Улаанбаатар хотын шахмал түлш борлуулах цэгүүдэд түлшний хомсдол үүссэн талаар мэдээлсэн. Улмаар хотын захирагч С.Амарсайхан дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг картаар дамжуулан түлшгүй цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг үүрэг болгожээ. Харин шахмал түлшний хомсдол үүссэн эсэх талаар “Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа.
-Шахмал түлшний хомсдол үүссэн талаар иргэд, борлуулагч нар мэдээлэх боллоо. Үүнд тайлбар өгөөч?
-Манай үйлдвэрлэл тогтмол хяналттайгаар, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Одоогоор есөн шугам хэвийн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн түүхий эд болон бусад шаардлагатай материалууд хангалттай бий. Өнөөдрийн байдлаар үйлдвэр 2400-2500 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин нийслэлийн иргэд өдөрт 1900-2100 тонныг хэрэглэдэг гэсэн бодит тооцоо гарсан. Ингэснээр нэг өдрийн хэрэглээнээс давсан хэмжээгээр үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр түлшний хомсдол үүсээгүй гэдгийг онцолж хэлье. “Сайн” картын хүртээмж, иргэдийн хэрэглэж байгааг судлахад 90 орчим хувьтай байгаа. Уг карт өөрөө хяналтын тогтолцоог бүрдүүлж байгаа тул ямар нэгэн асуудал тулгараагүй нь харагдсан.
-Зарим цэгийн борлуулагчид шахмал түлш цаанаасаа хомсдсон гэсэн учраас үүнийг асуусан юм?
-Өдөрт 300 орчим цэгт түгээлт хийдэг. Оройн 20.00 цагт, 22.00 цагт хаах хуваарьтай цэгүүд бий. Мөн 24 цагаар ажилладаг 20 орчим цэг одоо ажиллаж байна. Хоёр хоногийн дотор 24 цагаар ажиллах 50 цэгийг дахин нээж, хангалтаа хийнэ. 20:00 цагаас хойш ихэнхи цэгүүд хаалгаа барьж байгаа. Ер нь нэг уурхайн амнаас авчраад иргэдэд нийлүүлээгүй, тэндээс үйлдвэрлэж, савлаад 400 гаруй цэгт тарааж байгаа шинэ ажил учраас олон хүндрэл байгааг ойлгох хэрэгтэй юм.
-Өнөөдрийн байдлаар борлуулалтын хэчнээн цэгт, хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Улаанбаатар хот орчимд 430 орчим цэг ажиллаж байгаагийн 200 цэгт нь өөрсдөө савладаг. Эдгээр цэгүүдэд дундын 10 баазыг оруулж, 3000 орчим иргэн түлш савлаж ажилтай, орлоготой болсон. Тэд даваа, лхагва, баасан гарагуудад цалин урамшууллаа авч байгаа. Үүнд нийслэлийн иргэд ажилласнаас гадна хорих ангийнхан, цэргийн албан хаагчид нүүрс савлах ажилд оролцдог. Шахмал түлш түлснээр агаарын чанарт 60-аас дээш хувийн нөлөөлөл үзүүдэг гэсэн судалгаа гарсан.
-Зарим цэгүүд татан буугдсан гэдэг асуудал гарах боллоо?
-Үүнд зарим нэг асуудлыг дурдах хэрэгтэй байх. Нэгдүгээрт, зарим цэгүүд борлуулалтын орлогоо төлөхгүй, татан авалт хийхгүй байх гэх мэтчилэн санхүүгийн зөрчилтэй байсан. Мөн карт уншуулалгүй борлуулах, хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй чамгүй олон цэг бий. Гэхдээ эдгээр цэгүүдийг ойр хавьд нь нөхөж байгуулах ажлыг зохион байгуулна. Тиймээс байрлалын хувьд хөдөлж байгаа болохоос тухайн орчин шахмал түлшний цэггүй болно гэсэн үг биш.
-Баянхошуу орчимд сайжруулсан шахмал түлш авахад хүндрэлтэй, урт дараалал үүсдэг гэсэн гомдол ирсэн?
-Цэгүүдэд овоордог оргил цаг гэж бий. Хүмүүсийн ажил тарах үеэр олноороо авч, дараалал үүсгэх тохиолдол бий. Тэрнээс биш өдөржин дугаарлаж авсан зүйл байхгүй.
-Үйлдвэрийн ажилчид тоос, тортогтой хүнд нөхцөлд ажилладаг юм билээ. Орчин нөхцөл, технологийг нь сайжруулах боломж бий юу?
-Үйлдвэрлэлийн процессын хувьд, гурван ажлыг нэг газар хийж байна. Нэгдүгээрт, түүхий эдийн бэлтгэл, хангалтыг тусгай жижиг фракцид оруулж бутлан, барьцалдуулдаг. Дараа нь барьцалдаад, холигдсон түүхий эдээ үйлдвэрт шахаж, хэвлээд хамгийн сүүлд савлаж, түгээнэ. Гэхдээ дундуур нь чанар, стандартыг хангахад шаардлагатай зүйлийг хийх маягаар үйлдвэрлэл явагддаг. Цаашдаа гадны жишгийн дагуу бүх хэсгүүдээ тусгаарлах талаар төлөвлөгөөндөө тусгасан. Боломжгүй, болохгүй гэхээсээ илүү, хийж бүтээх талаас нь хандахыг зорьж байна. Нөхцлийн хувьд сайжруулах, дахин боловсруулах маш их ажил бий. Үндсэндээ үйлдвэрлэлийн хэсгийн 60 хувийг хангаж, Улаанбаатар хотын иргэдийг сайжруулсан түлшээр хангаж байна.