Дорноговь бол бусад аймагтай харьцуулахад хөгжлийн алтан байршил дээр суурьшсан газар юм. Үүгээр Ази, Европыг холбосон төмөр зам, авто замын сүлжээ дайран өнгөрч Замын-Үүдийн боомтоор улсын бараа эргэлтийн 80 гаруй хувийг дангаар хангаж байгаа. Зам тээвэр, ложистикийн томоохон төв, авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн давуу тал дээр суурилж, Дорноговь цаашдаа аж үйлдвэрийн хот, бүс нутгийн хийгээд Монголын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх боломжтой гэж Засгийн газар судалж үзээд Газрын тос боловсруулах үйлдвэр болон хөндлөн чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд барих томоохон төслийг эхлүүлээд байгаа билээ. Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам барьснаар Сайншанд-Замын-Үүдийн төмөр замтай холбогдож, Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хятадын зах зээлд үнийн өрсөлдөөнт байдлаар олон гарцаар дамжин Ази, Номхон далайн бүсийн орнууд Япон, Солонгос зэрэг гуравдагч зах зээлд нэмүү үнээр уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлж борлуулах боломж бүрдэнэ. Төмөр замын сүлжээг ашиглалтад оруулснаар Таван толгойн нүүрсээс гадна зам дагуух 30 км-ийн тойрогт байгаа бүлэг ордуудыг эргэлтэд оруулж улсын эдийн засгийг тэтгэх, улмаар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэж Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэн юм. Дараагийн том бүтээн байгуулалт нь Сайншандаас зүүн хойш 20 гаруй км давхиад хүрэх Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэр барих ажил. Өнгөрсөн онд эхэлсэн дэд бүтцийн ажил дуусч 27 км төмөр зам, 21.1 хүнд даацын тусгай зориулалтын авто зам, мөн урттай агаарын шугам сүлжээний ажлыг монголчууд гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин үйлдвэр санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой талаар мэргэжилтнүүд онцоллоо. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн бөгөөд энэ оноос эхэлж, үйлдвэрийн барилгын ажил шат дараатай эхлэх аж. Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн номоо бясалгаж, бүтээлээ туурвиж, ард олныг соён гэгээрүүлж байсан түүхэн газар дэлхийн энергийн төв гэгддэг Шамбалын орон, Хамарын хийд, хүслийг гүйцээгч Ханбаян зүрх Хайрхан уулын орчим эдүгээ аялал жуулчлалын томоохон бүс болон хөгжих эхлэл тавигдлаа. Өнгөрсөн оны дундуур эхлүүлсэн Сайншанд-Хамарын хийд-Зүүнбаян чиглэлийн гурван замын уулзвараас Хайрхан уул хүрэх 6.8 автозамын ажил дуусч байна. Зам ашиглалтад орсноор жуулчдын тоо гурваас тав дахин нэмэгдэж аялал жуулчлалаас орох орлого эрс өсөх тооцоог салбарын мэргэжилтнүүд онцолжээ. Дорноговийг зорьсон жуулчид, ажил хэрэгч хүмүүсийн тоо жилийн жилд өссөөр байгаа.Газрын холоос зориод ирсэн зочин гийчнээ угтаж аваад Хамарын хийд, хайрхан уул руугаа давхих нь цөөнгүй. Зам зуур нөгөө хэд маань “Танай Дорноговь томрох нь дээ. Газрын тосны үйлдвэр баригдана нь гээд телевизээр шуугиж байна. Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар танайх руу гүйдэлтэй болсон юм уу. Төрөх эмнэлгээ ашиглалтад оруулсан гэнэ. Олон орон сууцнууд баригдан, зам талбай шинэчлэгдээд өмнө нь ирж байснаас тэс өөр болжээ.
Манай ангийн Батаа Дорноговьд төмөр замд ажиллаж байгаа гээд дээхнэ над руу утасдаж байсан. Төмөр зам, авто зам зэрэг юм юм байна. Танай нутагт нүүгээд ирдэг ч юм уу, хаана боломж байна тэнд амьдрал буцалж байдаг хойно доо” гээд л тас тас хөхөрч, элдвийг хошигнох нь энүүхэнд. Дорноговийн хүн ам сүүлийн жилүүдэд 70 гаруй мянга болж өсчээ. Албан бус суурьшигчдыг оруулбал 90 мянга дөхөх аж. Аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, барилга, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжлөө. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Ирээдүйн хүн амын суурьшил, хөгжил дэвшлийн боломжийг тооцоолж Сайншандын баг бүрт Иргэдийн хөгжлийн нэгдсэн төвийг ашиглалтад оруулан эрүүл мэнд, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж байна. Улс болон бүсийн хэдэн ч уралдаан тэмцээн зэрэг зохион байгуулах боломжтой 1000 хүний багтаамжтай спортын ордон энэ онд ашиглалтад орно. Харин залуус, хүүхэд багачуул, иргэдийн оюуны эрэлт хэрэгцээнд зориулж 3D кино театр барьж дуусчээ. Сумд эхнээсээ төвлөрсөн халаалттай болж эхэллээ. Соёл, спортын заал, танхимыг сумдад олноор барив. Аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд 2017 онд нийт 11.5 тэрбум, 2018 онд 45.7 тэрбум, 2019 онд 102.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 2016 онтой харьцуулахад 3.7 дахин өссөн байх. Шинээр 4654 ажлын байр бий буй болсон бол олборлох үйлдвэрлэлийн орлого нэмэгджээ. Өнгөрсөн онуудад цэцэрлэгийн тоог арваар нэмэгдүүлж, 960 хүүхдийн ахлах сургууль нэг, 320 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулж сургуулийн өмнөх насны боловсролын хүртээмжийг зуун хувьд хүргэн, боловролын салбарт хэдэн зуун саяар нь хөрөнгө оруулсан аж. Байгаль орчны чиглэлээр тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар нутгуудтай давхцалтай байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шат дараатайгаар цуцлуулах бодлого барьж ажилласнаар тусгай зөвшөөрлийн тоог 203-аар бууруулжээ. Гадаад харилцааг өргөтгөн Япон, БНХАУ, БНСУ, Энэтхэг,Турк, Арабын Нэгдсэн Эмират, Франц, Герман, АНУ, Англи зэрэг улстай эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, аялал жуулчлал, төрийн алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байх юм. Албаны ажлаар янз бүрийн л хүмүүстэй уулзаж явна. Дорноговьд буух дараа дараагийн шинэ танил, хөрөнгө оруулагчтай учирч хөгжил дэвшлийн тухай ярихыг хүснэ. Хөгжлийн хүрд Дорноговь руу эргэсний учир ийм буй.
Х.Эрдэнэбулган