ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Хосбаяр: Цалин хөлсийг нэмэгдүүлснээр авлигад өртөхгүй гэсэн баталгаа байхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-10

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг НҮБ-аас зарлан тунхагласан авлигын эсрэг олон улсын өдөрт зориулан “Шударга байдал ба олон нийтийн илтгэл” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Зөвлөгөөнд ХЗДХЯ, ЦЕГ, НПГ, УДШ зэрэг хууль хяналтын бүх байгууллага орсноос гадна Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгарч буй хүндрэл бэрхшээл ба олон нийтийн итгэлийг олох нь” Албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, Авлигын эсрэг эрх зүйн шинэтгэл, өмгөөлөгчийн  ёс зүй, хариуцлага,  Шүүхэд итгэх олон нийтийн итгэл зэрэг олон илтгэлийг энэ үеэр хууль хяналтын байгууллагууд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Зөвлөгөөнийг нээж АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Сүүлийн үед шалгагдаж байгаа “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, “Хөгжлийн банк” гэх мэт манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа зарим хэргүүдийг шалгах явцад гадаад улсын хууль сахиулах, санхүүгийн мэдээллийн, мөнгө угаах болон терроризмтой тэмцэх зэрэг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа боловч нотлох баримтыг тэр бүр бүрэн дүүрэн, шуурхай олж авч чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Улс дамнасан гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэхэд гадаад улсын хуулийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлага мөн тулгарч байгаа. Цаашид хуулийн байгууллагуудын идэвх санаачилга, хамтын ажиллагаанд далайцтай өөрчлөлт хийж, ахиц гаргахад анхаарч ажиллах шаардлага байгааг” илтгэлдээ онцолж байлаа. Ингээд талуудын байр суурийг хүргэж байна.

Ч.Жаргалбаатар: Ялыг хөнгөрүүлдэг байдал нь авлигыг өөгшүүлдэг

/АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар/

-Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулаад хуулийн байгууллагуудын дунд зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр хуулийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр, авлигатай холбоотой асуудалд олон нийтийн итгэл алдарсан байна. Үүнийг хэрхэн сэргээх ёстой юм бэ. Авлигыг үгүй хийхэд ямар, ямар ажлыг хийх ёстой вэ зэрэг олон асуудлыг хөндөж байна. Мөн эрүүгийн хуулийг засаж, залруулах, олон улсын жишигт нийцсэн байхаас гадна авлигын гэмт хэрэгтэй тэмцэхүйц эх зүйн орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байгаа юм. Эрүүгийн хуулийн хийдлүүдийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш судлаачид олон талын өнцгөөс судалж үзсэн. Маш олон хийдэл байгааг тогтоосон. Тиймээс эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлууд хийгдэж байна. Гэхдээ нэг удаагийн нэмэлт өөрчлөлтөөр бүх хийдэл нь арилахгүй. Зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж байгаа. Түүнчлэн авлигын гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэрэг илрүүлэлтийг хуулийн дагуу хийж байна. Нөгөө талаас боловсон хүчний хувьд хангалтгүй учраас нэг хүнд ногдох хэргийн тоо олон. Үүнээс үүдэлтэй хэргийн илрүүлэлт болон шийдвэрлүүлэх явц удаан байгаа. Тухайлбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино болчихсон. Албан тушаалтанд ногдуулах ялын бодлого нь хөнгөн байгаа. Энэ нь төр засгийн бодлого буюу хууль эрхзүйтэй холбоотой. Тиймээс эсрэгээрээ Монголд авлига буурахгүй байна. Нөгөөтэйгүүр, төрөөс  албан тушаалтанд өршөөл үзүүлдэг, хэргийг хэрэгсэхгүй болгодог, ялыг хөнгөрүүлдэг зэрэг байдал  авлигыг өөгшүүлэхээс гадна их нөлөөлж байна.

Ч.Хосбаяр: Шүүгчийн цалин хангамж муу байвал авлигад өртөх магадлал өндөр

/Улсын дээд шүүхийн шүүгч/

-Авлигын талаарх мэдээ, мэдээлэл олон нийтэд хангалттай хүрч байна. Шүүгч нартай холбоотой хэргүүд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Шүүх байгууллагад итгэх олон нийтийн итгэл хамгийн доод түвшиндээ хүрлээ. Түүнээс гадна  шүүх байгууллагад  хийсэн судалгааны дүн байна. Энэ бүхнээс харахад шүүх байгууллага авлигад хэрхэн идэгдсэн, хэр хэмжээнд хүрснийг тодорхойлоход хангалтгүй. Тиймээс олон улсын гэрээ конвенцод зааснаар Монголд шүүх байгууллага ямар хэмжээнд авлигад өртсөн гэдгийг тодорхойлох шаардлагатай. Үүнийг ямар шалгуур үзүүлэлтүүдээр тогтоож болдог юм бэ. Олон улсад ямар туршлага байна. Ямар арга хэмжээ хэрэгжүүлж байж, шүүхийг энэ нөхцөл байдлаас гаргадаг юм бэ зэрэг олон улсын туршлагыг санал болгож, илтгэл  тавилаа. Шүүх байгууллага нь авлигын эсрэг хийж буй тэмцэлд өндөр үр нөлөөтэй оролцдог болохоор ийм нэр хүндтэйгээр цаашид оролцох боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, шүүгчийн цалин хөлс хангамжийг нэмэгдүүлсэн. Шүүгчийн ахуй амьдралд хүрэлцээтэй хэмжээнд хүрсэн. Ингэхгүйгээр шүүгчийн хараат бус байдал, авлигаас ангид байх шаардлагыг тавих боломжгүй шүү дээ. Шүүгчийн цалин хангамж муу байвал авлигад өртөх магадлал өндөр. Гэхдээ цалин хөлсийг нэмэгдүүлснээр авлигад өртөхгүй гэсэн баталгаа байхгүй. Авлигаар ажлаа амжуулах нийгмийн сонирхол их байгаа үед авлигын хэмжээтэй, цалингийн хэмжээ өсөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр авлига авч байгаа  эрсдэлийг нь хариуцлагын хамт  өндөр болгох ёстой. Хариуцлагатайгаар ажлаа хийгээд явах уу. Өндөр эрсдэлтэй авлигын систем рүү хальтирч орох уу гэдгийг шийдэж өгөх ёстой. Үүнийг эрсдэлээр нь харилцааг нь тэнцвэржүүлдэг хандлага бий. Тэгээд хүлээдэг хариуцлага, шийтгэлийг боловсронгуй болгосноор шүүгчид цалингаа сонгодог байдалд хүрнэ. Түүнээс авлигаас илүү цалинг нэмэгдүүлэх боломжгүй.

Р.Батнасан: Бүх байгууллагууд нягт уялдаа холбоотой ажиллах ёстой

/Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх/  

-Манай байгууллагаас олон нийтийн анхаарал татсан, ээдрээтэй хэргүүдэд прокуроруудыг томилж ажиллуулж байна. Мөн хуульд зааснаар хэд хэдэн байгууллагуудыг АТГ, ЦЕГ, ТЕГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхээр тал бүрээс нь ажилласнаар тодорхой үр дүнг өгч байна. Тухайлбал, 2019 оны энэ сарын байдлаар нийт 41 хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Үүнээс 22 хэрэг шүүхээс шийдвэрлэсэн байна. Бусад хэргийг нь шүүхээс хянан хэлэлцэж байгаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр андуу ташаа мэдээлэл гарснаар прокурорын байгууллага тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг. Хэвлэлээр нийтлэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулах цаг иржээ. Авлигатай тэмцэх нь ганцхан АТГ-ын ажил биш. Бүх хууль хяналтын байгууллагын үүрэг. Тиймээс бүх байгууллагууд нягт уялдаа  холбоотой ажиллах ёстой.

Н.Ганбаатар: 14 шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн

/Шүүхийн ерөнхий зөвлөл Ёс зүйн ажлын албаны дарга/

-Шүүхийн ёс зүйн хороо он гараад 200 гаруй гомдлыг хүлээж авсан. Ёс зүйн хороо долоо хоног бүр хуралдаж байна. Ирж байгаа гомдлын олонх нь хууль зөрчиж шийдвэр гаргасан. Мөн хэргийг нэг талд үйлчиллээ. Хэн нэгэнд давуу байдал олгосон. Хэргийг шийдвэрлэхэд ашиг сонирхлын үүднээс хандсан гэсэн үндэслэлээр  гомдлууд их ирдэг. Одоогоор 14 шүүгчид  сахилгын хэрэг үүсгэсэн байгаа. Бодитойгоор сахилгын шийтгэл хүлээсэн хоёр шүүгч цалин бууруулсан. Мөн шүүхийн ёс зүйн хорооноос АТГ-аас ирсэн гомдлыг шалгаж, эцэслэн шийдвэрлээгүй. Одоогоор гомдлыг шалгаж байна.