ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Өлзийханд: Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.4 хувь нь залуучууд байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-17

ҮСХ-ноос Монгол Улсын 2019 оны  нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцууллаа. Нийгмийн байдлын талаар  ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Н.Өлзийхандаас  тодрууллаа. 

-Өнгөрөгч онд  хүн амын өсөлт, иргэдийн амьжиргааны түвшинд хэрхэн  өөрчлөлт орсон бэ?

-Хуульд заасны дагуу ҮСХ хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоож нийтэд зарласаар ирсэн. Хүн амын амьжиргааны түвшинд хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох,  төрөөс иргэдэд эд мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг. Шинэчлэн тогтоосон амьжиргааны доод түвшинг өмнөх онд  мөрдөж ирсэн түвшинтэй харьцуулвал Зүүн бүсэд 7.5 хувиар, Баруун бүсэд 6.7 хувиар, Хангайн болон Төвийн бүсэд зургаан хувь,  Улаанбаатар хотод 5.6 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Улсын  хэмжээнд 2019 онд  77.6 мянган эх амаржиж, 80.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 543, төрсөн хүүхэд 895-аар өссөн үзүүлэлттэй байна.  Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган хүнээр өслөө. Мөн улсын хэмжээнд 2019 оны байдлаар 80 мянга 251 хүүхэд төрсний 78 мянга 223 нь Монгол Улсад, 2028 нь буюу 2.5 хувь нь гадаадад төрсөн үзүүлэлттэй гарлаа.

-Ажилгүй иргэдийн хувьд ямар үзүүлэлттэй байна.  Хэдэн насны хүмүүс ажилгүй гэдэг бүлэгт хамаарч байгаа вэ? 

-Аймаг, нийслэлийн хөдөл­мөр эрхлэлтийн байгууллагад 2019 онд ажилгүй 87 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27 мянга орчим иргэн ажилд зуучлуулсан. Харин 64 мянган иргэн ажил идэвхтэй хайгаагүй гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагд­сан юм. Улсын  хэм­жээнд өмнөх оноос шинээр бүрт­гүүлсэн ажилгүй иргэд 6.9 хувиар буурсан бол ямар нэгэн ажилд зуучлуулж, орсон иргэд 6.1 хувиар өссөн. Улсын хэм­жээнд бүртгэлтэй ажилгүй ир­гэдийн 345 нь хөгжлийн бэрх­шээл­тэй  бол 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. 

-Гадаадын  улс орнуудаас манай улсад ажиллаж амьдар­­даг иргэдийн тоо сүү­лийн жилүүдэд нэмэг­дэх хандлагатай бай­сан шүү дээ? 

-2019 оны арванхоёрдугаар сарын  мэдээллээр 95 орны 4.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр манай улсад ажиллаж байна. Тэд цалин, хөлс, орлого олох болон сайн дурын ажил хийдэг.  Ихэвчлэн БНХАУ иргэд ажиллаж байгаа бол  Австрали, ОХУ, БНСУ-аас ч иргэд тодорхой хувийг эзэлж байна.  Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэйчүүд бий. Тэдгээр иргэдийн 2.1 мянга нь Улаанбаатарт, 1.3 мянга нь Төвийн бүсэд, 0.8 мянга нь Зүүн бүсэд, 0.3 мянга нь Хангайн бүсэд, 0.1 мянга нь Баруун бүсэд ажиллаж байна. Монголд 2019 онд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын, 990 нь боловсролын, 759 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 267 боловс­руулах үйлдвэрлэлийн, 197 нь барилгын, 156 нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 151 нь тээвэр болон агуулахын үйл ажиллагаа, 58 нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа, 56 нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 2000 нь бусад салбарт ажиллаж байна.

-Гэмт хэргийн тоон ста­тис­тик мэдээллийг өгөөч?

-Бүртгэгдсэн гэмт хэрэг 2019 оны арванхоёрдугаар сард 3608 болж, өмнөх оны мөн үеэс 459-өөр буурсан байна. Улсын хэмжээгээр 2019 онд нийт 31.5 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4696-гаар буурчээ. Нийт гэмт хэрэг өмнөх оноос буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4127, хулгайн хэрэг 4456, дээрэм 629, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 869, залилан 684, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 78, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Мөн мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 713, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 123, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 45, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 58, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 104-өөр тус тус өссөн байна.

-Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 онд 2.8 их наяд төгрөг болсон талаар мэдээлж байсан?

-Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 онд 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 419.5 тэрбум төг­рөг буюу 17.5%, зарлага 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 16.8% тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа.