Одоогоос хэдхэн жилийн өмнө хар тамхи гэх ойлголт Монгол Улсад танил биш байлаа. Гэтэл өнөөдөр хэрэглэгч орны тоонд зүй ёсоор ороод зогсохгүй хар тамхины хэрэгт холбогдогчдын тоо жилд 30-35 хувиар өсч байгаа гэх харамсалтай мэдээллийг Статистикийн хорооноос гаргажээ.
Сүүлийн хоёрхон сарын дотор олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хоёр ч “од” хар тамхины хэрэгт холбогдон, хөнгөхөөн мултраад гараад ирлээ. Үүний нэг нь зочид буудлын гадаа хар тамхи татаж байгаад үйлдэл дээрээ баригдаад зогсохгүй, хадгалж байсан нь тогтоогдсон дуучин Б.Амархүү юм. Тэрбээр нээлттэй хорих ангид эдлэх хоёр жилийн ял сонсоод байсан хэдий ч мөн л хуулийнханд эрхэлж, давж заалдаснаар түүнийг суллалаа. Өнөөдөр суллагдсан тэр маргааш мансуураад явж байхыг үгүй гэхийн аргагүй. Дуучин Х.Бат-Ундрал, “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр, реппер Don Dior гээд ялаас хөнгөхөн мултарсан оддын жагсаалт урт. Бид мансуурлын ертөнц рүү гэрлийн хурдаар явж байгааг энэ үзүүлэлт харуулж байна.
Гэтэл энэ асуудлыг хянаж, таслан зогсоох ёстой хууль хүчнийхэн хар тамхичдын толгойг илсээр. Бодит зомбигийн ертөнцийг бий болгохыг тэд “дэмжсээр”. Хар тамхи гэх энэ аймшигт бодис хүний уураг тархи, мэдрэлийн систем, оюун ухаанд хүчтэй нөлөөлж, өөрийгөө хянах чадваргүй болгодог гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Найрлагад нь байдаг бодисууд хүний цусыг бохирдуулж, тархины эд эсийг эргэж хэзээ ч сэргэхгүйгээр үхүүлдэг байна. Сэтгэцийн эмгэг, тэжээлийн дутагдал гээд наад захын сөрөг нөлөөллийг дурдвал олон.
Хамгийн аймшигтай нь уураг тархинд нөлөөлж, өөрийгөө удирдах чадваргүй болсноор элдэв гаж үйлдэлд донтож, амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх гэх мэт нийгмийг хамарсан хохирол учруулдаг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ зомби “үйлдвэрлэдэг” гэсэн үг. Хамгийн харамсалтай нь Монгол Улсын маргаашийг авч явах хүүхэд залуус энэ бодист донтох болсон нь хар тамхичдын толгойг илж ирсэнтэй шууд холбоотой гэхэд хилсдэхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хамгийн залуу хар тамхичин 13 настай хүүхэд аж.
Нийгэмд үлгэр дуурайл болох учиртай урлаг соёлын одод, олны танил эрхмүүд энэ хэрэгт холбогдож байгаа нь хүүхэд залуусыг ийнхүү даган дуурайхад хүргэж буй нь бодит үнэн. Харин тэднийг хууль хяналтын байгууллага, 100 мянган төгрөгөөр торгох эсвэл, батлан даалтаар ялаас мулталж, “эрхлүүлж” байгаа нь хүүхэд залуусыг айх айдасгүйгээр хар тамхи руу чиглүүлж буй гол шалтгаан. Хар тамхины хэрэгт холбогдогчдын 50 хувь нь 19-25 насны залуучууд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй юм. 2019 оны эхний наймхан сарын байдлаар, улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 169 гэмт хэрэг бүртгэгдэж, 294 холбогдогчийг шалгасан байна.
Нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35, долоон хувийг 46-55 насныхан эзэлж байгаа аж. Аймшигтай биш гэж үү. Энэ янзаараа та бидний ирээдүй, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол ганхахад ойрхон байна. Дамжуулагч гэгдэж байсан Монгол Улс гайхмаар богино хугацаанд хэрэглэгч болсон нь хүүхэд залуус үг үйлдэл бүрийг нь даган дуурайдаг урлаг, соёлынхны нөлөө. Хар тамхины хэрэгт холбогдогч урлаг, соёлынхны нэрсийн жагсаалт жилээр бус сараар нэмэгдэж байгааг өнгөрөгч саруудад болсон хоёр тохиолдол гэрчилнэ.
“Ice top” хамтлагийн С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior гэх зэргээр хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны цуваа ар араасаа хөвөрнө. Гэтэл ял эдэлж, шийтгэл хүлээсэн хүн байна уу. Үгүй. Үүний шалтгаан мөн л мансуурагчдын толгойг илж байгаа хуулийнхны “нинжин” сэтгэл болоод хар тамхины хэргийн ялын бодлого хэт хөнгөн байгаатай холбоотой гэдэг нь хэнд ч тодорхой гаргалгаа. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан.
Хамгийн сүүлд гэхэд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хэргээр баривчилсан. Тэр мөн л 100 мянган төгрөгөөр торгуулаад л эрх чөлөөтэй болсон юм.
Харин ял аваагүй, хар тамхины хэрэгт холбогдож байсан алдартнууд гэвэл “Making the band 2” реалити шоунаас төрсөн охидын “Extacy” хамтлагийн гишүүн, мөн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “А-Сареllа” зэрэг тухайн үедээ “од” болж байсан хамтлагууд хар тамхитай холбогдож байсан нь хэвлэлийн хуудаснаа тод үлджээ. Энэ бол олон нийтэд ил болсон хэргүүдийн нэгээхэн хэсэг.
Үүний цаана ил болсон, болоогүй хэчнээн тохиолдол байгааг хэн ч таашгүй. Бидний ирээдүйг, Монгол Улсын маргаашийг мансуурал руу уриалан дуудаж буй тамхичдад төр төмөр нүүрээ харуулж, ялын бодлогыг чангаруулахгүй бол магадгүй маргааш гэхэд та, таны хүүхэд ч мансуураад сууж байхыг үгүй гэх аргагүй.
10 мянган төгрөг хулгайлсан ядарсан ардад харуулдаг төрийн төмөр нүүрийг жаргалаа багтааж ядсан задарсан “одод”-доо л харуулах хэрэгтэй байна, хуулийнхаан. Манай хөрш хоёр оронд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ялын хатуу бодлого баримталдаг. Тухайлбал, ОХУ-д бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд татан оролцуулсан, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн дагуу 10-20 жилийн хорих ял оноодог байна. Харин Хятад, Сингапур зэрэг орнуудад цаазаар авах хүртэл ял шийтгэдэг аж. Гэтэл 100 мянган төгрөгөөр торгуулаад л өнгөрдөг манай улсад хам тамхины хэрэглээ гэрлийн хурдаар өсөх нь аргагүй юм.