ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Жаргалтуяа: Түүхий эдийн чанарт төрөөс анхаарах цаг болсон

O.Admin
2019-10-21

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа манай улсын үйлдвэрлэлийн салбар тэр дундаа арьс ширний үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ гэдгийг онцлон хүргэж байна. Энэ талаар ШУТИС-БХУС-ийн Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч П.Жаргалтуяатай ярилц­лаа. 

-Таны хувьд арьс ширний үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсад арьс ширний 34 үйлдвэр ажиллаж байгаа. Сүүлийн долоон жилийн байдлаар 10 гаруй үйлдвэрт техник, технологийн шинэчлэлт хийж, бүтээг­дэхүүнээ сайжруулж, хөг­жүүллээ. Экспорт­лох оролдлого хийж байгаа юм. Тодорхой хэмжээний ахиц гарсан.  Арьс ширний бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх хувь нь  0.3-0.4  байна. Энэ бол маш бага тоо. 1990 оноос өмнө монголчууд хаягдлаа хүртэл бүрэн боловсруулдаг байсан. Маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийж, экспортод гаргадаг байлаа.  Мөн Гаалийн статистик мэдээнээс судалгаа хийж үзэхэд, Монгол Улсын нийт экспортын 0.24-0.38 хувь арьс ширэн бүтээгдэхүүн  байна.  Нийт экспортын 80 гаруй хувь түүхий эд болон анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн байгаа юм. Арьс ширний үйлдвэрлэлд ийм үр дүнгүүд гарч ирж байна. Өсөлт харагдахгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар буурах хандлагатай болсон.

-Олон улсад арьс шир­­ний бүтээгдэхүүн­ийг эко гэж нэр­лэдэг. Харин манай улс ямар түвшинд байна вэ?

-Дэлхий нийтэд арьс ширийг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг. Бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх нь экспортын хувьд шинэ боломж гарц гэж ойлгодог. Үйлдвэрлэгчид бүтээг­дэхүүнээ сайжруулж, улам хөгжүүлэх шаардлагатай. Бүтээгдэхүүний чиглэл, хандлагыг хүртэл өөрчлөх ёстой. Тухайлбал, манай үйлдвэрлэгчид савхин цамц, нэхий дээл ихэвчлэн үйлдвэрлэдэг бол дэлхийн нийтийн хандлага энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлсэн. Тэд машины доторлогоо, мебель, буйдангийн бүрээс зэргийг үйлдвэрлэж байна. Мөн үндсэн гол хэрэглээ болох цүнхэнд  үйлдвэрлэлүүд явж байгаа. Хамгийн үнэтэй бүтээгдэхүүний тоонд  зүй ёсоор цэвэр арьсаар хийсэн цүнх ордог.

-Түүхий эдийн чанарт үйлдвэрлэгчид хэр анхаар­даг юм бэ. Энэ төрлийн үйлдвэрлэлд чанарын тухай  ойлголт арай өөр байдаг шиг санагддаг?

-Түүхий эдийг малчдаас авч байгаа. Түүхий эдийн чанарыг сайжруулахын тулд холбогдох яам, тамгын газар, төрөөс бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой юм. Чанарыг сайжруулахын тулд ямар тогтолцоо бүрдүүлэх ёстой вэ гэдгийг шийднэ. Энэхүү тогтолцоонд идэвхтэй оролцсон малчдыг хэрхэн урамшуулах вэ гэдэг системийг бүрдүүлж ажиллах ёстой. Нэг үйлдвэрийн хувьд түүхий эдийн чанарыг сайжруулах гэж явах нь өрөөсгөл. Түүхий эдийн чанарт төрөөс анхаарах нь зүйтэй.

-Дэлхий нийтэд бүтээг­дэхүүний технологи маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Өнөө­дөр гарсан зүйл маргааш нь хуучирдаг. Манай улсад технологийн хувьсал үйлдвэрлэлд байна уу?

-Дэлхий нийтэд нано болон био технологийг нэвтрүүлсэн. Тэр дундаа байгаль дэлхийд хоргүй эко технологийг нэвтрүүллээ. Манай улсад хамгийн их шүүмжлэл дагуулдаг зүйл чинь технологийн асуудал шүү дээ. Үйлдвэрүүдээс гарсан химийн хортой  ус, эцсийн хаягдал бүтээгдэхүүн байгаль дэлхийд халтай байна. Тиймээс одоогоос 5-6 жилийн өмнө үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал ярьсан. Одоо ч энэ асуудал шийдэгдээгүй байна. Тэгэхээр арьс ширний салбарын бизнесийн орчин шийдэгдэхгүй байна гэсэн үг. Гадны улс орнуудад үйлдвэрүүдийг ямар байдлаар байршуулдаг юм бэ гэдэг тэр хандлага руу манай улс орох ёстой. Мөн үйлдвэрлэлийн хувьд үр ашигтай байх хэрэгтэй. Ингэж байж экспортод гаргана.

-Үйлдвэрлэлийн хувьд ямар байна вэ. Хөгжих боломж нь хэр байна вэ?

-Миний нэлээд гайгүй боломжийн үйлдвэрлэл явуулдаг хэд хэдэн үйлдвэрлэлд судалгаа, шинжилгээ хийсэн. Үйлдвэрүүдийн ашиг 1-5 хувьтай байна. Банкны хувьд үйлдвэрлэл болоод бизнесийн зээл нь хамгийн багатай 18 хувь байна. Дээд тал нь 20 хувьтай байх жишээтэй. Энэ судалгаанаас харвал дор хаяж 25 хувийг ашигтай ажиллаж байж, үйлдвэрлэл хөгжих боломжтой. Гэтэл үйлдвэрүүдэд энэ төрлийн зээлийг авч чадахгүй байна гэсэн үг. Үүнээс үүдэн хөгжиж чадахгүй байгаа юм. Нөгөөтээгүүр, үйл ажиллагааны зардал маш өндөр. Тухайлбал, Нийгмийн даатгалын шимтгэл манай улсад өндөр. Үүнээс үүдэн цалингаа өсгөх боломж байхгүй.

-Үндэсний үйлдвэрлэл­ийн бүтээгдэхүүнийг үнэтэй байна гэсэн шүүмжлэл их байдаг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм ээ. Импортын бүтээг­дэхүүнтэй харьцуулахад өр­сөлдөх чадварын хувьд харьцуулахад үнэтэй байдаг. Бүтээгдэхүүний хөгжлийг хардаг нэг хэмжүүр нь чанараас гадна өртөг гэж бий. Бүтээгдэхүүнийг маш хурдан өөрчилж шинэчлэх шаардлагатай. Манайд шинэчилж, өөрчлөх гэсээр байтал 3-4 жил болчихдог. Арай хийж шинэчлээд, өөрчлөөд гарга­сан бүтээгдэхүүн нь 4-5 жилийн өмнө судалгаа хийгээд бэлдсэн бүтээг­дэхүүн байх жишээтэй.  Энэ нь шинэчлэлийг тодорхой нэг түвшинд ахиулж байна гэсэн үг. Бусад салбарт өөрчлөлтүүд өдөр, сараар хэмжигддэг. Харин манай улсын  хувьд урт хугацаанд өөрчлөлт, шинэч­лэлтийг хийж байна. Тиймээс бүтээгдэхүүний өөрчлөлт, шинэчлэлтийг хурдан хугацаанд хийх ёстой. Хэрэглэгч ямар үзүүлэлтийг түлхүү сонгож авч байна вэ гэдгийг судлах шаардлагатай. Манай үйлдвэрлэгчид  түүхий эд нь малын арьс, шир учир чанартай гэсэн ойлголттой байдаг. Гадны бусад орнуудын брэндийн бүтээг­дэхүүнтэй харьцуулахад нэн тэргүүнд мэдээж эко байна. Дараа нь загвар, дизайн, тоноглолтой бол ярих зүйл байхгүй. Манай бүтээгдэхүүний хувьд хэн ч, юу гэж дүгнэсэн ч монгол хүн хийсэн нь шууд харагддаг. Тоноглол, цахилгаан, элдэв чиглэл, оёдол, дизайн, загвар, өнгө нь хамаагүй болхи байдаг. Иймэрхүү дутагдлууд үйлдвэрүүдэд байдаг. Харин үйлдвэрлэгч нар энэхүү дутагдлаа тэр бүр ойлгодоггүй. Нэн тэргүүнд дотооддоо өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Манайд түүхий эд нь хямд шүү дээ. Ганцхан боловсруулалт, техник, технологи талдаа өндөр өртөгтэй байна. Манай үйлдвэрлэгчид жил бүр үзэсгэлэн худалдаа гаргадаг. Өмнө нь гаргасан бүтээгдэхүүнээс нээх өөрч­лөлт гараагүй байдаг. Маш сайн анхаарсан хүнд нэг шат ахисан нь харагдах байх. Зөвхөн нэг үзүүлэлт нь сайжирсан байх жишээтэй. Хэрэглэгч за яахав дээ, нэг үзүүлэлт нь сайжирсан байна гэж бүтээгдэхүүнийг сонгодоггүй юм.

-Дэлхийд хүлээн зөв­шөөрөгдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэр их цаг хугацаа шаардлагатай вэ?

-1990 оноос өмнө монгол­чууд социалист орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан. Тухайн үед түүхий эдийн чанар болоод бүтээгдэхүүн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байсан юм. Төрөөс үйлдвэрлэлийн салбарт маш том бодлого хэрэгждэг байлаа. Түүхий эд чанартай учраас арьс ширний боловсруулалт сайн байсан. Одоо түүхий эдийн бэлтгэл боловсруу­лалт хангалтгүй байна. Гад­ны улсад арьс ширний боловсруулалт нэлээд өндөр түвшинд хүрсэн. Энэ түвшинд хүрэхийн тулд техник, технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Шинэч­лэлийг хийх ёстой. Нэн тэргүүнд түүхий эдийн чанар, бэлтгэлд анхаарах шаардлагатай юм.

-Үйлдвэрүүдийг Улаан­баатар хотоос гаргаж, парк хэлбэрээр  хөгжүүлэх ёстой юм шиг харагддаг.  Даанч үүнийг эхлүүлэх зориг дутаад байна уу?

-Хуучин арьс ширний нэгдэл гэж Хан-Уул дүүрэгт байсан. Тухайн үедээ л парк хэлбэрээр хөгжүүлж байсан хэрэг. Харин төр хотоос үйлдвэрлэлүүдийг гаргана гэж шийдвэр гаргачихаад орхиж болохгүй. Үүнийг хэрэг­жүүлэх ёстой. Арай гэж үндсэн хөрөнгө, байшин барилгатай болсон үйлдвэр­лэгчид шинэ газар нүүгээд очих боломж байхгүй. Төрөөс зохицуулалтыг хийх хэрэгтэй.  Гар гэсэн шийдвэр нь байдаг. Харин яаж гарах вэ гэдэг шийдэл нь байхгүй байж болохгүй юм.