ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Алтантулга: Хүсэлт гаргасан бүх хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос эхлэн олгоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-13

Улсын  хэмжээнд 0-18 хүртэлх насны нэг сая 150 мянган хүүхэд бий. Үүнээс нийт хүүхдийн 85  хувь нь шалгуурын дагуу хүүхдийн 20 мянган төгрөг авч байсан. Харин энэ сарын 1-нээс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт  энэ мөнгийг нь олгоно гэсэн шийдвэр гарсан. Энэ талаар ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа.  

-Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2020 оноос эхлэн 20 мянган төгрөг олгох УИХ-ын тогтоол  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Нэгдүгээр сар гарчихлаа, тогтоолын шийдвэр ямар түвшинд явж байгаа вэ?

-УИХ-аас хүүхдийн мөнгөний тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоол гарсан байдаг. Тус тогтоолоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн 0-18 хүртэлх насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт  өгөх үүргийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газраас 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 470 дугаар тогтоолоор Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулсан. Журмаар хүүхдийн мөнгөн  тэтгэмжийг олгохдоо амьжиргааны түвшний үнэлгээг үл харгалзан, судалгаанд хамрагдсан бүх хүүхдэд өгөх шийдвэр гарсан юм.  2019 оны гүйцэтгэлээр нэг сая орчим хүүхдэд 20 мянган төгрөгийн тэтгэмжийг олгосон. Улмаар 229.4 тэрбум төгрөг зарцуулсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүх хүүхдэд тэтгэмж олгох болсонтой холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд иргэдийг  тухайн оршин сууж байгаа хорооны нийгмийн ажилтнаар дамжуулж 20 мянган төгрөг авах хүсэлтийг нь авч байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс энэ мөнгийг олгоно. 

-2019 оны зургадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт  20 мянган төгрөг олгоно гэсэн хэрнээ үнэлгээг нь харж байж олгож байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөлд зурагт,  угаалгын машингүй айл ховор шүү дээ. Дахин ийм нөхцөл байдал үүсэх вий гэж иргэд ойлгоод байх шиг?

-Эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд  хүрч буй нийгмийн хамгааллын зардлыг бууруулахгүй байх үүднээс зорилтот өрхийн буюу нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсан. Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамрах хүрээг нэмэгдүүлэхэд үе шаттай арга хэмжээ авсаар ирсэн юм. Тухайлбал, нийт хүүхдийн 60 хувьд нь өгч байгаад, 85  хувь болгосон. Харин энэ жилээс амьжиргааны түвшинг үл харгалзан, хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгөх шийдвэр гарсан.

-Он гарснаас хойш оршин суудаг хороондоо очоод  хүсэлт гаргатал  танайх үнэлгээ өндөр байна гэж буцаасан  байсан. Гэтэл Хөдөлмөр  халамж үйлчилгээний ерөнхий  газрын вэб сайтын  нэвтрэх хэсэгт  хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад  “нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арилжааны банкинд хандан мөнгөө шалгана уу” гэдэг  мэдээлэл гарч ирж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Хороондоо очоод  авах эрхгүй байна гэх ямар ч үндэслэл байхгүй. Гэхдээ үүнд гурван зүйл бий.  Нэгдүгээрт, өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан  хүмүүс ахиж хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлээд авна. Хоёрдугаарт, өмнө нь судалгаанд хамрагдсан ч гэсэн тухай хүн босго шугамаас дээгүүр оноотой байна хэмээн авахгүй байсан хүмүүс мөн л хүсэлт гаргах шаардлагагүй. Зөвхөн огт судалгаанд хамрагдаагүй, хүүхдийн мөнгө авдаггүй хүмүүс л хүсэлтээ өгч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нийтдээ  нэг сая 80 орчим мянган хүүхэд дахин хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлээд авна. Бэлтгэл ажлын хүрээнд иргэд заавал сум, хороондоо очихгүйгээр www.check.hudulmur-halamj.gov.mn сайтаар нэвтэрч хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулбал “судалгаанд хамрагдсан байна, хүүхдийн мөнгө авах боломжтой” гэх  агуулгатай мэдээлэл өгч байгаа. 

-Бүртгүүлэхийн  тулд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Оршин суугаа газрынхаа сум,  хороондоо очоод хүүхдийн тэтгэмж авах хүсэлтээ гарган,  судалгаанд хамрагдах шаардлагатай. Мөн өөрийнхөө гэртээ ойрхон арилжааны банкыг сонгоод, хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, өөрийнхөө буюу хууль ёсны асран хамгаалагч гэдгээ нотлох иргэний цахим үнэмлэхийг авч очно. Ингээд арилжааны банкинд хүүхдийн мөнгөний тусгай дансаа нээлгэх шаардлагатай.  Гэхдээ хүүхдийн нэр дээр нээлгэсэн хадгаламж гэж ойлгож болохгүй. 

-Түр оршин суугчид яах вэ? 

-Судалгаанд хамрагдаагүй хүн хаана байна,  тухайн газартаа судалгаанд хамрагдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,  одоо амьдарч буй  газраа судалгаандаа хамрагдаад, бүртгүүлж болно. 

-Иргэний үнэмлэх дээрх хаяг нь орон нутгийн харьяалалтай,  тэгсэн хэрнээ нийслэл хотод түр оршин суух зөвшөөрөл  аваагүй байсан ч адилхан уу? 

-Тийм ээ. Тухайн газраа зургаан сараас дээш  хугацаанд  оршин суусан л бол тэндээ бүртгэлээ хийлгэж  болно. 

-Өмнө нь авч байгаагүй,   шинээр авах бол нөхөж олгох уу?

-2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож хүүхдийн мөнгийг олгоно. Шинээр хүсэлт гаргаж буй иргэд,  хүсэлт гаргасан сараасаа хүүхдийн мөнгөө авна. Тэгэхээр тухайн иргэн нэгдүгээр сард хүсэлт гаргасан бол энэ сараас, хоёрдугаар сард хүсэлт гаргасан бол  тухайн сардаа л авна гэсэн үг. 

-Иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой анхааруулах зүйл бий юу?

-Эцэг,  эхчүүд хүүхдийн мөнгийг орж байна уу,  үгүй юу гэдгийг банкны дансаар тогтмол шалгах шаардлагатай. Нөгөө талаас огт ашиглаагүй байсан банкны дансаа идэвхтэй байна уу,  үгүй юу гэдгийг банкиндаа очиж шалгах хэрэгтэй. Зарим данснууд зургаан сарын хугацаанд огт ашиглаагүй бол идэвхгүй төлөвт шилждэг.