ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Намуухнаар нүүдэл хөдлөх мэт нэг л өдөр явахаас хойш...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-20

Намуухнаар нүүдэл хөдөлж, бууриа орхих мэт нэг л өдөр бид энэ орчлонгоос нэрээ, үрээ үлдээгээд чимээгүйхэн одохоос хойш, амьдрах хэсэгхэн хугацаандаа юу олж, юу эдэлж, хэн ч болж амьдарсан юутай ирсэн, түүнтэйгээ л буцахаас хойш яагаад ийм хэрцгий амьдарна вэ. Яагаад зөвхөн өөртөө л бүхнийг хүсдэг юм бэ. Өөрийнхөө өчүүхэн төдий алдааг халхлахын тулд өөрөөсөө яагаад хүн чанараа хулгайлчихдаг юм бэ. Яагаад орчлон ертөнцийг өөрөөсөө давж хардаггүй юм бэ. Уулзсан учирсан, нөхөрлөсөн бүхнээсээ яагаад зөвхөн ашиг л хардаг юм бэ. Өөрийн чинь ажил бүтэмжтэй бол бусдын юу золиослох нь яагаад хумсын төдий ч хамаатай байдаггүй юм бол.

Яагаад өөр хэн нэгэн гялалзаж явахад, гаднаа инээвч дотроо атаа зангиддаг юм бэ. Хэн нэгэн нь гундуу явахад яагаад гаднаа өрөвдөвч, дотроо өөрөө биш байгаадаа “цаддаг” юм бэ. Хальтирсан нэгнийгээ яагаад сүрэглэн гишгэдэг юм бэ. Халгиж яваа бэлтэнг яагаад хошууран дагадаг юм бэ. Ганц л амьдраад тоос болон дэгдэхээс хойш яагаад ийм харгис амьдардаг юм бэ. Хажууханд байгаа жаргалыг яагаад алсаас хайдаг юм бол. Дэргэдүүр чинь ээжийнхээ хойноос точигнотол инээгээд гүйж өнгөрөх жаахан хүү чамд жаргал бэлэглээд зөрж буйг анзаардаггүй атлаа мөр шүргэх төдий ойрхон зөрсний төлөө яагаад бие бие рүүгээ “асдаг” юм бэ. Сургаар сонссон шуумд эргэлзээгүй итгэдэг шигээ харж чадвал алхам бүрт сайн сайхан буйд яагаад итгэж болдоггүй юм бэ.

Амьд яваа чинь, алхаж байгаа чинь, тэр бүү хэл хэн нэгэнд гомдож, магадгүй гомдоож яваа чинь ч аз жаргал биш гэж үү. Магадгүй майга ч болов алхах хөлтэй байх нь хэн нэгний хувьд мөрөөдөл. Гомдох ч хүнгүй орь ганцаар нэгэн ч энэ орчлонд олон. Хайрлах, хайрлуулах, уурлах уурлуулах хүнтэй байна гэдэг жаргал. Харж, үнэрлэж, сонсож, мэдэрч чадаж байгаа чинь жаргал. Зурвасхан бороо салхи татуулан өнгөрөхөд зуслангийн дэнжид чийг үнэртэн үлддэгийг үнэрлэж байгаа чинь жаргал.  Намуухан үдэш голын хөвөөнд сууж, тогтуун урсгалд нь тэнгэр нартай, үүлтэйгээ хамт багтаж байхыг харах жаргал. Хүсвэл хэзээ ч хаанаас ч харж, мэдэрч болох жаргал дүүрэн орчлонд яагаад бид илүүг харж, шунан, биесээ хэмлэж, өөрийгөө гээж амьдардаг юм бэ. Яагаад...