Нийслэлийн цагдаагийн газар хулгайд алдагдсан 200 гаруй утсыг хураан авч, эздэд нь өгч байгаа ажээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулаас тодрууллаа.
-Цагдаагийн байгууллага хулгайд алдсан гэх 200 гаруй утсыг хурааж авсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Халаасны хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсүүд хамтарч “Халаас” гэсэн 14 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монтел”, “Теди” төвийн гадна зохих зөвшөөрөлгүйгээр гар утас худалдан авдаг хүмүүстэй өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард удаа дараа уулзсан. “Ченж” гэж нэрлэгддэг тэдгээр хүмүүст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх Монгол улсын Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулсан. Мөн гарын авлагаар хангасан боловч дээрх этгээдүүд дахин хулгай, дээрэм, булаалт гэх мэт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гар утсыг хямд үнээр худалдан авч байсан. Түүнээс гадна, сэлбэж, өөрчилж, борлуулж байгаа нь тогтоогдсон. Тиймээс 200 гаруй iphone, samsung маркийн голдуу утсыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хурааж аваад байна.
-Утсаа алдсан иргэд хаана очиж хураагдсан утаснуудтай танилцах боломжтой вэ?
-Гар утсаа алдсан иргэд манай мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар байр буюу баруун дөрвөн замын электрон барааны ЭЛБА төвийн хажуу дахь халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж үзэж болно. Ирэхдээ өөрийн алдсан гар утасны и-майл кодыг авч ирэх ёстой. Тулгалт хийж үзээд, таны утас мөн байх юм бол өгнө.
-Утсаа ирж авсан хэчнээн хүн байгаа вэ?
-Өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн мэдээлэл тараасан. Одоогийн байдлаар 20 гаруй хүн ирж гар утсаа аваад байна.
-Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ямар хариуцлага ногдуулах вэ?
-Гар утас, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 400 орчим этгээд байдаг. Эдгээрийн 65-70 орчим хувь нь 18-30 насны залуучууд байна. Тэднээс гар утас худалдаж авдаг ченж байгаа. Тэдгээр хүмүүст бид хуулийн дагуу хариуцлага тооцно. Эрүүгийн хуулийн 18.6-д гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдийг зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгэнэ. Дээрх гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, зохион байгуулалттайгаар хоёр буюу түүнээс дээш этгээд тогтмол үйлдсэн бол 5-12 жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.