадаад, дотоодын олон эрдэмтэн, судлаачдаар судлуулж судалгаа, туршилт хийлгэж байсан ч эдийн засгийн хувьд үр ашиггүй, эрсдэлтэй гэж үзэж байжээ. Харин манай компани сүүлийн үеийн технологийг оруулж ирсний үр дүнд ашигтай ажиллуулж, хоёрдугаар овоолгыг баялаг болгож, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-Боловсруулах үйлдвэрийн технологи нь хүрээлэн буй орчиндоо ямар нөлөөтэй вэ?
-Гидрометаллургийн үйлдвэр нь анх 1950-иад онд АНУ-д дэлгэрч, олон улсад маш түгээмэл хэрэглэгдэж буй үйлдвэрийн технологи юм. Зэс үйлдвэрлэж буй технологи нь перо, гидро гэсэн хоёр төрөлтэй. Перометаллургийн аргаар хийж буй зэс нь 1000 хэмийн өндөр температураар зэсийг гаргаж авдаг бол гидрометаллургийн аргаар боловсруулж байгаа зэс нь ердөө 220 кВт-ийн цахилгааныг зарцуулж катодын зэс үйлдвэрлэдэг. Эрчим хүч бага хэрэглэдэг, байгаль орчинд ээлтэй учраас “ногоон зэс” гэж нэрлэдэг. Манайх 30 гаруй жил болсон овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлээд, 220 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн улс болон орон нутгийн төсөвт хувь нэмрээ оруулж, экспортын бүтээгдэхүүн гарган Монголдоо валютын орлого оруулж ирж байгаагаараа давуу талтай.
-Хоёрдугаар овоолгын зэсийн агууламж ойролцоогоор хэдэн хувьтай байгаа вэ?
-Хоёрдугаар овоолго бол балансын бус овоолго. Балансын бус овоолгын хүдрийн агуулга нь балансын овоолго болон бусад хүдрээс харьцангуй бага байдаг. Хоёрдугаар овоолгын дундаж агуулга нь ТЭЗҮ-д зааснаар 0.3 гэж үздэг.
-Лондонгийн металлын биржид бүртгүүлсэн талаар мэдээлэл өгөөч. Энэ нь салбартаа амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл байх?
-Олон улсын металлын зах зээлд Лондонгийн металлын бирж нь зэсийн хувьд гол бирж. Өөрөөр хэлбэл бүх зэсийн үйлдвэрлэл явуулдаг байгууллагууд Лондонгийн биржийн зэсийн үнийг баримталдаг. Манай үйлдвэрийн хувьд байгуулагдсан эхний жилүүдээс л Лондонгийн биржийн “А” зэрэглэлийн цэвэршилттэй катодын зэсийг үйлдвэрлэж ирсэн. А зэрэглэлийн цэвэршилттэй гэдэг нь Лондонгийн металл биржид химийн хувьд таван есийн буюу 99,999 гэсэн чанарыг хангасан гэж үздэг. Бидний хувьд энэ чанарыг таван жил тогтвортой хангаж байгаа учир манай компанийг Лондонгийн металл биржийн гишүүнчлэлээр бүртгэж баталгаажуулсан. Энэ нь Монголын компаниудын хувьд анхны салхийг хагалсан хэрэг төдийгүй манай “Ачит-Ихт” ХХК-ийн ажилчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд монголчуудын олон жил хүсэн хүлээсэн “Мөсөн өргөө”-г байгуулах ажилд асар их хөрөнгө оруулалт хийсэн шүү дээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явж байгаа вэ?
-“Ачит-Ихт” ХХК байгуулагдаад арван жил, үйлдвэр үйл ажиллагаа явуулаад таван жил болж байна. Зэс гэдэг бол байгалийн баялаг. Монголын ард түмэн байгалийн баялгийг нийтээрээ хүртэх ёстой гэж үздэг. Манай компани ч хүртээмжтэй байхыг эрхэмлэдэг. Тиймээс байгалийн баялаг болох эрдсийг ялгаж авсны төлөө компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд чиглэсэн ажил хийх ёстой гэж үзээд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь “Мөсөн өргөө” юм. “Мөсөн өргөө” бол “Ачит-Ихт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гол санхүүжилтийг хийж байгаа төсөл юм. “Мөсөн өргөө” нь дотооддоо спортын бүх чиглэлээр ашиглахаас гадна урлагийн зориулалтаар ашиглах боломжтой, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашигласан ордон болно гэж харж байгаа. Энэ ордныг 2020 оны долдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байна.
-“Ачит зэс” охин компаниа байгуулж, давуу эрхийн хувьцаа гаргасан гэлээ. Хувьцааг хэрхэн тарааж байгаа вэ?
-Давуу эрхийн хувьцаа нь бас л бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлуудын нэг. “Эрдэнэт” үйлдвэр бол “Ачит-Ихт” ХХК-ийг өлгийдөн авсан үйлдвэр шүү дээ. Тиймээс Эрдэнэтийн овооны ашиг шимийг эрдэнэтчүүд болон компанийн ажилчиддаа хүртээхийг зорьсон. Энэ хүрээнд өөрийн компанийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад давуу эрхийн хувьцаа гаргах замаар нийгмийн баялгийг тэгш хүртээх зорилгоор энэ ажлыг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар дөрвөн удаа давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг нь олгоод байна. Манай үйлдвэрийн залуучууд 100 хувь хамрагдсанаас гадна ажиллаж байгаа залуучууддаа урамшуулал болгож тодорхой хувийг үнэгүй эзэмшүүлсэн.
-Улсын төсөвт энэ хугацаанд хэчнээн төгрөгийн орлого оруулсан бэ?
-“Ачит-Ихт” ХХК өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын төсөвт 160 орчим тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр оруулсан байдаг. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт хамтын ажиллагааны гэрээний дагуу 10 орчим тэрбум төгрөгийг ашиглалтын зардалд төлж ирлээ.
-Одоогоор хэчнээн ажилтантай вэ. Ажилчдынхаа нийгмийн байдалд хэрхэн анхаардаг вэ?
-Манайх нийтдээ 220 орчим ажилтантай. Тэдгээрийн 80 хувь нь дээд боловсролтой. Ажилчдадаа сэтгэл ханамжтай байлгахын тулд орон сууцны боломжтой зээлийг бий болголоо. 21 ажилтандаа орон сууцны дэмжлэг үзүүлсэн гэх мэтчилэн нийгмийн асуудлаас гадна эрүүл мэндийг хамгаалж, аливаа аюул ослоос урьдчилсан сэргийлж ажилладаг.
-Танай үйлдвэрт оюутан байх хугацаандаа сургалтын төлбөрийн тэтгэлэг аваад, эргээд үйлдвэртээ мэргэжлээрээ ажиллаж байгаа олон залуу байдаг юм гэлээ. Яаж сонгон, шалгаруулж авдаг вэ?
-“Ачит-Ихт” ХХК анх үйлдвэрээ ашиглалтад оруулсны дараа залуу халаа, шинэ боловсон хүчнүүдээ бэлтгэх ёстой гэж үзсэн юм. Үүний дагуу “Эрдэнэт” хотын Техникийн их сургууль, Улаанбаатар хотоос ШУТИС-иас цахилгаан, механик болон манай үйл ажиллагааны баяжуулалтын чиглэлээр суралцаж байсан 10 оюутныг шалгаруулсан. Улмаар тэдгээр оюутнуудад 3-4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, сургуулиа төгссөнийх нь дараа ажлын байраар хангалаа. Ажлынхаа гарааг эхлүүлсэн залуус 2-3 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Мөн гадаадад зарим оюутнаа бэлдэж байгаа бөгөөд хараахан төгсөж ирээгүй байгаа.
-Цаашид тавьж буй зорилго, зорилтоо юу гэж харж байна?
-Бид даяаршсан дэлхийд амьдарч байна. Өнөөдөр бидний хийж байгаа үйл ажиллагаа боловсруулах үйлдвэрийн салбартаа түүчээ болж байгаа. Нэгдүгээрт, үүсмэл орд хэмээх шинэ нэр томьёо бий болж, Монгол Улсад эрх зүйн зохицуулалтыг анх удаа бий болгоход манай компани тодорхой хэмжээнд хувь нэмрээ орууллаа. Хоёрдугаарт, үүсмэл ордын анхны тусгай зөвшөөрлийг манай компани авсан. Эрх зүйн зохицуулалт бий болж, анхны тусгай зөвшөөрөл эзэмшигч болсны хувьд бүх зүйлд анхдагч болж байна. Тийм учраас боловсруулах үйлдвэрийн салбарын түүчээ боллоо. Манай компанийн араас эрдэс баялгийн салбарт сорчилж орхисон овоолгуудыг ашиглаж үйлдвэрлэл явуулан, олон хүнийг ажлын байртай болгох компаниуд бий болоосой гэж хүсмээр байна. Өнөр өтгөн болж Монгол Улсынхаа эдийн засгийг солонгоруулах байх гэж итгэж байгаа.
-Сонирхоод асуухад компанийг анх хөрөнгө оруулах гэж сонирхож байсан гадны хүмүүс одоо та бүхэнтэй уулзаад юу гэдэг вэ. Алдаа хийжээ гэж харамсаж байсан тухай бид ярьж байлаа?
-Анх “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус овоолгыг ашиглах ажлыг үндсэндээ 10 жилийн өмнө эхэлсэн гэсэн үг. 10 жилийн хугацаанд гадны олон компанитай хамтарч ажиллаж байсан. Хамтран ажиллах явцад Монголын төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хүндрэлээс болоод бидэнтэй хамтарч ажиллах гэж байсан гадны компаниуд татгалзаад гарч явсан юм. Тухайн компани манайхаас татгалзаад гарсан боловч Казахстан улсад очоод яг манайхтай адилхан үйлдвэр байгуулаад бас л Лондонгийн биржид бүртгэлтэй болсон. Эргээд уулзахад тэдгээр хүмүүс “Бид жаахан тэвчээртэй байх байжээ. Танайх амжилттай ажиллаж байна” гэж ярьж байсан. Ингэж хэлсэн нь бидэнд цаашид илүү хөгжих дэвших урам зоригийг өгсөн дөө.
-Цаашид ямар технологийг нэвтрүүлэх вэ. Сайжруулах ямар арга зам байна гэж харж байгаа вэ?
-Гидрометаллургийн арга нь уусгах, уусган хандлах, цахилгаан хими гэсэн гурван технологийг дамжиж эцсийн бүтээгдэхүүн болох катодын зэс гардаг. Эцсийн бүтээгдэхүүн гарахад уусгалт их чухал бөгөөд хоёр янзаар хийдэг. Нэг нь овоолгын уусгалт, нөгөө нь нуруулдан уусгалт гэж нэрлэдэг. Овоолгын уусгалт гэдэг нь одоо үүссэн овоолго дээр бороожуулалт хийгээд, гарсан уусмалыг авч зохих технологийн дагуу катодын зэсээ гаргадаг. Харин нуруулдан уусгалт хийхдээ тусгай бэлтгэсэн талбайд плёнк дэвсээд хөрс рүү хэзээ ч уусмал алдахгүй, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй тусгай бэлтгэсэн талбайд хүдрээ овоолоод уусгахыг нуруулдан уусгалт гэдэг. Өнөөдөр “Ачит-Ихт” ХХК бэлэн болсон хоёрдугаар овоолго дээр овоолгын уусгалт хийхээс гадна тусгай бэлтгэсэн талбайд нуруулдан уусгалт хийхээр бэлтгэж байна. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай сайжруулах үйл явцын нэг гэж ойлгож болно.
-Энэ хугацаанд хэчнээн хэмжээний зэсийг гаргаж авсан бэ?
-Манай үйлдвэрийн ТЭЗҮ-д зааснаар жилдээ 10 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. 2014 оны долдугаар сард анх туршилтын журмаар үйлдвэрлэснээс хойш хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажиллалаа. Жилдээ 10 мянган тонн буюу түүнээс дээш хэмжээгээр зэс үйлдвэрлэж байна гэвэл 50 гаруй мянган тонн катодын зэс үйлдвэрлэн экспортод гаргалаа.
-Өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юу?
-Даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд технологи өдөр бүр боловсронгуй болж байна. Энэ чиглэлээр манай компани судалгаа шинжилгээний ажлыг хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх гээд ажиллаж эхэллээ. Энэ төслөө ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.
-Эрдэнэт хотод тоосжилт их байгаа гэдэг. Танай компанийн хувьд тоосжилтыг үүсгэхгүйн тулд бороожуулалт ашигладаг гэж ойлгож болох уу?
-Цагаан тоос гэж зарим хүмүүс ярьдаг болсон. Цагаан тоос нь манай үйлдвэртэй холбоогүй юм. Заримдаа хойноос салхи гарсан үед манай үйлдвэрт ч ирдэг. Манай үйлдвэрийн үйл ажиллагаа битүү циклээр явагддаг, овоолго руу уусмал шахаж суваг, цөөрмүүдээр дамжуулаад уусгасан уусмалаа үйлдвэрлэлийн технологи руу оруулаад, буцаад яг тэр технологиороо овоолго руу уусмалаа өгдөг. Манай үйлдвэрийн үйл ажиллагаа нь шингэн уусмалаас зэсийг ялгаж авах технологи юм. Мэдээж, машин явбал тоос гарах байх аа. /инээв/