ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Эрдэнэдэлгэр: Өнгөрөгч онд 7869 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-21

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Монгол банк, “Монголын банкуудын  холбоо”-той хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал” аяныг  эхлүүлжээ. Аяны талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мөрдөгч,  хошууч Б.Эрдэнэдэлгэрээс тодрууллаа.

-Манай улсад цахим орчинд залилуулах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа. Иргэд юунаас болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог вэ? 

-Цахим гэмт хэрэг манай улсад гарч байгаа хэлбэрийг аваад үзэхэд фэйсбүүк орчинд их байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүний фэйсбүүк нууц кодыг нь олж аваад, найз, нөхөд ойр дотны хүмүүс рүү хандаж мөнгөн тусламж авах замаар залилж байгаа юм. Зарим тохиолдолд бидний нууц үгийг авахаас гадна ойр дотны хүмүүсийн тань интернет банкны эрхийг залилж авах, улмаар гүйлгээ хийж байгааг илрүүлсэн.

-Фэйсбүүкийнхээ нууц кодыг ямар замаар  алддаг юм бол? 

-Цахим орчинд гарч буй ямар нэгэн хэрэггүй мэдээллийг сонирхохгүй, хандалт хийхгүй байх нь зөв. Тухайлбал,  олны танил хүмүүсийн нэрээр сенсаацтай мэдээ гардаг. Гэтэл хүний анхаарлыг татах гэж тавьсан мэдээлэл рүү нэвтрэхэд  давхар  өөр  аккаунтад таны нэвтрэх нэр,  нууц үгийг шаарддаг. Эдгээр чухал  мэдээллээ хийчихэд л шилний цаана байгаа мэт ил болдог.  Фэйсбүүк залилангаас илүү хор уршиг учруулж байгаа цахим гэмт хэргүүд бий. Энэ нь и-мэйл хаягаар ирж байгаа хуурамч мэдээлэлд итгэснээс болдог. И-мэйл хаягаар сугалаанд хожсон мэт, аль нэг өндөр хөгжилтэй орны иргэний өв залгамжлагч болсон тухай эсвэл олон улсын байгууллагын гадаад дахь сургалтад хамруулах талаар мэдээлэл явуулж, урьдчилан зардлын мөнгөө илгээ гэх агуулгатай мэдээлэл илгээж залилдаг. Мөн гадаад худалдааны чиглэлээр ажил­ладаг компаниуд харил­цагч компанийнхаа и-мэйл хаягийн үсэг тоо бүрийг нэг бүрчлэн шал­га­даг­гүйгээс төстэй хаягаар ирсэн данс руу мөнгө шил­жүүлж залилуулдаг.

-Цахим гэмт хэргээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Иргэдэд энэ талаарх мэ­дээ­лэл хүргэхээс гадна,  иргэдийн  дэмжлэгийг авах нь чухал байна. Иргэдийн дэмж­лэгийг авснаар энэ төр­лийн  гэмт хэрэг тодор­хой хэмжээнд буурах боломжтой юм. Хэвлэл мэдээллийн  байгууллагаар дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж, ан­хаарал­тай,   хариуцлагатай болгоё. Хариуцлагатай ханд­санаар залилах гэмт хэр­гийн шинжтэй байна уу, үгүй юу гэдгийг  нягтална. Ингэснээрээ хохирохгүй байх боломжтой гэж үзэж байгаа. Иргэд үйлдлээ нягтлахад  залилангийн гэмт хэрэг багасах боломжтой.

-“Жи-тайм”-тай хол­боо­той асуудал ямар шатанд явж байгаа вэ? 

-Мөрдөн байцаах албан “Жи-тайм” гэх тодотголтой  хэрэгт 2017 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүлжээний хэрэгт оролцсон хүмүүсийн тоо 40 мянга давсан. Үүнээс эрүүгийн хэргээр хохирсон  11 орчим мянган иргэн бий.  Хохирлын нийт хэмжээ 26 тэрбум төгрөгт хүрсэн.  Мөн сүл­жээнд элсээд тодорхой хэм­жээний урамшуулал ав­сан буюу өөрийнхөө төлсөн мөнгөнөөс илүү  хэмжээний мөнгө авсан 1000 орчим  иргэнийг  хариуцагчаар татан,  мөрдөн шалгах ажиллагаа явуул­лаа. Энэ хэрэгт олон мянган хүн хамрагдаж бай­гаа учраас хоёр  жилийн  хуга­цаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн. 2019 оны долдугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын ажил­лагааг дуусгаад про­курорт тус хэргийг шүүхэд шил­жүүлэх саналтай хүр­гүүл­сэн. Прокурорын  бай­гуул­лагаас  нотлох баримт шүүхэд шилжүүлэхэд хангалттай  гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэж шилжүүлдэг. Шүүхийн шийдвэр хохирсон  иргэдийн хохирлыг бараг­дуу­лах зорил­готой учраас хэнд хэдэн төгрөгийн хохирлыг ямар хэм­жээ­гээр, хэнээс гаргуулж оног­дуу­лах вэ гэдгийг шийдвэр тусгах юм.  

-Залилах гэмт хэрэг хэчнээн бүртгэгдэж, хэдэн хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?

-2019 онд нийт 7869 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн.  Эдгээр бүртгэгдсэн тоо баримтнаас гэмт хэргийн шинжгүй иргэний маргаантай, иргэд хоорондоо зээлийн гэрээ байгуулсан  гэх мэт  өмчлөлтэй холбоотой хэргүүдийг шийд­вэр­лээд,  хаасан.   Мөрдөн шалгах ажиллагаа буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэлд 2019 онд 2800 орчим хэрэгт  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татлаа.  2019 онд мөрдөн шалгасан хэргийнхээ 60 орчим хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн тоон мэдээлэл бий. Харин үлдсэн хэргүүдийн хувьд шалгах ажиллагаанаасаа хамаараад 2020 ондоо шийдвэрлэх бүрэн боломжтой.  

-Залилах гэмт хэргийн хохирлыг хэрхэн бараг­дуу­лах вэ? 

-Цагдаагийн байгууллагад хохирол барагдуулах чиг үүрэг байхгүй. Гэхдээ хохирол барагдуулахад зарцуулах мөн­гөн болон бусад эд хөрөн­гийг мөрдөн байцаалтын явцад битүүмжлээд хэргийг прокурорт, прокурор шүүхэд шил­жүүлдэг. Шүүхийн шийд­вэр ямар хугацаанд гарахаас хохирол барагдуулах хуга­цаа хамаарна. Хохирол төлөгдөхгүй байх шалтгаан нь залилах гэмт хэрэг үйлдэж буй хүнтэй холбоотой. Ер нь залиланг өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, мөнгөгүй хүмүүс хийдэг. Өнөөдөр танаас авсан мөнгөө өөр нэг хүнд өрөндөө өгдөг эсвэл аваад л өөр тийш нь шилжүүлээд хөрөнгийг үгүй хийсэн байдаг. Хэн нэгэн хүнд өмч хөрөнгөө шилжүүлж байгаа тохиолдолд таньд эргээд ирэх баталгаа бага. Иргэд хэн нэгэнд өмчөө шилжүүлэх гэрээ хийх бол заавал  өмгөөлөгч, хуульчаас зөвлөгөө ав гэж хэлье. Магадгүй тухайн хүн сэжигтэй санагдвал цагдаагийн байгууллагад  хандан шалгуулах боломжтой.