“Пирамид залилан” буюу сүлжээний бизнесээс болж хохирсон иргэдийн тоо аравхан жилийн дотор арав дахин нэмэгдсэн гэвэл та итгэх үү. Харамсалтай боловч бодит үнэн энэ юм. 2008 онд 6000 орчим байсан энэ тоо 2012 онд 10 мянгад хүрч, 2017 онд 25 мянга болж нэмэгдсэн байх жишээтэй. Харин одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны эхний тавхан сарын байдлаар 50 мянга болж огцом өсчээ. Хохирлын хэмжээ нь арван жилийн өмнө хоёр тэрбум төгрөг байсан бол 2018 онд 57 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Энэ тоо бол зөвхөн залилангийн хэргийн нэг төрөл болох сүлжээний бизнесээс үүссэн хохирлын хэмжээ. Хялбар аргаар, гэнэт их мөнгөтэй болох гэсэн монголчуудын туйлын гэнэн сэтгэлгээн дээр сүлжээний бизнес буюу сүлжилдсэн луйвар цэцэглэж байгаа юм. Гунигтай бас өрөвдмөөр биш гэж үү. Бизнес нэртэй залилангийн сүлжээнийхний өгөөш нь хялбар аргаар гэнэт их мөнгөтэй болох “сайхан” санал.
Гэвч зүгээр сууж байгаад ид шидийн мэт баяжина гэдэг зөвхөн үлгэрт л гардаг явдал гэдгийг шинэ зууны монголчууд ойлгох цаг болоогүй байгаа нь дээрх тоон үзүүлэлтээс харагдах биз ээ. Бодит амьдралд үнэгүй хоол зөвхөн хавханд л байдаг юм. Үлгэрт гардаг ид шидэд итгэж, мөнгөний зурагны дор “Аз аз бурзай бурзай” хэмээн бичиж буй монголчууд гадны залилагчдын хараанд өртөж, мянга мянгаараа тэдний өгөөшийг үмхэж, мэхэнд нь унасаар.
Хуруугаа ч хөдөлгөлгүйгээр гэнэт баяжигч болно гэж итгэсэн хөөрхий монголчуудыг хуйгаар нь молиг үмхүүлж, ганцхан жилийн дотор 60 орчим тэрбум төгрөг салхинд хийсэж байх жишээтэй. Ерөөс огт хөдөлмөрлөхгүйгээр мөнгөтэй болох гэсэн мөрөөдөл, итгэл монголчуудад байгаа нь юм бүхнээс харагддаг. Жишээ нь автобусанд картаар зорчдог болоод дөрөв дэх жилдээ орж буй. Гэтэл өнөөдрийг хүртэл үүнийг хэвшил болгох гээд дийлээгүй Нийслэлийн удирдлагууд гэнэт мөнгөтэй болох арга буюу автобусанд картаар үйлчлүүлээд азтан болох аргыг сонгожээ.
Яг л НӨАТ-ын системийг нэвтрүүлэхийн тулд азтан тодруулж буй амжилттай яваа арга шиг. Аяг угаах гэж их сургууль төгсөөгүй хэмээн дипломоо тэврээд хэвтэж буй “оюунлаг” монголчууд мөнгөний зураг шэйрлээд, эсвэл сугалаанд хожоод, үгүй бол бага мөнгө өгөөд их мөнгө авна гэдэгт эргэлзээгүй итгэж, зуу, зуун мянгаараа шавсаар.
Зуу, зуун мянгаараа залилуулсаар. Энэ байдлыг анзаарсан хилийн чанадын луйварчдын сум Монголыг чиглэж, олзтой ч яваа. М.Марат гэх Казахстаны иргэн Монголд ирж, Жи Тайм буюу өгсөн мөнгөө хэд дахин үржүүлж авна гэсэн өгөөшөө шидээд богинохон хугацаанд, 12 мянга орчим иргэнээс 26 тэрбумыг салгаад, алга болж байх жишээтэй. Ирландаас гаралтай “Stamford” гэх сүлжээний бизнес дэлгэрч, 7000 гаруй иргэн 100 гаруй тэрбум төгрөгөөр хохирсныг уншигч та мартаагүй болов уу. Хамгийн харамсалтай нь төрийн албан хаагчид энэ сүлжээнд хүрээллийнхнээ уриалан дуудаж, 18 сая төгрөгийн цалин авсан гэх цуурхал хүртэл тарааж байлаа.
Ямар ч хүн Казахстанаас ирсэн зүс танихгүй нэгнээс илүү хамар хашааныхаа Дулмаагийн үгэнд итгэдэг болохыг сүлжилдсэн луйварчид яахин андах билээ. Ерөөс сүлжээний бизнес нэртэй залилан зөвхөн Монгол Улсад л өдрөөс өдөрт цэцэглэсээр байгаа. Бусад улсуудад зүгээр суугаад гэнэтхэн баяждаг гэдэгт хэн ч итгэдэггүй.
Гэтэл шинэ зууны монголчууд 100 мянган төгрөг өгөөд 300 мянга болгож авдаг бизнесийн зарчим байдагт итгээд зогсохгүй байр машинаа хүртэл барьцаалан байж зээл аваад залилангийн сүлжээнд “бэлэглэж” байна. “Сүлжээний” гэх тодотголтой залилан нь өндөр хүүтэй мөнгө зээлнэ, виз гаргана, үл хөдлөх хөрөнгө “түрээслүүлэх”, “арилжих”, цахим хаягт нь нэвтэрч ойр дотнын хүмүүсээс нь мөнгө зээлэх зэргээр төрөл зүйл өдрөөс өдөрт нэмсээр байгаа юм.
Сүлжээний бизнесээс гадна монголчуудыг эргэлзээгүй итгүүлдэг нэг зүйл нь сугалаа. Энэ аргыг хувийн бизнесээ хөгжүүлэхээс эхлээд төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүртэл ашиглаж буй. Сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед сугалааны бизнес хот хөдөөгүй бужигнуулж байгаа сурагтай. Саяхан л гэхэд Архангай аймгийн Өгийнуур суманд гар утаснаас эхлээд гэр, автомашин зэрэг хөдөөнийхний шуналыг эрхгүй хөдөлгөх бараа ачсан хэсэг бүлэг хүмүүс очжээ. Нэг хүн 600 мянган төгрөг өгснөөр тэдний ачиж яваа зүйлсийг хожих сугалаанд оролцох эрхтэй болох гэнэ.
Гэтэл 600 мянгаар иж бүрэн гэр эсвэл машин хожино хэмээн итгэсэн иргэд зуу зуугаараа сугалаанд оролцсон хэдий ч харамсалтай нь хужаагийн гэгддэг гэрэл асдаг гар утаснаас өөр зүйл хожоогүй аж. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгийн утсыг дугаарлан зогсож байгаад 600 мянгаар авсан гэсэн үг. Энэ бол захын л нэг байдаг жишээ. Гараа хөдөлгөхгүйгээр хялбархнаар мөнгө олох гэсэн шуналаа түр хойш тавьж, яаж гэж асуудаггүй учраас л залилангын хэрэг цэцэглэн хөгжих таатай орчин Монгол Улс болчихоод байгаа юм.
Хууль хяналтын байгууллагаас сүлжээний бизнесийн талаар иргэдэд сэрэмжлүүлж, нүдэн дээр нь олон мянган хүн хохирогч болоод байхад элсээд байдаг нь харчирхалтай. Ерөөс хөдөлмөрлөхгүйгээр мөнгөтэй болох боломж байдаггүй гэдгийг ойлгох цаг болсон баймаар. Тоглоомын дүрэм их энгийн. Та 100 мянган төгрөгөө 300 мянга болгох явцуу бодол тээж ямар нэгэн сүлжээнд элсэхгүй бол тэд хөгжихгүй, бас олон зуун иргэн хохирохгүй. Ердөө л энэ.