ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Миний охины сүүн цагаан мөрөөдөл биелэх болтугай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-15

Тэмдэглэлийн дэвтэрт долоо­хон настай охины минь том болоод ямар мэргэжилтэй болох талаар эгнүүлж бичсэн жагсаалт байхыг хараад эх хүний хувьд хачин их баярлав. Охин минь нийт зургаан мэргэжил бичжээ. Тухайлбал, эмч, дуучин, багш, бүжигчин, захирал гэх мэтээр бичсэн байх бөгөөд хамгийн чухал нь “гэр бүлдээ маш их хайртай шүү” хэмээгээд бүтэн нэрээ, гарын үсгийн хамт зуржээ. Үүнийг хараад охин минь ямар ч байсан ирээдүйд хариуцлагатай нэгэн болж төлөвших юм байна, өөрийн гэсэн мэргэжлээ сонгочих  юм байна, түүнд минь өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго бий болж байгааг олж харлаа. Ээжид нь эдгээр мэргэжлийн аль ч чухал биш. Гагцхүү чи минь сайн хүн болж төлөвших нь юу юунаас илүү чухал юм шүү.

Үүнийг уншиж суугаа хэн нэгэнд хүн бүр, хүүхэд бүр л бичдэг шүү дээ гэсэн бодол төрөх байх. Гэвч үгүй ээ. Сэтгүүлч хэмээх мэргэжлийн ард олон, олон гэр бүлийн амьдрал үргэлжид орхигдож байдаг юм. Ар гэрийнхээ амьдралд анхаарал хандуулах гэхээс илүүтэй нийгэм болоод бусдын төлөө  санаагаа чилээж, үзэг цаас нийлүүлж суудаг хүмүүст үр хүүхдийнх үлдээсэн тэмдэглэл зорилго, хүсэл тэмүүлэл  юу юунаас ч эрхэм байдаг.  Өглөө эртлэн гараад үдэш оройтож очдог. Хэзээ гэртээ ирэх нь ч тодорхойгүй. Ажил нь үргэлжид гүйцэтгэлээс хамаарахаас гадна улс оронд өрнөж байгаа үйл явдалтай шууд холбоотой. Ажлын цаг дууслаа, энэ мэдээллийг орхичихъё гэдэг эрх бидэнд болоод сэтгүүл зүйн салбарт байдаггүй. Маргааш улс оронд  ямар үйл явдал өрнөхийг  хэн ч  таашгүй. Үй олон мэдээлэл дундаас өөр, өөрийн гэсэн өнцгөөр ард түмний мэдэх эрхийг хангаж яваа эгэл жирийн мянга мянган сэтгүүлчийн нэг нь би.

Нэг өдөр Төрийн ордонд УИХ-ын 76 гишүүнээс хууль эрх зүйн орчин, шударга ёс, хариуцлага нэхнэ. Дараа өдөр Улаанчулуутад  нийгмээс гадуурхагдсан иргэдийн амьдрал бичээд сууж байхыг ч үгүйсгэхгүй.  Нөгөөтээгүүр, манайхан дунд хүүхдийнхээ анхны үг, хэзээ хөлд орсон,  сонсох дуртай дуу зэрэг амьдралын чимхлүүр гоё дурсамжийг санах нь ч цөөхөн дөө. Тиймээс жаахан  охины минь мөрөөдөл эгнэгт хүндтэй байгаа юм. Миний охины сүүн цагаан мөрөөдөл биелэх болтугай. Их олон өдөр чиний дэргэд байгаагүйг уучлаарай. Бас ирж буй олон өдөр чиний дэргэд байхыг, чиний хүсэл мөрөөдлийг сонсож, сайн зөвлөгч байхыг хичээнэ ээ, ээж нь. Ямар ч мэргэжил эзэмшсэн байлаа гэсэн чи минь хүнийг хайрладаг, хүсч мөрөөдөлтэй нэгэн болон өсч буйг чинь ижий, аав хоёр нь бахархан харж, баярлаж явдаг юм шүү.