Ажлын бүсгүйчүүдээрээ өдрийн хоол идэх зуураа яриа арван жилийн дурсамж, анхны гэсэн үнэ цэнтэй бүхнийхээ талаар бид ярилцав. Хүн бүхний л амьдралд хамгийн нандин дурсамж болж үлдсэн үерхэл, насан туршдаа сайхнаар дурсан санах тийм л нандин дурсамжаа ярих бүсгүйчүүдийн нүдэнд инээмсэглэл, тийм гэж хэлэх аргагүй оч гялалзах ажээ.
Зарим нь өглөөхөн ярьж орж ирсэн өвчнөө, эсвэл өөрийнх нь амьдралд тохиолдсон гунигтай үйл явдал, ахуй амьдралынхаа асуудлыг ор тас мартчихсан нь илт. Хэн нэгний хувьд дурсагдах үнэ цэнтэй хүн байна гэдэг хэчнээн сайхан болохыг та ч бас энэ бичвэрийг уншаад бодож суугаа нь дамжиггүй. Амьдрал гэх урт замын дундаас салан одсон ч бие биенээ хамгийн нандин дурсамжаар нь хайрлаж, дурсаж, эс бөгөөс хир халдаахгүйн тулд сэтгэл, зүрхнийхээ хаа нэгтээ цоожилж орхисон тийм л ариун хайр, анхны хайр, амьдралдаа учирч явсан сайхан нэгнээ дурссан юм. Тийм сайхан дурсамжийн эзэн чамайг ч би энэ өдөр эрхгүй эргэн дурсмаар санагдлаа.
Би чамайг сэтгэл, зүрхнийхээ хаа нэгтээ хүчээр цоожилж орхисноо сая л ойлгов. Санаж байсан ч санаагүй ээ гэж албадаж явснаа хүлээн зөвшөөрлөө. Сансарын нүхэн гарцны хажуу талын замд мөс тогтчихсон байхад чиний араас зүүгдчихээд гулгаж явснаа өчигдөрхөн юм шиг тод санаж байна. Их сургуулийн гадаа намайг хичээлээсээ тарахыг өдөржин хүлээж, сургуулийн гуанзнаас пирошки авчихаад хүлээж суусан царайг чинь би ямар тод харж байна гээч.
Зүрх сэтгэлээ зориулж надад урласан чулуун зүрх чинь миний дурсамжийн хар дэвтрийн завсар байдаг ч нээж зүрхлэхгүй энэ олон жилийг өнгөрүүлжээ. Чи минь их гоё зурдагсан. Хаанаас нь гардаг юм бол гэмээр хачин жигтэй романтик аашилна. Мянган төгрөгийн нэгжний кодыг жирийтэл биччихээд, дээр дооргүй зүрх зураад цүнхэнд минь хийчихсэн байсныг чинь мөн ч олон удаа олж байлаа.
Тэрхэн үедээ чамайг шоолоод өнгөрдөг байсан ч хожмоо дурсамж болох юм гэж хэн мэдлээ. “Хурд” хамтлагийн дуутай кассет байнга сонсож, даган дуулж, тэдгээр дууны үг, аялгуу бүрт дурлаж явсан чиний тухай дурсамж бүр дандаа “Хурд”-ыг сонсох болгонд эргэн дурсагддаг юм. Тиймдээ ч би энэ хамтлагийн дууг дахин сонсохгүй гэж өөртөө амлаж, их л гомдсоноо ингэж илэрхийлж байлаа. Бодохоор инээд ч хүрэх шиг.
Гэхдээ намайг гомдоосон, намайг үл тоосон, надад гаргасан сүүлчийн хандлагыг чинь эргэн сануулаад байх вий гэж айдсаас минь ч болсон байх. Намайг гэсэн тэр их хайр чинь өөр нэгэнд зориулагдсан. Чамайг гэсэн тэр их хайр минь ч одоо өөр нэгэнд зориулагджээ. Гэхдээ надад чамайг өдөр бүхэн дурсах хамгийн сайхан дурсамж үүрд үлдчихсэн юм шүү. Тэр бэлгийг чинь би насан туршдаа хайрлах болно оо, нандин минь. Эргэж уулзах тэр цаг ирэхэд хоёулаа ийм сайхан дурсамжаараа л уулзах байх, тийм үү. Харин тэр цаг хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй юм. Надад дурсамж үлдээсэн чамайг энэ цагаас хойш үргэлж сайхнаар дурсах болно оо.