ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хол явмаар нэгэн танилдаа зориулав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-06

Надад 1000 км-ийн зайтай хол явмаар нэг танил байдаг юм. Түүнтэй таарах бүртээ зугтмаар санагд­даг. Түүнтэй нүүр тулаад хэдхэн минут болох зуурт найз, нөхдийн минь талаар бүх л мэдээллийг цуглуулж, ховын шинж чанартай асуултыг ар араас нь хөврүүлэхийг яана. Танай найз тэр чинь яагаад хүүхэдтэй болдоггүй юм бэ, гэр нь хаана вэ, байр түрээслээд л явдаг  хэвээрээ юу. Нөгөө найз чинь салчихсан гэсэн үү. Нөгөө хэн билээ нөхөртэй болсон уу. Танай хүн юу хийж байгаа вэ, хүүхэд чинь хаана сурч байна гэх зэргээр элдвийг шалгаана. Энэ бүхний дараа “мэдэхгүй” гэсэн хариулт авахдаа ихэд янзгүй авирлана. Бүр юунд нууцалдаг юм бэ гэж шордоно. Заримдаа хүнээс илүү нөхөдтэй ч юм шиг гэж өднө.

Өөрөөр хэлбэл, бусдын мэдээллийг сонсох гэж төрөл бүрийн арга, ид шидээ хэрэглэнэ дээ. Эцэст нь өөдтэй хариулт авч чадахгүй болохоор янзгүйхэн аашилна. Иймэрхүү байдлаар өнгө ижил олон хариулт авсаар элдвийг шалгаах нь ойрд  багассан байна лээ, нөгөөх чинь. Ийм төрлийн хүмүүст хандаж хэлэхэд, бусдын амьдрал бол бусдынх л байдаг юм шүү. Хэзээ ч халдаж болохгүй зүйл бол гэр бүл байдаг. Хэн ч, хэзээ ч бусдын амьдралаар амьдарч, жаргал хийгээд зовлонг нь үүрэлцэхгүй. Тэгэхээр танд бусдын тогоо руу өнгийх эрх ч байхгүй. Гуравдагч этгээдээс сонссон ховын чанартай хоёрхон үг танд аз жаргал өгөхгүй. Өөрт чинь ямар ч хэрэггүй, түй ч хүртээлгүй билээ. Тиймээс хүний ертөнцөд зочилсон богинохон хугацаагаа бусдын амьдралын паян сонсож, архи­ны даруулга хийгээд байлгүй өөрийнхөө эрхэм хүмүүст зориулаарай. Харин эсрэгээрээ бусдад хайр түгээдэг, сайхан энерги бэлэглэдэг, сонсохыг хүссэн үгийг нь хэлчихдэг нэгэн байгаарай, хүмүүс ээ. Сайхан харилцаа, дулаахан мэдрэмжийг бусдад өгч суръя. Эцэст нь хэлэхэд, өрөөлийн аз жаргал таны ховын сэдэв биш билээ.