Мексикийн таван найз ОХУ-д зохион байгуулагдаж буй 21 дэх удаагийн тэмцээнийг үзэхээр дөрвөн жилийн өмнөөс буюу 2014 оноос мөнгөө цуглуулан бэлтгэлээ базааж эхэлжээ.
Гэвч, яг цаг нь тулах үед нэг найзынх нь эхнэр нөхрөө ОХУ руу явуулахаас татгалзсан байсан. Тиймээс дөрвөн найз нь Хөлбөмбөгийн ДАШТ үзэж чадахгүй болсон найзыгаа дагуулж явж чадаагүй ч, картон цаасан дээр зургийг нь хэвлэн явсан газар бүртээ авч явах болжээ. Тэд автобусанд суух, гадуур зугаалахдаа хүртэл өнөөх зургаа дагуулан явж, хамтдаа зургаа татуулж байгаа аж.
Мөн явж чадаагүй найзынх нь хуулбар зураг дээр “Миний эхнэр намайг явуулаагүй” гэх тайлбар бичигдсэн байна. Тэд Мексикийн багийн фанатууд бөгөөд дэмжиж байсан баг нь нээлтийн тэмцээнд Германыг 1:0 харьцаагаар хожсон билээ.